"Бусад хүн намайг юу гэх бол гэсэн АЙДСААС ЯАЖ САЛАХ вэ?"


ССҮТөв | YOLO.MN
2016-08-17

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Намайг юу гэж хэлэх бол гэсэн айдсаас яаж салах вэ?

Сайн байна уу.

Би өмнө нь бас зөвлөгөө авч байсан. Надад үнэхээр хэрэг болсон шүү маш их баярласан. Одооноос мөрөөдөлтэй бас зорилготой болж тэрнийхээ төлөө өөртэйгөө тэмцэхээр шийдсэн. Гэвч бас нэг асуулт байна. Яаж бусдын намайг юу гэж хэлэх бол гэсэн айдсаас салах вэ? Энэ тал дээр зөвлөгөө өгөөч. smiley
Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Өөр рүүгээ өнгий! wink

Чи хэн бэ? Чи юунд дуртай вэ? Чи өөрийгөө жаргалтай болгох зүйлсээ өдөр тутамдаа хийж чадаж байна уу? Чиний цаг хугацаа хэний төлөө өдөр бүр урсаж байна вэ? гэдгийг тунгаагаарай.

Сайн байна уу,

Бусад хүний бодол чиний хувьд их чухал байгаа нь чамайг өөртөө итгэл султай, шийдвэр гаргах чадвар төдийлөн сайн биш, хамгийн чухал нь өөрийгөө хэн бэ гэдгийг төдийлөн тодорхой болгож чадаагүй байгаатай холбоотой байж болох юм.

Мэдээж эргэн тойрны хүмүүстэйгээ эв зүйтэй харилцахын тулд зарим тохиолдолд хүсээгүй зүйлээ хэлж хийх хэрэг гарах л болно. Гэхдээ энэ нь яваа яваандаа чиний өөрийн үнэ цэнийг, чамд л зөвхөн байдаг онцлогийг үгүй хийж эхэлбэл энэ нь сайхан ааш биш харин ч өөрийгөө үгүйсгэж буй хэрэг юм шүү. Бусдад таалагдах гэж, тэдэнд сайн харагдах гэж явсаар нэг л мэдэхэд өөрөө ямар ч жаргалгүй болчихсон явж байх үе ч бий. Тиймээс сайн анхаараарай, чиний амьдралд чи чухал болохоос хөндлөнгийн хүмүүс огт хамааралгүй гэдгийг. Чиний амьдралдаа хийх бүхий л зүйлс чамд зориулагдсан, чамайг жаргалтай болгох, чиний төлөө, сэтгэл ханамж аз жаргалын чинь төлөө байх ёстой болохоос бус хэн нэгнийг баясгах, хэн нэгэнд сайхан харагдахын тулд биш юм шүү.

Тэгэхээр ӨӨР РҮҮГЭЭ ӨНГИЙ. Чи хэн бэ? Чи юунд дуртай вэ? Чи өөрийгөө жаргалтай болгох зүйлсээ өдөр тутамдаа хийж чадаж байна уу? Чиний цаг хугацаа хэний төлөө өдөр бүр урсаж байна вэ?

 

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн 
сэтгэл судлаач И.Тогтуун

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Найз #Friend