

Хэн нэгэн пирамидын тухай ярих үед танд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Магадгүй Египетэд байрлах Гиза цогцолборын гурван пирамид, тэдэн дундаас онцгойрч алдарт Их Пирамид бодогдож байгаа байх. Гайхмаар нь Египет нь Африк тив дэх хамгийн олон тооны пирамидыг агуулдаг улс биш юм.
Хамгийн их пирамидтай улс гэх нэрийг Египет биш харин түүний хөрш улс болох Судан 200-аас илүү тооны пирамидтайгаар эзэмшдэг байх нь ээ. Харин Египетэд нийт 100 дөхөм пирамид байдаг. Үүнээс нэг асуулт урган гарах нь “Яагаад Суданд ийм их пирамид байгаа юм бэ?”
Та ч мөн надтай адил ийнхүү гайхаж байгаа бол доор бэлдсэн нийтлэлийг уншаарай.
Суданы пирамидуудын үүсэл
Суданы пирамидууд нь нэгэн цагт Куш хэмээх хаант улсын газар нутаг байсан Нубиа хотод оршдог. Энэхүү эртний хаант улс нь МЭӨ 780 оноос МЭ 350 он хүртэл оршин байжээ. Оршин байх хугацаандаа яг л бусад улс шиг нэг бол газар нутгаа өргөтгөн эсвэл газар нутгаасаа бусдад алдаж явсаар нэг л өдөр устаж үгүй болсон байгаа юм. Хамгийн томдоо тус улсын газар нутгийн хэмжээ өнөө үеийн Судан, Египет хоёрыг хийлүүлсэнтэй тэнцүү хэмжээтэй болж байв.

МЭӨ 744-656 оны хооронд Кушитын эзэн хаад 25-р засаглалын эрин үедээ эртний Египетийг ч захирч байж. Гэсэн ч үүнээс бусад цаг хугацаанд хоёр улс нь тусдаа оршиж байсан бөгөөд нэгэнтэйгээ соёл болон худалдааны салбарт хамтарч ажилладаг байлаа.
Куш болон Египетийн энэхүү ойр дотно харилцаа Кушийг хөрш орныхоо дараа амьдралын уламжлалыг дуурайхад хүргэсэн байж мэднэ. Гизагийн пирамидууд ойролцоогоор МЭӨ 2600-2500 онд баригдсан бол Нубын пирамидууд ердөө МЭӨ 7-р зуунаас л баригдаж эхэлсэн байна.
Нубын пирамидуудаас бид юуг ойлгож болох вэ?
Яагаад хүмүүс Суданы пирамидуудыг орхигдуулдаг болох нь Судан улсын дотоодын иргэний дайнтай нөхцөл байдалтай шууд холбогдоно. Хэн ч амь насаа алдах эрсдэлтэй газарт очиж пирамид харахыг хүсэхгүй шүү дээ. Гэсэн ч Судан дахь пирамидуудыг аюулгүйгээр үзэх боломж тохиовол өөрийн аяллаа хаанаас эхлэх ёстойг хэлж өгье.

Суданы пирамидуудын ихэнх нь Эль-Курру, Нури, Жебел Баркал болон Мероэ зэрэг бүс нутгуудад байдаг. Тэнд байх хамгийн эртний пирамид нь Тантамани хаанд зориулагдан Эль-Курруд баригдсан байна.
Гэхдээ уг эртний пирамид нь нуран унасан тул та пирамидыг харах боломжгүй ч хааны бунхныг үзэх боломжтой. Египетийн пирамидуудаас ялгаатай нь Нубын пирамидууд бунхны зориулалтаар биш харин бунхны чулуу хэлбэрээр байгуулагдаж байсан байна. Тиймээс удирдагчдын бунхан пирамидын дотор биш харин доор нь байрлаж байдаг гэсэн үг.
Суданы хамгийн алдартай пирамид аль нь вэ?
Тантаманы оршуулгаас хойш дараа дараагийн Нубын хаадыг Нил мөрнөөс арай дээхэн тал хавьцаа Нурид оршуулсан байна. Энэ хавиар ихэнх хаадын оршуулга байдаг нь Тантаман хааны өмнөх хаан Тахаркагийн бунхан ч мөн тэнд орших тул энэ нь нэг ёсны хаадыг оршуулах уламжлалт нутаг дэвсгэр болсон гэж ойлгож болно.
Өнөөдөр Нубын хаад болон хатдын 20 гаруй пирамидууд байсаар байдаг ч эдгээрээс Тахаркагийн пирамид хамгийн эртнийх нь юм. Мөн Кушитын сүүлийн хаан болох Настасены МЭӨ дөрөвдүгээр зуунд баригдсан пирамид ч хорин нэгдүгээр зууны нүүрийг үзэж чаджээ.

Нуригийн талбайг 20-р зууны эхээр археологич Жорж Рейснер судалсан бол 2018 оноос хойш Пирс Пол Крисман судалж байгаа. Энэхүү зуу гаруй жилийн завсарлагын хугацаанд орон нутгийн далангийн төслүүд болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлсээс болон Нуригийн газар доорх усны түвшин нэмэгдсэн байна.
Үүнээс болоод судлаачид тухайн газар орчмоос шинэ түүх соёлын ач холбогдол бүхий зүйлсийг эрэлхийлэхдээ усан доорх археологийн аргуудыг ашиглахаас өөр аргагүйд хүрчээ.
Мероэгийн пирамидуудын гайхамшигтай боловч сүйтгэгдсэн гоо үзэсгэлэн

Нубд байрлах пирамидуудын газар нутгуудаас Мероэ хамгийн өргөн уудам. Иймээс Мероэг Суданы пирамидуудын хэв шинж, онцлогийг судлах хамгийн тохиромжтой газар гэж үзсээр ирсэн.
Судалгааны үр дүнгээр Мероэ болон Египетийн пирамидууд тун төстэй загвар хийцтэй болох нь тогтоогдсон байдаг. Тэгэхээр Египетийн Кушитад үзүүлэх соёлын нөлөө асар их байсан бололтой.
Мероэд байрлах пирамидууд дунд тулалдаанд нэг нүдээ алдсанаараа алдартай дайчин хатан болох Аманиренасын пирамид болон хаант улсын хөгжил цэцэглэлтийг хадгалснаараа нэрд гаран царайгаа пирамид дээр сийлүүлж чадсан Аманиренасын залгамжлагч Аманишакетогийн пирамид байдаг.
Ямартай ч Суданд байх ихэнх пирамидууд их хэмжээгээр сүйтгэгдсэн. 1830-аад онд Жузеппе Ферлини хэмээх Итали эрдэнэс хайгч, алт олох шуналдаа хөтлөгдөн Мероэд байх 40 гаруй пирамидыг сүйтгэсэн харамсалтай явдал гарчээ. Түүнээс болоод өнөөдрийг хүртэл нурж уналгүй бат бөх оршсон пирамидууд оройгүй болсон байна.

Суданы пирамидууд юугаараа өөр вэ?
Суданд байрлах пирамидууд Египетийн пирамидуудаас арай намхан бөгөөд нарийн байдаг.

Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!