"Бид тэтгэлэг авч чадна" арга хэмжээ боллоо


Х.Арысхан | YOLO.MN
2017-09-19

Yolo.mn сайт уншигч залууст зориулсан арга хэмжээнүүдийн талаар мэдээ бэлтгэн, сурвалжлагыг хүргэдэг билээ. Энэ удаад бид ЕБС-ийн сурагчдын хамтран байгуулсан "We Can Do" төрийн бус байгууллагын 3 дахь үйл ажиллагаа буюу "Бид тэтгэлэг авч чадна" гэх уулзалт, лекцийг онцолж байна.

Энэхүү арга хэмжээ нь 2017 оны есдүгээр сарын 16-ны өдөр 09 цагаас 16 цаг 20минутын хооронд болж өнгөрсөн ба эхний хэсэгт тэтгэлэг авахаар зорьж, бэлдэж буй 2 илтгэгч, гадаадад суралцаж байгаа 2 оюутан үзэгчдэд өөрсдийн туршлага, мэдлэгээсээ хуваалцсан юм. Харин 2-р хэсэгт Америк болон бусад орнуудын шилдэг их дээд сургуульд суралцах тэтгэлгийг хүртсэн болон төгссөн 4 илтгэгч үзэгчдэд зөвлөгөө өгч, асуулт хариулт маягаар үргэлжилсэн юм.

Сонирхуулахад арга хэмжээг эхлэхээс өмнө Улаанбаатар Чуулгын Иргэний танхимд цугласан үзэгчдэд Узелийн өрөөнөөс зохион байгуулагчдын багийнхны We Can Do гэх уриагаа хэлж байгаа нь сонсогдсон юм. Үнэхээр ч сэтгэл, хөдөлмөр шингэсэн энэ үйл ажиллагааны зохион байгуулагчдаас хүртэл бидэнд ая дууны мэндчилгээг хүргэсэн юм. Ингээд та бүхэнд илтгэгчдийг болон үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах болсон талаар танилцуулъя.

Илтгэгч:
11-р сургуулийн 12б ангийн сурагч Улсын физикийн олимпиадын хүрэл,Улсын математикийн олимпиадын хүрэл мөнгөн медальт Зундуйн Чингис-Од

Тэрээр энэхүү өдөрлөгт "Хязгааргүй Боломж" буюу өөртөө байгаа бүхий л бололцоо, нөөц боломжуудыг хэрхэн ашиглах, судлах талаар зөвлөгөө өгсөн юм.


 

 


Илтгэгч:
МБ Паркийн харьяа ахлах сургуулийн сурагч, энэхүү үйл ажиллагааны зохион байгуулагч, Complex сургалтын төвийн сургагч багш Ариунжаргалын Аминцог

Илтгэлийн сэдэв: Япон улсын засгийн газрын тэтгэлэг

 

 

 

 


Илтгэгч:
Испани улс, Барселоны Урлагийн Их Сургуулийн Оюутан Билгүүний Ану-Үжин

"Хамгийн Хөөрхөн Охин" УСК-ны гол дүрд тоглох гэж урилгаар Монголд хүрэлцэн ирсэн байгаа бөгөөд манай үйл ажиллагаанд Испани болон Европын орнуудад суралцах талаар зөвлөгөө өгсөн юм.

 

 

 


Илтгэгч:
Ганбаатарын Батхуяг

Тэрээр энэ жил АШУИС-ыг шилдэг оюутан цолтойгоор төгссөн ба үргэлжлүүлэн АНУ-ын Колумбиагийн Их Сургуульд анагаах ухааны МАГИСТР -ын чиглэлээр суралцахаар болжээ. Тэрээр тухайн сургуулиасаа 60.000$ -ийн тэтгэлэг авсан ба үүнд нь сургалтын төлбөр, байр, хоол, амьжиргааны зардал гээд бүхий л зүйл багтсан байна.

"Өөртөө тохирох мэргэжлээ сонгон, түүндээ дурлаж, түүгээрээ амьдрах нь амжилтын үндэс" хэмээдэг Г.Батхуяг маань манай өдөрлөг дээр "Англи хэлийг бүрэн төгс эзэмшихийн ач холбогдол" гэх сэдвээр халуун дотно яриа өрнүүллээ.


Хэсэг 2. Илтгэгч:
Х.Идэр
МонголДархлаа төслийн санаачлагч, ETV телевизийн хөтлөгч Х. Идэр энэ удаа "Нийгмийн идэвх санаачилга болон хичээлээс гадуурх ажил" сэдвийн хүрээнд өөрийн амжилт, туршлагаасаа хуваалцлаа.

Тэрээр АНУ-ын 7 их сургуульд тэнцсэн бөгөөд мөн Niagara University -д 100% -ийн тэтгэлэгтэйгээр суралцах эрхийн эзэн болсон. Гэвч улам илүүг эрэлхийлэн удахгүй Австрали улсад тэтгэлэгтэйгээр суралцах гэж байгаа бөгөөд түүний явахаасаа өмнөх сүүлчийн илтгэлүүдийн нэг юм.

Тун удахгүй Монгол Дархлаа төслийн хүрээнд "Мөрөөдөлд хүрэх зам" хэмээх маш том боловсролын экспог We Can Do-ийн хамт олонтой хамтран удирдан зохион байгуулахаар ажиллаж буй амжилттай залуу юм.


Илтгэгч:
"DASH" сургалтын төвийн үүсгэн байгуулагч Тулгын Мөнхгал

Үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирж "Хэрхэн амжилттай эссе бичих" талаар зөвлөгөө өгсөн юм.

 

 

 

 


Илтгэгч:
Бат-Эрдэнийн Идэр-Од

Тэрээр маш инновацилаг хүн бөгөөд залууст үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө хэрхэн нээж гайхалтай өөрчлөлтийг хийх талаар "Бид гайхалтай өөрчлөлт хийж чадна" сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлсэн юм.

 

 

 


Илтгэгч:  Батдаваагийн Төгөлдөр

Тэрээр "АНУ-ын боловсролын тогтолцоо болон их сургуулиудаас хэрхэн сайн хөнгөлөлт буюу /Financial Aid/ авах" талаар бидэнтэй халуун дотно яриа өрнүүллээ.

 

 

 

 

 



"We Can Do" үйл ажиллагааны зохион байгуулагчдын нэг болох Б.Нурсауле-тэй ярилцсан хэсэгхэн яриаг хүргэе.

YOLOСайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах санааг хэрхэн олсон бэ?
- Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зохион байгуулагчдын баг буюу бид бүгд гадаадад суралцах зорилготой, гадуур зохион байгуулагддаг лекцүүд хүн бүрийн асуултад таарсан тодорхой хариултыг тэр бүр өгч чаддаггүй. Тийм учраас бид өөрсөдтэйгээ ижил хүсэл зорилготой, сурах эрмэлзэлтэй ах эгч, дүү нартаа хэрэгтэй мэдлэг мэдээллээ олж аваасай гэсэн үүднээс цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулж эхэлсэн.

YOLOАливаа зүйл хоёр талтай байдаг шүү дээ. Жишээ нь та бүхнийг дэмжиж байгаа нэг хэсэг байхад, нөгөө хэсэг нь шүүмжлэх зэрэг хариу үйлдэл гаргадаг байх. Ийм тохиолдол хэр их байдаг вэ, аль нь илүү давуу байна?
- Биднийг анх ажлаа эхэлж байхад 10 жилийн хүүхдүүд ийм юм хийгээд нэг их хол явахгүй дээ, цаг, мөнгөний гарз болно гэсэн шүүмжлэл, яриа гарсан. Гэхдээ эхний үйл ажиллагаа маань амжилттай болж өндөрлөсний дараа хүмүүсийн бодол өөрчлөгдөж эхэлсэн дээ.

YOLO: Илтгэгчдээ та бүхэн ямар шалгуураар сонгож байгаа вэ?
- Бусдад яг одоо цагт ямар зөвлөгөө хэрэгтэй байна вэ? энэ зөвлөгөөг нь хэн өгч чадах вэ гэсэн асуултад хариулсны үндсэн дээр бид илтгэгчдээ сонгодог. Бас нэг зүйл гэвэл олны өмнө илтгэл хэлэлцүүлэг хийж байгаагүй, олонд танигдаагүй ч маш мундаг хүмүүсийн үзэл бодлыг үзэгчдэд хүргэхийг хичээдэг.

Шинэ зүйлийг эхлүүлнэ гэдэг, түүнийгээ цааш нь хөгжүүлэн байр сууриа олж, нийгэмд тус болохуйц болгоно гэдэг тухай хувь хүнээс, хамт олноос цаг зав, хөлс хүч ихээр шаарддаг билээ. Зөвхөн өөрсдийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө хичээгээд зогсохгүй үеийнхэндээ үлгэр дууриалал болж яваа эдгээр залуустаа цаашдынх нь ажил хөдөлмөр, сурлагад нь өндрөөс өндөр амжил хүсье. Та бүхэн дараагийн арга хэмжээнд оролцохыг хүсвэл 10 сард зохион байгуулагдана гэдгийг дуулгахад таатай байна.

#WeCando #Scholarship #Mongolia #Student