Нинжагийн түүх: Хэрхэн Японы тагнуулчид дэлхийд танигдсан бэ?


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ямар ч дуу чимээ, ул мөр үлдээлгүйгээр тагнуулын ажиллагаа явуулж, аллага үйлддэг хар хувцаст нинжанууд орчин үеийн ном зохиол, кино урлагт ул мөрөө тод үлдээж чаджээ. Нинжаг олон улсад таниулахад гол үүргийг гүйцэтгэсэн кинонууд гэвэл Teenage Mutant Ninja Turtles, American Nanja Warrior зэргийг дурдаж болно. Гэхдээ уг хар хувцаст тагнуулчдын тухай түүх яг л тэдэн шиг ул мөр нь үл мэдэгдэх нууцлаг ертөнцийн нэг хэсэг гэлтэй учир битүүлэг байдаг билээ.

Үлгэр домгийн ард нуугдсан нинжануудын түүх

Нинжа үнэхээр бодитоор байсан уу эсвэл зүгээр л зохиомол дүр байв уу гэдэг эргэлзээ түүнийг хэрхэн дүрсэлдэг дүрслэлтэй холбоотой. Нинжануудыг супер хүчтэй, тулааны урлагт гарамгай хүмүүс мэт эсвэл хурууны үзүүрээрээ гал гарган, салхийг удирдах чадвартай шидтэн мэтээр дүрслэх нь их. Олон түүх, домогт нинжа нар нисэж чаддаг, мөн өөрсдийгөө олон болгож хувилгаад ардаас нь хөөж буй хүмүүсийг төөрөгдүүлдэг гэж гардаг.

Эрдэмтдийн үзэж буйгаар нинжагийн түүхүүд нь яг л бусад нууцлаг хүмүүсийн түүх шиг хэт давслагдсан гэдэг ч бас ор худал зүйл ч биш юм. Энэ талаар Японы түүхийн талаар мэргэшсэн, Ninja: Unmasking the Myth номын зохиолч болох Стефен Турнбул “Эрдэмтэд ерөнхийдөө нинжа нар гэж үнэхээр байсан тухай хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдний тухай түүх, домог нь олон зууны туршид бага багаар давслагдаж явсаар өнөөдрийн байдалд хүрсэн” хэмээн хэлжээ.

Нинжануудын ул мөр тэртээх 14-р зууны үе рүү буцдаг бөгөөд тухайн үед тэднийг Японы баян чинээлэг ноёд мэдээлэл цуглуулах эсвэл дайснаа тагнуулах зорилгоор хөлсөлдөг байв. Гэхдээ тэдний нууцлаг зан байдлаас улбаалан түүхийн хуудаснаа нинжануудын талаар цөөхөн хэдэн удаа л дурдаж өгсөн байдаг. Нинжатай холбоотой ихэнх мэдээллүүд тэднийг идэвхгүй болсны дараа буюу 1600-аад онд бичигдэж үлджээ.

Нинжагийн гол үүрэг тагнуул хийх байв

Нинжа юугаараа онцгой байсан бэ? Японы өөр алдартай дайчин болох самуурай нар элит гэр бүлүүдээс гаралтай маш хатуу сургуулилтыг давж гарсан эрс байдаг бол нинжануудын хувьд нийгмийн аль ч давхаргын хүмүүс болох боломжтой байсан.

Самуурайгаас ялгаатай нь нинжа нар заавал нүүр тулж тулалдахыг шаарддаг хатуу дэг журамд захирагддаггүй байв. Ер нь л самуурайгаа тэс өөр төрлийн дайчид байсан гэж ойлгож болно. Тиймээс ч язгууртнууд самуурайн нэр төрөө бодож хийдэггүй байсан ажлуудыг нинжа нараар хийлгэдэг байжээ.

Нинжа нар нэг ёсны хөлсний цэрэг болон тагнуулчийн үүргийг гүйцэтгэдэг байсан тул зүсээ хувиргах, хуурах гэх мэт чадваруудыг маш сайн эзэмшсэн байх ёстой байдаг. Хэдийгээр нинжа нар олон нийтэд чадварлаг алуурчид гэдгээрээ танигдсан боловч тэд хүмүүсийн амийг хороохоос илүүтэй хэнд ч мэдэгдэлгүй ажиллах, дайснуудын анхаарлыг сарниулах болон эсрэг талын тагнуулыг илрүүлэх зэрэг чадвартаа илүү сайн байсан. Тэдний хамгийн чухал үүрэг хариуцлага нь эзэндээ мэдээлэл цуглуулж өгөх байв.

“Нинжа” гэх үгийн хувьд 19-р зуунаас өмнө ийм үгийг хэрэглэсэн эх сурвалж, баримт бичиг байдаггүй. Харин эртний бичвэрүүдэд яг л нинжагийн шинжийг агуулсан тэдгээр тулаанчдыг “шиноби” хэмээн нэрлэсэн байдаг. Нагасакид байрлах Есүс Христийн нийгэмлэгийн номлогчдын гаргасан Япон-Португал толь бичигт шинобиг “дайны үед шөнийн цагаар нууцаар цайз руу нэвтэрч эсвэл дайсны эгнээнд шурган орч нууцаар мэдээлэл цуглуулдаг тагнуул” хэмээн тодорхойлжээ.

Японы Миэ их сургуулийн олон улсын нинжа судалгааны төвийн дэд захирал, түүхч Ямада Юүжи ярихдаа шиноби нарын тагнуулын мэдээлэл олж авах онцгой чадвар нь тэднийг хөлслөгч ноёдынх нь хувьд маш үнэ цэнтэй болгодог байсан гэв. Тэд дайсны нутаг дэвсгэрт нууцаар нэвтэрч, тухайн газрын нөхцөл байдлыг судалчхаад хорлон сүйтгэх ажиллагаа болон гал тавих зэрэг үйлдлээр эмх замбараагүй байдал үүсгэдэг байжээ.

Нинжагийн урлагийн үүсэл

Хөлсний цэргүүдийн хувьд нинжа нар Япон дахь бүхий л ноёд, баячуудад зүтгэдэг байв. Гэхдээ самуурайн дайтах урлагийн хууль хэмээх толь бичигт шиноби нарыг тэр үеийн Японы нийслэл байсан Кёотогийн өмнөд хэсэгт байрлах Ига болон Кока хэмээх тосгодуудаас гаралтай гэж бичсэн байна.

14-р зуун гэхэд Япон даяар 24 гаруй нинжа нарын сургууль үүссэн байсан гэсэн баримт бий. 17-р зууны Бансеншукай хэмээх нинжагийн урлагийн тухай 22 боть нэвтэрхий тольд дурдсанаар, нинжүцү нь Хятадын гайхамшигт дайны стратегич Сүнзүгийн байлдааны тактикаас санаа авсан байх боломжтой гэж үздэг.

Нэвтэрхий тольд нинжагийн урлагийг нийгмийн харилцаа, ярианы чадвар, ой тогтоолт, анагаах ухаан, одон орон судлал, тэр ч бүү хэл илбэ шид зэрэг чадваруудыг багтаасан байдаг гэж тодорхойлжээ. Юүжигийн хэлснээр нинжа нар нь хурц ирт хутга цээжинд нь тулсан байсан ч няцашгүй байх ёстой байдаг байсан тул тэд сэтгэлийн тэнхээ, тэсвэр хатуужил тун сайтай хүмүүс байсан бололтой.

Нинжа нарын түүхэнд үлдээсэн ул мөр

Тэдний гарал үүсэл аль эртний 12-р зуун эсвэл түүнээс ч өмнөхтэй холбогддог ч тэд Японд ноёд газар нутгийн төлөө хоорондоо мөргөлдөн тэмцэлдэж байх үеэр оршин байсаар байжээ. Үүгээр ч зогсохгүй шиноби нар Нанбокучогийн дайн (1336-1392) болон улс орны дайны үеүдэд ч идэвхтэй үйл ажиллагаагаа явуулан чухал үүргүүдийг гүйцэтгэсэн байдаг.

Нинжа нарын түүхэн нөлөөг 1582 оны Хонно-жигийн үйл явдлаас ажиглаж болно. Самуурай генерал Акэчи Мицухидэ нь Ода Нобунагаг алуулсныхаа дараа түүний холбоотнуудыг алахаар онилж байв. Акэчигийн энэхүү харгис аллагаас Токугава Иэясү нь Игагаас гаралтай Хаттори Ханзо гэх нинжаны ачаар амжилттай амьд үлдэж чадсан байдаг. Хэрэв Токугава амьд үлдээгүй байсан бол өнөөдөр бидний Японы тухай ярих түүх тэс өөр байх байсан. Учир нь тэрбээр 1603 онд шогун болж Эдогийн үеийг хоёр зууны турш энх тайван, хөгжил цэцэглэлт рүү нь авчирсан юм.

Харамсалтай хөгжил цэцэглэлтийн үе рүү шилжих тэрхэн завсарт иргэдийн дунд эд хөрөнгийн тэгш бус хуваарилалт ихээхэн гарах болов. Үүнээс улбаалан олон энгийн иргэд ядуурч, өлсгөлөнд унаж байсан тул Ишикава Гоэмон гэх нинжа баячуудаас алт мөнгө, хоол хүнс хулгайлан ядууст тараадаг байсан гэдэг. Мэдээж эрх мэдэлтнүүдийн эсрэг үйл ажиллагаа явуулж буй Гоэмоны шийтгэл үхэл байсан нь ойлгомжтой. Гэхдээ Японы Нинжагийн зөвлөл уг түүхийг үнэн гэж хүлээж авахаасаа илүүтэй домог байсан гэж тайлбарладаг.

Иймэрхүү нинжа нарыг баатар мэт дүрсэлсэн түүх домгуудаас үүдэлтэйгээр тэд Японы алдартай соёлын нэг хэсэг болжээ. 1950-иад онд Ига хотын захирагч Окусэ Хэйшичиро Ninjutsu Wonder Museum-ийг бариулснаар тэдний алдар нэр улам л тэлж олон ном зохиол, уран бүтээлүүдэд дүрээ мөнхлөх эхлэлийг өдөөж өгсөн байна.

Эх сурвалж: History

#Нинжа #Нинжагийн түүх