Үлгэрийн мэт ҮЗЭСГЭЛЭНТ 10 ГАЗАР


Заяц | YOLO.MN
2018-05-31

"Дэлхийг ном гэж үзвэл аялж үзээгүй хүн уг номны ганцхан хуудсыг уншсантай адил” гэдэг мэргэн үг байдаг. Манай дэлхий үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй, сонин хачин газруудаар баялаг бөгөөд аялахыг хүсдэг, төлөвлөж байгаа хүмүүст доорх газруудыг танилцуулж байна. yes

1. Суваргын хот Баган (Bagan, Myanmar)

Мьянмар улсын эртний нийслэл Баган хотод 2000 гаруй буддын сүм хийд болон суварга байдаг. Баган хуурай бүст оршдог учраас энд Мьянмарын бусад газруудыг бодвол хур тунадас харьцангуй бага. Баган хотын эдийн засаг бүхэлдээ аялал жуулчлалд суурилсан. Жуулчид Баган хотыг бүхэлд нь АГААРЫН БӨМБӨЛӨГ ДЭЭРЭЭС ХАРЖ БОЛНО. Мөн морин тэрэг, дугуй, такси, цахилгаан дугуй эсвэл цахилгаан скутер түрээслэн хоттой танилцах боломжтой.

2.  Солонгон бялуу шиг Жанъе Данься (Zhangya Danxia, China)

БНХАУ-ын Ганьсу мужийн Жанъе хотын дэргэд орших Жанъе Данься Үндэсний Геологийн Хүрээлэн олон янзын өнгө алагласан хад асгаараа алдартай бөгөөд 2010 онд ЮНЕСКО-н Дэлхийн өвд бүртгэгджээ. Эдгээр өнгө өнгийн уул хад нь 24 сая жилийн турш улаан элсэн чулуу болон бусад эрдэс бодисууд бие бие дээрээ давхарлан үлдэж, салхи, бороо, цаг хугацааны хэрээр үүссэн байгалийн тогтоц юм. Ийм ч учраас эдгээр хаднууд олон давхар СОЛОНГОН БЯЛУУ ШИГ харагдаж ер бусын хэлбэртэй байдаг аж. Жуулчид хүрээлэн дотуур тусгай автобусаар зорчдог байна.
 

3. Агаар дээр тогтсон мэт Метеорын хийдүүд (Meteora, Greece)

Грекийн томоохон хийдийн цогцолборуудын нэг Метеор нь байршлаараа бусдаас онцгой юм. Тодруулбал эдгээр хийдүүд чулуун багана мэт хэлбэртэй хаднуудын орой дээр байрладаг. Зарим хад нь өндрөөрөө 600 м хүрэх бөгөөд  60 сая жилийн өмнө үүсчээ. Өмнө нь далайн ёроол байсан энэ газарт ус, салхи, цаг агаарын өөрчлөлтийн улмаас ийм аварга том багана мэт хад асга бий болсон нь Метеор буюу грек хэлнээс орчуулбал “АГААР ДЭЭР ТОГТСОН” гэсэн утгатай нэртэй болжээ.

 

4. Дэлхийн хамгийн том толь Уюнигийн ширгэсэн давст нуур ( Salar de Uyuni, Bolivia)

Боливийн баруун өмнө орших  дэлхийн хамгийн том ширгэсэн давст нуур юм. Түүний талбай 10 588 км2 юм. Борооны улирлын үеэр уг ширгэсэн нуурын гадаргуу дээр тогтсон ус дэлхийн хамгийн том толь болж хувирдаг. 10 тэрбум тонны давсны нөөцтэй энэхүү нууран дээр ДАВСААР БАРЬСАН ЗОЧИД БУУДАЛд бууж болох юм. Бараг тэв тэгшхэн гадаргуутай гэж хэлж болохоор энэ нууран дээр тэнгэр газрын зааг хаана байгааг хэлэх хэцүү.

 

5. Ли мөрөн (Li River, China)

83 км үргэлжлэх Ли мөрөн нь БНХАУ-ын өмнөд хэсэгт орших Гуанси мужид урсдаг. Ли мөрөн эрт дээр үеэс дорнын гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болж ирсэн бөгөөд хятадын зохиолч яруу найрагч, зураачдын уран бүтээлийн гол сэдэв болсоор иржээ. Хэдэн арван километр үргэлжлэх Ли мөрөнг тойрсон уул хад, ургамал ногоо зэрэг нь зурсан мэт үзэсгэлэнтэй харагдана. Байгалийн энэ үзэсгэлэнт газрыг үзэхээр мянга мянган жуулчид ирдэг бөгөөд Ли мөрөнг жуулчид болон зурагчдын ДИВААЖИН ГЭЖ НЭРЛЭДЭГ. Энд ирсэн ихэнх жуулчид Ли мөрнөөр усан онгоцоор зугаалдаг юм байна.

 

6. Йосемити Үндэсний Хүрээлэн (Yosemite Valley, USA)

Талбай нь 3000 гаруй км2 эзэлдэг энэхүү хүрээлэн нь АНУ-ын Калифорния мужид байдаг. 1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн уг хүрээлэн нь боржин чулуун хад, хүрхрээ, цэнгэг устай гол мөрөн, үлэмж том моддоороо алдартай. Йосемитигийн газар нутгийн 89% зэрлэг байгалийн бүст ордог. Жуулчид энд өөрсдийн автомашинтайгаа ирж гэр бүлээрээ амардаг. Энд дугуй унаж, ууланд авирч, усан завь жолоодож, зураг авч, оддыг дурандах гэх мэт олон янзаар цагийг зугаатай өнгөрөөж болно.

7. Виктория хүрхрээ (Victoria falls, Zimbabwe)

Дэлхийн хамгийн том хүрхрээ болох Виктория нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт газар юм. Замбия болон Зимбабве хоёр улсыг заагладаг Замбези гол дээр оршдог Виктория хүрхрээний гол руу унах усны чимээ 40 км-ын цаанаас сонсогдож, усан дээр 400м өндөрт тогтсон манан 50 км цаанаас харагддаг гэж байгаа. Энд усан онгоцоор зугаалах, загасчлах, гольф тоглох, сафари аялал хийх, заан унах гэх мэт жуулчдад зориулсан маш олон төрлийн зугаа байхаас гадна экстримд аялалд дуртай хүмүүст зориулсан 111м-с тусгай бэхэлгээтэй чөлөөт үсрэлт хийх (bungee jump), салаар эсвэл хөнгөн завиар гол гатлах, маш өндөрт хоёр эргийн хооронд татсан троссоор дамжин буух (zip line), өндөр хавцлаас үсэрч агаар дээр савлах (gorge swing) зэрэг зугаатай үйлчилгээнүүд байдаг.

 

8. Кёкенхоф (Keukenhof, Holland)

Нидерландын Вант улсын Лиссе хотод байрлах хааны цэцэрлэгт хүрээлэн Кёкенхоф нь 32 га талбайг эзэлдэг. Энд 7 сая булцуут цэцэг ургадгаас 4.5 сая нь алтанзул цэцэг юм.  Цэцэрлэгт хүрээлэн хавар 3-р сарын сүүлээс 5-р сарын сүүл хүртэл жуулчдад нээлттэй бөгөөд алтанзул цэцгийн талбайг үзэх гэсэн хүмүүс 4-р сарын дундуур ирэхэд тохиромжтой. Алтанзул цэцэг дэлбээлж цэцгийн талбай солонгын долоон өнгөөр чимсэн байгаа нь ямар ч хүнийг алмайруулах болно.

 

9. Шохойн чулуут Ха Лонг Булан (Ha Long Bay, Vietnam)

Вьетнам улсын хойно оршдог, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн үзэсгэлэнт газруудын нэг юм. Ха Лонг булан нийт 1553 км2 талбайг эзлэх ба энд далайн эргээр тарсан хэлбэр хэмжээгээрээ ялгаатай 2000-аад шохойн чулуун цохионууд байдаг. Цохио болгоны орой дээр ургамал ногоо ургасан байгаа нь жижиг арал мэт санагдана. Зарим хадан цохионууд нь дотроо агуйтай байдаг. Жуулчид эдгээр цохионуудыг сүлжин усан онгоцоор зугаалж болох бөгөөд зарим нэг агуйд нь орж үзэж ч болдог байна.

 

10. Бурхдын гэр буюу Рорайма уул (Mount Roraima, Venezuela)

Венесуэл, Бразил, Гайана зэрэг 3 улсын хил дээр оршдог Рорайма уул нь хавтгай оройт уул (тепуи) юм. Уугуул иргэдийн хэлнээс орчуулбал Тепуи гэдэг нь “бурхдын гэр” гэсэн утгатай. Рорайма уул нь хоёр тэрбум жилийн өмнө үүссэн, манай дэлхийн хамгийн эртний уулсын нэг юм. Тийм ч учраас энд байдаг шавьж, ургамал амьтад дэлхийн хаана ч байдаггүй, зарим нь бүр үлэг гүрвэл үүсэхээс ч өмнө үүссэн гэдэг. 14км урт 2772м өндөр тус уул бүх талаараа өндөр хавцлуудаар хүрээлэгдсэн байдаг. Венесуэлийн талаас Рорайма руу авирахад илүү хялбар байдаг ч уулын орой дээр гарахад багадаа хоёр өдөр болдог байна.

 

#world #nature #байгаль #beautiful