
Монголын зураасан зургийн урлагийн нэрт төлөөлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дашцэрэнгийн Гунгаагийн “Амьдралын өнгө” бие даасан үзэсгэлэн 2026 оны 9 дүгээр сарын 2-нд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
Д.Гунгаа нь 1950 онд төрсөн, Монголын график урлагийн хөгжилд өөрийн тодорхой байр суурийг эзэлсэн уран бүтээлч юм. Тэрээр 1978 онд Болгар улсын Софи хотын Дүрслэх урлагийн академийг төгсөж, уран бүтээлийнхээ үндсэн чиглэлээр зураасан зураг, тэр дундаа төмөр бар, хуурай зүүгийн техникээр мэргэшин ажиллаж, графикийн уран сайхны хэл найруулгыг өөрийн бүтээлч эрэл хайгуултай хослуулан хөгжүүлж ирсэн байна.

“Амьдралын өнгө” үзэсгэлэнд уран бүтээлчийн олон жилийн уран бүтээлийн замналыг төлөөлөх график, усан будаг, хөрөг, байгаль, монгол ахуй, түүх соёлын сэдэвт бүтээлүүд дэлгэгдэнэ.
Д.Гунгаагийн уран бүтээлийн цар хүрээ зөвхөн галерей, музейн танхимаар хязгаарлагдсангүй. Тэрээр Монголын шуудангийн маркийн эх зураг бүтээжээ.
Монголын уран зургийн галерейн алтан сан хөмрөгт түүний бүтээлүүд хадгалагддаг. Мөн Болгар, ХБНГУ, ОХУ, Чехословак, Югослав, Итали, Норвег, Япон, Куба, Польш, Финлянд, БНСУ, Хятад, Франц, Англи, Нидерланд зэрэг оронд зохион байгуулагдсан олон улсын график, номын зургийн үзэсгэлэнд бүтээлүүд нь танилцуулагдаж байжээ.
Д.Гунгаа Улаанбаатар, Москва, Кызыл, Парис, Милан, Манжуур, Амстердам, Бээжин зэрэг хотод бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Бүтээлүүд нь олон улсын цуглуулга, урлагийн сан хөмрөгт хадгалагддаг бөгөөд тэрээр Монголын график урлагийг олон улсын түвшинд таниулахад өөрийн хувь нэмрээ оруулсан.
Энэ удаагийн үзэсгэлэн нь зөвхөн нэг техник, нэг сэдвээр хязгаарлагдахгүй бөгөөд графикийн нягт нямбай хэл, усан будгийн өнгөний уян хатан чанар, хөрөг зургийн хүний мөн чанарыг эрэлхийлсэн дүрслэл зэрэг уран бүтээлчийн олон талт уран сайхны эрэл хайгуулыг нэг дор харуулах онцлогтой юм.
Үзэсгэлэнгийн нээлт: 2026.09.02-ны цагт 13:00
Үзэсгэлэнгийн хугацаа: 2026.09.02 –с 2026.09.08-ныг дуустал
Байршил: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей (Барилгачдын талбай)
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!