ChatGPT-ийн шинэ функц: Мессежийг тань уншиж, хариу илгээх


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

ChatGPT-ийг Apple-ийн Messages аппликейшнтэй холбон ашиглах боломжтой шинэ функцийг танилцууллаа. Энэхүү функцийг ашигласнаар хэрэглэгчид мессежүүдээ ChatGPT-ээр хайх, ангилах, дүн шинжилгээ хийх, засварлах зэрэг олон үйлдлийг хийх боломжтой болж байна.

Мөн уг функц нь зөвхөн хувийн хэрэглээнд зориулагдаагүй бөгөөд Codex болон ChatGPT Work-той хамтран ажиллах боломжтой тул ажлын орчинд ч ашиглах боломжтой болжээ.

Шинэ функцийг танилцуулсан сурталчилгаанд хэрэглэгч өмнөх өдөр харилцсан хүмүүсээсээ хэнд хариу өгөх шаардлагатай байгааг ChatGPT-ээр тодорхойлуулж, тэдэнд илгээх хариу мессежийн санал гаргуулж буйг харуулжээ.Түүнчлэн хэрэглэгч тодорхой мессежийг хайж олох, устгах, хариу бичихэд туслуулах төдийгүй өөрийнх нь өмнөөс мессеж илгээх боломжтой.

Мэдээллийн аюулгүй байдал

Гэсэн хэдий ч энэхүү шинэ функц нь хувийн нууц болон мэдээллийн аюулгүй байдлын талаар анхаарах шаардлагатай асуудлуудыг дагуулж байна. OpenAI зарим хамгаалалтын арга хэмжээ авсан гэж тайлбарласан ч системийн нууцлалтай холбоотой зарим зүйл тодорхой бус хэвээр байна.

OpenAI-ийн TechCrunch-т өгсөн мэдээллээр ChatGPT хэрэглэгчийн бүх мессежийг автоматаар бүрэн хуулж, индекс үүсгэдэггүй. Мөн Messages-ийн нэмэлт нь хэрэглэгчийн төхөөрөмж дээр ажилладаг бөгөөд ChatGPT мессежийг уншихын тулд хэрэглэгч өөрөө хүсэлт гаргах шаардлагатай байна.

Гэхдээ уг функцийг тохируулахын тулд хэрэглэгч “Full Disk Access” зөвшөөрлийг идэвхжүүлэх хэрэгтэй. Энэ нь ChatGPT-д төхөөрөмж дээрх файл, мэдээллийг унших болон бичих боломж олгодог өргөн хүрээний зөвшөөрөл юм.

OpenAI мөн ChatGPT-ийн desktop хувилбарын харилцан яриа анхдагч байдлаар хэрэглэгчийн компьютерт хадгалагддаг гэж мэдээлжээ. Харин Messages-ээс авсан мэдээлэл тухайн компьютерт хадгалагдаж, OpenAI-ийн серверт хадгалагддаггүй гэж тайлбарласан байна. Хэрэв хэрэглэгч харилцан яриагаа cloud-д хадгалахаар сонговол бусад cloud мэдээллийн нэгэн адил хадгалалтын бодлого үйлчилнэ.

Харин ChatGPT-ээр мессеж илгээх үед OpenAI хэрэглэгчдэд системийн үйлдлийг анхааралтай хянахыг зөвлөжээ. Мөн “persistent approval” буюу байнгын зөвшөөрөл функцийг идэвхжүүлэхгүй байхыг зөвлөсөн байна. Учир нь энэ тохиргоог идэвхжүүлбэл ChatGPT таны өмнөөс мессеж илгээхээс өмнө тухайн мессежийг эцэслэн шалгах, зөвшөөрөх боломжгүй болох эрсдэлтэй.

ChatGPT нь дан ганц ямар нэг мэдээлэл хариулдаг чатбот бус хэрэглэгчийн өмнөөс мессеж илгээх боломжтой болж байна. Гэхдээ уг функцийг ашиглахдаа хувийн мэдээлэл болон илгээх гэж буй мессежийн агуулгаа сайтар шалгах шаардлагатай юм.

Эх сурвалж: TechCrunch

# ChatGPT #шинэ функц