

Нас барсан өвөг дээдсээ хүндэтгэх заншил нь олон соёлд байдаг. Жишээлбэл Мексикийн Día de los Muertos эсвэл Японы Obon гэх мэт. Гэхдээ тэдгээр дундаас “Өлсгөлөн сүнсний баяр” шиг тийм тод, өнгөлөг зан үйл ховор. Энэхүү баяр нь Хятадад үүссэн ба яваандаа Азийн Хятадаар ярьдаг иргэд дунд өргөнөөр тархжээ.
Баярын үеэр газар доорх ертөнцийн үүд хаалга нэг сарын турш нээгдэж, дараа төрлөө олж чадаагүй сүнснүүд амьдын ертөнцөөр тэнүүлчилдэг гэж үздэг. Айл өрхүүд болон нийгэмлэгүүд өрөвдөлтэй сүнснүүдийг хооллож, тухтай мэдрэмж төрүүлэхээр чадах чинээгээрэй хичээдэг байна.
Хүндэтгэл дүүрэн ч бас бага зэрэг жихүүдэс төрүүлэм шинжийг агуулсан энэ баяр нь Ази даяарх Таоизм, Буддизм зэрэг шашнуудын шүтэгчдийг үхэл, хойд нас, нас барсан хүмүүсийг хэрхэн хүндэтгэдэг талаар харуулж өгдөг онцлогтой.
Өлсгөлөн сүнсний баяр гэж юу вэ?

Өлсгөлөн сүнсний баяр нь нас барсан хүмүүсийг хүндэтгэх Азийн хамгийн сүртэй тэмдэглэдэг баяруудын нэг юм. Баярыг тэмдэглэдэг хүмүүсийн хувьд эдгээр өдрүүд нь өлсгөлөн эсвэл ууртай сүнснүүд дэлхий дээрээ эргэн ирж тайвшралыг олох учиртай цаг хугацаа байдаг.
Тэднийг тайтгаруулахын тулд амьдрагсад нь зан үйл хийж сүнснүүдэд хэрхэн хүндэтгэлтэй хандаж байгаагаа харуулах ёстой. Мөн баяр тэмдэглэгсэд сүнснүүдэд зориулан ширээ дүүрэн хоол бэлдэн, хүж асаахаас гадна мөнгө, машин, зурагт гэх мэт үнэ цэнтэй зүйлсийг дүрсэлсэн цааснуудыг шатаадаг.
Баяраар хороолол, дүүргүүд олон төрлийн тоглолт, үзүүлбэр, арга хэмжээнүүдээр амь орж дулаахан уур амьсгалыг бүрдүүлэх бөгөөд үүнд хүмүүс өргөнөөрөө оролцож найрладаг байна.
Хэзээ болон хаана тэмдэглэдэг вэ?
Баяр нь билгийн тооллын долоодугаар сарын 15-нд болдог ч барууны тооллоор ихэвчлэн найм эсвэл есөн сард тохиолдоно. Гэхдээ зөвхөн долоодугаар сарын 15 гэлтгүй тухайн сарын бүх өдрүүдийг нийтэд нь “Сүнсний өдрүүд”, “Сүнсний сар” хэмээн нэрлэдэг.
Хятад болон Сингапур, Тайван зэрэг Хятад хэлээр ярьдаг орнуудад өргөн тэмдэглэгдэхээс гадна өмнөд азийн зарим нэг орнууд болох Малайз, Индонез гэх мэт хятад үндэстнүүд олноороо тархаж амьдардаг улсуудад ч баярыг тэмдэглэх нь бий.

Яг өлсгөлөн сүнсний баяр биш ч үүнтэй төстэй баяр наадмууд жилийн эхэн үед Вьетнам, Тайланд гэх мэт улсуудад тохиодог. Дээр дурдсанчлан баярыг зөвхөн Хятад хэл хэрэглэдэг улсууд тэмдэглэхээс гадна Хятад үндэстнүүд ихээр тархсан хотуудад ч тэмдэглэнэ. Жишээ нь Сан Франциско хотын “Хятадын соёлын төв” иймэрхүү уламжлалт баярууд цагаачдад тайвшралыг мэдрүүлдэг хэмээн хэлсэн байдаг.
Өлсгөлөн сүнсний баяр хаанаас гаралтай вэ?

Баяр нь Хятадаас гаралтай бөгөөд Таоизм болон Буддизмын шашнуудад тэмдэглэгдэнэ. Гэхдээ баярыг харах өнцөг болох тайлбарлах тайлбар нь ондоо. Таоистуудын хувьд гол анхаарлыг сүнснүүд болон хүний хувь заяаг шийддэг гэж үздэг диваажин, дэлхий, усны дагинуудыг аргадах дээр төвлөрүүлнэ. Номлогчид сүнснүүдийг аргадах ёслолыг үйлдэх бол шүтэгчид сүм, хийдэд сүсэглэн залбирдаг байна.
Буддист уламжлалд эцэг эх, өвөг дээдсээ хайрлан хүндэтгэхийг гол зорилгоо болгодог. Үүнтэй холбоотой нэгэн түүх байдаг нь Му Лиан гэх ламын тухай гардаг. Му Лиан нь цагаан хоолтон байж мах идээд тамд очсон ээжийгээ аврахаар доод ертөнц рүү очдог лам юм. Түүний хувьд ээжийгээ аврах ганц арга нь залбирал болон элбэг дэлбэг хоолны ширээг засаад өргөн барих байсан юм.
Хүмүүс хэрхэн тэмдэглэдэг болон сүнснүүдэд юу өгдөг вэ?

Сүнснүүдэд зориулж зассан ширээн дээрээс та тавагтай жимс, мах, амттанууд болон хүж зэргийг хамгийн олноор харна. Олон хүмүүс мөнгө эсвэл тансаг хэрэглээний зүйлсийн хэлбэртэй эвхэгдсэн цаасыг шатаах бөгөөд сүнснүүд тэдгээрийг авч дараагийн амьдралдаа элбэг дэлбэг амьдрах боломжтой болдог гэж үздэг.

Баярын онцлох зүйл нь яах аргагүй гудамжинд болох наадам. Тайзын жүжгүүд, хүүхэлдэйн жүжиг, арслангийн бүжиг, гудамжны дэлгүүрүүд зэрэг нь бүх хорооллыг амьдрагсад болон амьс бусын төрлүүдэд зориулсан нээлттэй тайз болгон хувиргадаг байна.
Жүжигт ихэвчлэн эртний үлгэр домгуудыг тоглуулдаг бөгөөд хамгийн урд суудлуудыг сүнснүүдэд зориулан албаар хоосон орхидог.
Үүнтэй зэрэгцээд сүнсний сараар хийж болдоггүй хэд хэдэн зүйл бий. Жишээ нь, хурим хийх, өөр байшин руу нүүх, томоохон хэмжээний худалдан авалт хийх зэргийг цээрлэнэ.
Өлсгөлөн сүнсний баяр юуг өгүүлдэг вэ?
Өлсгөлөн сүнсний баярын гол утга агуулга нь тэнгэрт хальсан өвөг дээдэс, хайртай дотны хүмүүсээ хүндэтгэхэд оршино. Буддын шашинтай хүмүүсийн хувьд нас барагсдаа хүндэтгэх нь сайн үйлийн үрийг авчрах бол Таоистуудын хувьд муу муухай бүхнээс хамгаалж өгдөг.
Шашнаас гадна уг баяр нь Күнзийн үнэт зүйлс болох үр хүүхдийн үүрэг, үнэнч байдал болон хүндэтгэлийн илэрхийлэл болдог байна.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!