ЗАХИДАЛ: Ижил хүйстэндээ татагддаг гэдгээ өнгөрсөн жил мэдэж авсан


ССҮТөв | YOLO.MN
2018-11-20

mail  Yolo.mn сайтын редакц нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ижил хүйстэндээ татагддаг гэдгээ өнгөрсөн жил мэдэж авсан

Сайн байна уу? Юун түрүүнд өсвөр үеийн хүүхдүүд бидэнд чин сэтгэлээсээ тус хүргэж байгаад үнэхээр их баярлалаа. Танайд ирсэн олон захидлуудыг уншиж, өгсөн зөвлөгөөг нь хараад би ч бас өөрийн асуудлаа илгээхээр шийдсэн юм л даа.

Хэлэхэд жаахан хэцүү ч надад үнэхээр тусламж хэрэгтэй байна. Би одоо сарын дараа гэхэд арван зургаа хүрнэ. Би эмэгтэй хүүхэд л дээ. Гэсэн ч жилийн өмнөөс надад эрэгтэй хүүхэд гэхээс илүүтэй эмэгтэй хүүхэд таалагдаж эхэлсэн. Бүр яг ч зуун хувь дан эмэгтэй биш л дээ. Эрэгтэй хүүхдүүд таалагддаг ч одоогийн байдлаар бол нэг их онц санагдахгүй байна. Би үүний талаар дээр судалж үзсэн. Шилжилтийн насны хүүхдүүдэд иймэрхүү зүйлс заримдаа тохиодог гэсэн байсан. Арван зургаа хүрсний дараа зүгээр болно гэж байх болов уу? Өөр шигээ хүүхдүүдийн талаар ч мөн сонирхож үзсэн. Монголд цөөнгүй байдаг юм билээ, бүр LGBT холбоо ч байдаг гэсэн. Тэдгээр хүүхдүүдийг, мөн насанд хүрэгчдийг харахад үүнээсээ ичдэггүй, их зоригтой харагдсан. Гэхдээ би тийм байж чадахгүй нь. Надад энэ минь нэг талаараа их тухгүй, хачин санагдуулж байна.

Бас саяхан энэ талаар хамгийн сайн найзууддаа хэлэхэд тэд бодож байснаас минь эсрэгээр хүлээж авсан, үнэхээр эерэгээр. Сэтгэл минь жаахан ч гэсэн дээрдсэн.

Дээр дурдсанчлан өөрийгөө ижил хүйстэндээ татагддаг гэдгээ өнгөрсөн жил мэдэж авсан. Надаас хоёр насаар эгч байсан юм. Надаас намхан, эгдүүтэй, харах тоолонд л тэврээд авчихмаар санагддаг байсан. Нуулгүй хэлэхэд бид үерхсэн л дээ. Гэхдээ хоёр сарын дараа, бараг л өнгөрсөн жилийн өдийд л салсан. Яагаад салсан бэ гэхээр надад хэлэхдээ зүгээр л эмэгтэй хүнтэй үерхэж үзмээр байсан юм гэсэн. Би тэр үед маш их гомдож, бүтэн сар гаруй их хэцүүхэн байдалтай явсан ч тэгээд л мартчихсан.

Дараа нь сайн найз маань надад нэг л өөр санагддаг болчихсон. Өвдөөд хичээлдээ ирээгүй үед нь урьдынхаасаа ч илүү санаа зовж, ангид ороод ирэх үед цаанаасаа л баяр хөөртэй болчихдог байсан ч өөрийгөө хорьсоор байгаад хүчээр арай хийж болиулсан. Ер сайн найздаа дурлах нь надад их ичгэвтэр, тэнэг санагдаж байсан юм. Тэгээд тэр үеэс хойш охид онц санагдахаа больж өөр хүнд татагдаагүй, сайн ч болоогүй.

Тэгээд ашгүй өөрийгөө өөрчлөгдөөд, хэвийн болчихож гэж бодсон ч энэ жил доод ангид нэг охин шилжиж ирсэн юм л даа. Эрэгтэй хүүхэд шиг стильтэй. Ер нь хальт хараад өнгөрсөн хүмүүс эрэгтэй хүүхэд л гэж бодогдохоор охин. Би анх эрэгтэй хүүхэд гэж бодоод яасан хөөрхөн хүүхэд вэ гэж дотроо бодож явдаг байсан. Тэгээд есөн сарын дундуур нэг найз маань эмэгтэй гэдгийг нь хэлсэн л дээ. Гол нь эмэгтэй гэдгийг нь мэдсээр байж нэг л мэдэхэд татагдчихсан. Ганц ч харьцаж үзээгүй хэр нь сургуулийн коридорт таарах болгонд өөрийн эрхгүй инээмсэглэмээр санагдаад, харагдахгүй болтол араас нь ширтэж зогсдог. Тэгсээр байгаад одоо бараг сар болох гэж байна. Энэ долоо хоногт тэр охинтой маш олон удаа таарч байгаа, над руу хальт хараад өнгөрөхөд нь л догдлоод, сэтгэл санаа муу байсан ч тэр охиныг олоод харчихвал өөрийн эрхгүй инээмсэглээд бүх зүйл зүгээр болчихдог. Одоо ч үүнийг бичихдээ инээмсэглэчихсэн, гэдэс дотор хачин ч сайхан мэдрэмж мэдрэгдээд сууж байна. Ижил хүйстэн минь надад таалагдаж байгааг ер зогсоож чадахгүй, бие барьж дийлэхгүй юм. Заримдаа над руу нэг ч хараагүй хэр нь хажуугаар зөрөхөд нь амьсгаагаа яагаад ч юм түгжээд. Бас миний санааг ихээр зовоож байгаа зүйлийн нэг нь тэр ижил хүйстнээ сонирхдоггүй гэсэн бодол байна. Монголд ийм хүмүүс тийм ч элбэг биш шүү дээ. Дээрээс нь тэр надаас дүү. Ийм хүнд сайн болчихсоноороо өөрийгөө л өвтгөх юм шиг санагдаж байна даа...

Гэхдээ хааяа даа өөрөөсөө их ичдэг. Бие минь хоёр хэсэг хуваагдаад, нэг тал нь ижил хүйстнээ сонирхоод нөгөө тал нь үүндээ уурлаж, тэр талаасаа ичиж, санаа зовж байгаа юм шиг л санагдаж, мэдрэгдэж байна. Яг хоёр өөр хүн тэрсэлдээд байгаа юм шиг.

Эцэг эхдээ хэлбэл тэд бараг л намайг гэрээсээ хөөнө байх. Санамсаргүй ярианаас нь эцэг эхээ ижил хүйстнээ сонирхдог хүмүүст үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддагийг олоод мэдчихсэн. Тийм болохоор ярилцаж, зөвлөлдөх хүнгүй надад үнэхээр хэцүү байна. Найзуудтайгаа юу ч ярих вэ дээ. Тэд над шиг асуудалгүйгээс хойш намайг яагаад ч ойлгохгүй шүү дээ. Ер нь тэд надад юу ч зөвлөх юм, би хүртэл өөрийгөө яг яах гээд байгаад бүрэн дүүрэн ойлгохгүй байна шүү дээ.

Асуудлыг минь ойлгож, надаас жигшихгүй байх гэж найдаж байна. Таныг надад тус болох зөвлөгөөг өгнө гэж найдаж байна. Баярлалаа.

ЗӨВЛӨГӨӨ: Хамгийн чухал нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх

Сайн байна уу? Захиа очих өдрийн мэнд хүргэе! Бидэнд хандан захиа илгээсэнд баярлалаа. Юун түрүүнд хэлэхэд эмэгтэй хүн ижил хүйстнээ сонирхох нь хэвийн зүйл гэдгийг хэлмээр байна. Чи нэг л өөрийгөө буруу зүйл хийгээд байх шиг, бусдаас өөр юм шиг мэдэрч байгаа болохоор өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа байх. Мэдээж чиний хэлдгээр тийм ч элбэг зүйл биш болохоор чамд тэгж санагдах нь аргагүй шүү дээ, ойлгож байна. Гэхдээ өөрийгөө хүлээн зөвшөөрөөд, өөртөө дуртай болчих юм бол одоо тулгарч буй асуудлууд тийм ч хэцүү санагдахаа болих өндөр магадлалтай. Гэхдээ яаж...? 

Хамгийн эхэнд хэлсэн шүү дээ, ижил хүйстнээ сонирхох нь ямар нэг эмгэг, эсвэл гэмт хэрэг биш учраас хэвийн зүйл. Эсрэг, эсвэл ижил хүйстнээ сонирхох нь байгалиасаа, хүн төрөхөд нь цаанаас нь заяагдсан байдаг. Хамгийн чухал зүйл нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөртөө дурлах юм. 

ХЭРХЭН ӨӨРТӨӨ ДУРЛАХ ВЭ? 

1. Шинжээчдийн тооцоолсноор дэлхий дээрх 10 хүн тутмын нэг нь лесли эсвэл гей байж магадгүй гэж үзсэн бөгөөд түүхийн алдартай олон эмэгтэйчүүд лесли байсан. Тэдгээр хүмүүсийн хэрхэн өөрийгөө олж нээсэн, хэрхэн өөрийгөө хүлээн зөвшөөрсөн зэрэг амьдралын түүхийг нь уншиж урам авч, магадгүй чамд таалагдвал туршиж үзэж болох юм.

2. Ижил хүйстнээ сонирхдог хүний тухай юм уу, холбогдолтой ном уншиж байгаарай. Илүү их зүйлийг олж нээх боломжтой.

3. Өдөр бүр өөртөө би ижил хүйстнээ сонирхдог. Энэ нь надад таалагддаг гэж хэлж байгаарай.

4. Найзууд чинь ойлгож байвал маш сайн хэрэг. Тэд нар надтай адилхан асуудалгүй юм чинь гэж бодож болох ч чамд ярилцах, чамайг сонсох хүн хэрэгтэй. Тиймээс итгэж болох, хүлээн зөвшөөрдөг найздаа ярьж байгаарай.

5. Хэрвээ хүсвэл чамтай ижил сонирхолтой бүлэг хүмүүстэй уулзаарай. Чамд тайван, хамгаалагдсан мэдрэмж төрөх магадлалтай юм. Чамд амжилт хүсье! Үр дүнгээ хуваалцаад бидэнтэй эргэн холбогдоорой.

Сэтгэл Судлалын Үндэсний Төв

Туслах сэтгэл судлаач

Г.Отгонцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж   цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. 

 

#Love, #Letter