

Ухаалаг утас, хиймэл оюун ухаан, утасгүй төхөөрөмж, цахим ном, хөгжмийн стриймингийн эрин үед амьдарч буй Gen Z буюу залуусын шинэ үе сүүлийн үед бидний “хуучирсан” гэж бодож байсан зүйлсийг дахин хэрэглэж эхэлжээ.
Утастай чихэвч зүүх, 2000-аад оны авсаархан дижитал камераар зураг авах, цаасан ном унших, пянз сонсох, энгийн бугуйн цаг зүүх, шатар болон ширээний тоглоом тоглох зэрэг нь залуусын дунд дахин түгээмэл болж байна.
Гаднаас нь харахад энэ нь өнгөрсөн үеийн зүйлсийг зүгээр л дахин моодонд оруулж байгаа мэт. Гэвч цаана нь технологиос татгалзах бус, хэт цахимжсан амьдралын дунд бодит, удаан, гар хүрч мэдрэх зүйлсийг эрэлхийлэх хандлага нөлөөлж байгаа гэж үзэж байна.
УТАСТАЙ ЧИХЭВЧ ДАХИН ЭРЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Утасгүй чихэвч өдөр тутмын хэрэглээ болсон энэ үед утастай чихэвчийг дахин зүүх болсон нь анзаарагдахуйц өөрчлөлтүүдийн нэг.
Утастай чихэвч нь цэнэглэх шаардлагагүй, харьцангуй хямд, холболтын асуудал бага зэрэг энгийн давуу талтай. Гэхдээ залуусын хувьд үүгээр зогсохгүй 2000-аад оны хэв маяг, тухайн үеийн дурсамжийг санагдуулах нь чухал болжээ.
Түүнчлэн утасгүй төхөөрөмжүүдийн дунд утастай чихэвч өөрийн гэсэн ялгарах хэв маягийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл өмнө нь хоцрогдсон мэт санагддаг байсан зүйл өнөөдөр өөр сонголт болж хувирчээ.
УХААЛАГ УТАСНЫ ОРОНД ЖИЖИГ ДИЖИТАЛ КАМЕР
Сүүлийн жилүүдэд хуучны авсаархан дижитал камер залуусын анхаарлыг ихээр татах болсон.
Ухаалаг утасны камерын чанар жил ирэх тусам сайжирч, тусдаа камер авч явах шаардлагагүй болсон мэт санагдсан ч 2000-аад оны жижиг дижитал камерууд дахин эрэлттэй болж байна.
Тэдгээр камерын зураг орчин үеийн ухаалаг утасны зураг шиг хэт тод, төгс боловсруулсан байдаггүй. Заримдаа бага зэрэг бүдэг, гэрэл нь хүчтэй, дүрсний чанар нь төгс бус байдаг нь харин ч залуусын сонирхлыг татаж байна.
Учир нь ийм зураг илүү байгалийн, тухайн мөчийг шууд хадгалсан мэт санагддаг. Мөн зураг авсны дараа шууд засварлах, шүүлтүүр ашиглах, олон хувилбараас сонгох боломж хязгаарлагдмал байдаг нь тухайн мөчийг илүү онцгой болгодог байна.
2025 оны эхний хагаст суурилуулсан линзтэй камерын нийлүүлэлт нэг саяас давсан нь энэ төрлийн төхөөрөмжийн сонирхол дахин нэмэгдэж байгааг харуулжээ.

ЦААСАН НОМ ДЭЛГЭЦИЙН ХЭРЭГЛЭЭНЭЭС ТҮР ХОЛДУУЛАХ БОЛЖЭЭ
Өдөр тутамдаа утас, компьютер болон бусад дэлгэц ашигладаг Gen Z-ийн хувьд цаасан ном дахин үнэ цэнтэй болж байна.
Цахим номыг хэдхэн секундын дотор татаж авч, утсаараа хэдэн зуун ном хадгалах боломжтой болсон ч олон залуу цаасан ном уншихыг илүүд үзэх болжээ.
Цаасан номын нэг том давуу тал нь уншиж байх үед мессеж, мэдэгдэл болон сошиал сүлжээ анхаарал сарниулахгүй. Тиймээс ном унших нь зөвхөн мэдээлэл авах бус, дэлгэцээс хэсэг хугацаанд холдох арга болж байна.
Өөрөөр хэлбэл бүх зүйл цахим болсон үед цаасан ном өөрөө технологигүй орон зайг бий болгож байна.

УХААЛАГ ЦАГНЫ ОРОНД ЭНГИЙН БУГУЙН ЦАГ
Өнөөдөр ухаалаг цаг ашиглан цаг харахаас гадна мессеж унших, дуудлага авах, алхам тоолох, дасгал хөдөлгөөнөө хянах боломжтой.
Гэсэн хэдий ч зарим залуус эдгээр бүх боломжийг агуулсан төхөөрөмжийн оронд зөвхөн цаг харуулдаг энгийн бугуйн цаг сонгож эхэлжээ.
Энгийн цагны давуу тал нь яг л энгийн байдалдаа оршиж байна. Түүн дээр мессеж ирэхгүй, мэдэгдэл дуугарахгүй, сошиал сүлжээ шалгах боломжгүй. Зөвхөн цагийг харуулах нэг үүрэгтэй.
Ийнхүү технологи улам олон зүйлийг нэг төхөөрөмжид багтаахын хэрээр зарим хэрэглэгчид эсрэгээрээ нэг л үүрэгтэй, энгийн төхөөрөмжийг илүүд үзэх болж байна.

ШАТАР, ШИРЭЭНИЙ ТОГЛООМ ДАХИН СОНИРХОЛ ТАТАВ
Зөвхөн технологийн төхөөрөмжүүд төдийгүй дэлгэцгүйгээр тоглож болох тоглоомууд ч залуусын дунд дахин түгээмэл болжээ.
Шатар, хөзөр болон төрөл бүрийн ширээний тоглоом нь утас, компьютерын дэлгэцээс хол байж, бусадтайгаа нэг орон зайд сууж цагийг өнгөрөөх боломж олгодог.
Шатрын сонирхол нэмэгдэхэд кино, олон ангит кино болон цахим платформ дахь шатрын контентууд ч нөлөөлсөн байна. Тухайлбал The Queen’s Gambit олон ангит кино гарсны дараа шатрын тоглоомд хандах залуусын сонирхол нэмэгдсэн гэж мэдээлж байсан.
Энэ нь тоглоомын тухайгаас гадна бодит харилцаа, нүүр тулсан яриа, хамтдаа цаг өнгөрөөх хүсэл дахин чухал болж байгааг харуулж байна.

ЗУРГАА ЗӨВХӨН УТСАНДАА ХАДГАЛАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА
Өнөөдөр нэг өдрийн дотор хэдэн арван зураг авах нь хэвийн болсон. Гэвч тэдгээрийн ихэнх нь утасны санах ойд хадгалагдаад, дахин хэзээ ч харагдахгүй байх тохиолдол элбэг.
Харин сүүлийн үед залуус зургаа хэвлэж, ханандаа өлгөх, цомог хийх, найз нөхөдтэйгөө зургаа хуваалцах зэрэг хуучны аргуудыг дахин ашиглах болжээ.
Хальсан камер, Polaroid зэрэг шууд хэвлэгддэг камерын сонирхол ч үүнтэй холбоотой.
Зургийг авсан даруйдаа шалгаж, таалагдахгүй бол устгахын оронд тухайн мөчийг яг тэр чигээр нь хадгалах нь илүү үнэ цэнтэй санагдаж эхэлж байна.

НОМЫН САН ДАХИН ХҮМҮҮСИЙН ОЧИХ ДУРТАЙ ГАЗАР БОЛЖ БАЙНА
Номын сан ч мөн энэ өөрчлөлтийн нэг хэсэг болжээ.
Залуус ном уншихаас гадна хичээл хийх, ганцаараа тайван суух, төвлөрөх, найз нөхөдтэйгөө уулзах зэрэг олон зорилгоор номын санг ашиглах болсон байна.
Сошиал сүлжээ, сурталчилгаа, мэдэгдлээр дүүрэн цахим орчноос ялгаатай нь номын сан харьцангуй нам гүм, анхаарал төвлөрүүлэхэд тохиромжтой орчин болдог.
Тиймээс номын сангийн үнэ цэнэ зөвхөн номтой холбоотой биш, цахим орчноос түр холдох боломж гэдэг утгаараа дахин нэмэгдэж байна.

ПЯНЗ, CD ЗЭРЭГ БИЕТ ХӨГЖМИЙН ХЭЛБЭРҮҮД ЭРГЭН ИРЖ БАЙНА
Хүссэн дуугаа хэдхэн секундын дотор сонсох боломжтой болсон ч пянз, CD зэрэг биет хөгжмийн хэлбэрүүд алга болсонгүй. Харин ч шинэ үеийн хэрэглэгчдийн сонирхлыг дахин татаж байна.
Пянз сонсохын тулд цомгоо сонгож, тоглуулагч дээр байрлуулж, дууг эхнээс нь дуустал сонсох шаардлагатай. Энэ нь өнөөдрийн “дараагийн дуу” гэсэн товчийг хэдхэн секундын дотор дарах хэрэглээнээс эрс ялгаатай.
Тиймээс хөгжим өөрөө биш, хөгжим сонсох үйл явц үнэ цэнтэй болж байна.
БҮХ ЗҮЙЛ ХУРДАН БОЛСОН ҮЕД УДААН БАЙХ НЬ ҮНЭ ЦЭНТЭЙ БОЛЖЭЭ
Gen Z-ийн хуучны зүйлсийг сонирхох болсон шалтгааныг зөвхөн дурсамжтай холбон тайлбарлахад хангалтгүй.
Тэдний өссөн орчин бол технологи өдөр тутмын амьдралын бараг бүх хэсэгт нэвтэрсэн үе. Хэдхэн товшилтоор хоол захиалж, хөгжим сонсож, хүнтэй харилцаж, зураг авч, мэдээлэл авах боломжтой.
Гэхдээ бүх зүйл хэт хурдан, хэт хүртээмжтэй болсон үед удаан хийх боломж өөрөө үнэ цэнтэй болж байна.
Пянз тавихад хэдхэн секунд биш, тодорхой үйл явц хэрэгтэй. Цаасан ном уншихын тулд утсаа хажуудаа тавих хэрэг гарна. Хальсан камераар зураг авахдаа авсан зургаа тэр дор нь харах боломжгүй. Энгийн бугуйн цаг зүүхэд мэдэгдэл ирэхгүй.
Эдгээрийн аль нь ч технологийн хувьд илүү дэвшилттэй биш. Харин яг энэ нь тэдний давуу тал болж байна.
GEN Z ӨНГӨРСӨН РҮҮГЭЭ БУЦАЖ БАЙГАА БИШ
Тиймээс Gen Z-ийн энэ хандлагыг технологийг эсэргүүцэж байна гэж ойлгох нь өрөөсгөл. Тэд ухаалаг утас, сошиал сүлжээ, хиймэл оюун ухаан болон бусад технологийг хэрэглэсээр байгаа. Харин технологи амьдралынх нь бараг бүх хэсгийг эзэлсэн үед зарим зүйлийг зориуд энгийн байдлаар хийхийг сонгож байна.
БҮХ ЗҮЙЛ ЦАХИМ БОЛСОН ЕРТӨНЦӨД БИЕТ ЗҮЙЛС ДАХИН ОНЦГОЙ БОЛЖЭЭ.
Магадгүй дараагийн том тренд заавал цоо шинэ зүйл байх албагүй. Заримдаа бидний аль хэдийнэ орхисон зүйлс шинэ үеийнхэнд цоо шинэ мэт санагддаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!