Netflix Вилли Вонкагийн шоколадны үйлдвэрийг бодитоор бүтээж, шинэ реалити шоугаа танилцууллаа


Э.Баярцэцэг | YOLO.MN
ӨЧИГДӨР

Netflix алдарт “Willy Wonka & the Chocolate Factory” кино болон Роалд Далын “Charlie and the Chocolate Factory” зохиолоос сэдэвлэсэн шинэ реалити тэмцээний шоу болох “Wonka’s The Golden Ticket”-ийн албан ёсны трейлерийг танилцууллаа.

Тус шоу нь Вилли Вонкагийн алдарт шоколадны үйлдвэрт өрнөх бөгөөд нийт 9 ангитай. 12 “Golden Ticket” эзэмшигч өөрсдийн сонгосон нэг хамтрагчийн хамт үйлдвэрийн хаалгаар нэвтэрч, бие, оюун ухаан, зан чанарыг нь сорих төрөл бүрийн тоглоом, даалгавар, сорилтуудыг давна.

Гэхдээ “Golden Ticket” авсан нь тэмцээнд түрүүлнэ гэсэн үг биш. Оролцогчид Вонкагийн ертөнцөд гэнэтийн сорилт, уруу таталт, стратегийн тоглоомтой нүүр тулж, хэн нь эмх замбараагүй нөхцөлд хамгийн сайн дасан зохицож чадахыг харуулах юм. Эцэст нь ганцхан оролцогч “амьдралыг нь өөрчлөхүйц” том шагналыг хүртэнэ.

1971 ОНЫ КИНОНЫ ВОНКА ДАХИН “ЯРИНА”

Шоуны хамгийн их анхаарал татсан хэсэг нь 1971 оны кинонд Вилли Вонкагийн дүрийг бүтээсэн жүжигчин Жин Вайлдерийн дуу хоолойг хиймэл оюун ухаанаар дахин бүтээсэн явдал юм.

Вайлдер 2016 онд 83 насандаа нас барсан ч Netflix түүний дуу хоолойг AI технологи ашиглан сэргээж, шинэ шоуны Вонкагийн дүрд ашиглажээ. Үүнийг AI аудио технологийн ElevenLabs компанитай хамтран хийсэн бөгөөд жүжигчний гэр бүл, өв залгамжлагчдаас зөвшөөрөл авсан байна. Вайлдерийн эхнэр Карен Вайлдер уг төслийг дэмжиж, нөхрийнх нь бүтээсэн дүрийн “дулаан, төсөөлөн бодох чадвар”-ыг шинэ үеийн үзэгчдэд хүргэж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.

Харин Вонкагийн ертөнцөд 1971 оны киноноос өөр нэг танил царай ч эргэн ирнэ. Тухайн кинонд Oompa Loompa-ийн дүрд тоглож байсан Расти Гоффи шинэ шоунд мөн Oompa Loompa-ийн дүрээр оролцож байгаа аж.

ШОУ ХААНА, ХЭЗЭЭ ЗУРАГ АВАЛТАА ХИЙСЭН БЭ?

“Wonka’s The Golden Ticket”-ийн зураг авалтыг Австралийн Gold Coast дахь Village Roadshow Studios-д хийсэн байна. Үйлдвэрийн доторх орчин нь Вонкагийн ертөнцийг санагдуулам, “retro-futuristic” буюу ирээдүйг өнгөрсөн үеийн төсөөллөөр дүрсэлсэн мэт загвартайгаар бүтжээ.

Шоуг Eureka Productions продюсерлэсэнбөгөөд Netflix дээр 2026 оны есдүгээр сарын 23-нд нээлтээ хийнэ. Харин сүүлийн хоёр анги буюу финал есдүгээр сарын 30-нд цацагдана.

Ингэснээр Netflix хүүхэд насны танил болсон “Golden Ticket”, шоколадны үйлдвэр, Oompa Loompa зэрэг элементүүдийг орчин үеийн реалити тэмцээний форматтай хослуулж, “Вилли Вонкагийн үйлдвэрт үнэхээр орвол юу болох вэ?” гэсэн санааг бодитоор хэрэгжүүлж байна.

 

#Netflix #Вилли Вонка