

Келси лхагва гарагт шинэ улирлынхаа бэлтгэлд ирэхдээ сэтгүүлчдэд ярилцлага өгсөн байна:
“Энэ зун үнэхээр сайхан байлаа. Хурим бол миний амьдралын хамгийн сайхан шөнө байсан. Бидэнтэй хамт ирж, баярлаж, хөгжилдсөн бүх хүмүүст талархаж байна” хэмээн ярьжээ.
Келси, Свифт нар 7-р сарын 3-нд Нью-Йорк хотын Madison Square Garden-д хуримаа хийсэн бөгөөд ёслолыг жүжигчин Адам Сэндлер удирдан явуулжээ.
Хуримд ойролцоогоор 1,000 зочин оролцсон бөгөөд тэдний дунд Селена Гомез, Жулия Робертс, Эд Ширан, Жек Антонофф, Том Хэнкс, Зои Кравиц, Стивен Спилберг, Брэдли Купер, Жижи Хадид зэрэг урлаг, спортын алдартнууд байжээ.
Мөн Пол Маккартни, Стиви Никс, Тим Макгроу нар хүлээн авалтын үеэр уран бүтээлээ толилуулсан гэх мэдээлэл гарсан бөгөөд хуримын үдэшлэг караокед шилжихэд хүргэн өөрөө ч микрофон барин дуулжээ.
Үдэшлэгийн үеэр тансаг гар цүнх, 1970 оны Chevrolet Corvette зэрэг өндөр үнэтэй шагнал бүхий сугалаа болон төрөл бүрийн тоглоом зохион байгуулсан байна.
“Үнэхээр галзуу шөнө байсан. Дурсамжтай мөчүүдээр дүүрэн байлаа. Madison Square Garden-д очих нь миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, спортын бүх ертөнцийн өлгий болсон энэ газарт очоод зогсохгүй, тэнд гэрлэсэн нь үнэхээр гайхалтай байсан.
Бид хувийн, нууцлаг хурим хийхийг хүсэж байсныг ойлгож, ийм боломж олгосон Madison Square Garden-ийн эзэд болон удирдлагуудад талархсан. Бүх зүйл төгс байсан” гэж Келси ярьжээ.
Келси, Свифт нар хуримын ёслолоо хэвлэл мэдээллийнхнээс нуухын тулд маш өндөр түвшний нууцлалын арга хэмжээ авчээ.
Бүр зочдод хурим болохоос өмнө оролцох эсэхээ задруулахгүй байхыг шаардсан нууцлалын гэрээ явуулсан байна.
Хосууд “Тийм ээ” гэж хэлэх мөчид Madison Square Garden-ийн гаднах дижитал дэлгэцүүд дээр:
“JusT&T Married!” гэсэн бичиг гарсан байна. Энэ нь “Just Married” буюу “Дөнгөж сая гэрлэцгээлээ” гэсэн үгийг Тэйлорын T, Трэвисийн T үсгээр бичсэн хэлбэр юм.
ТЭДНИЙ ХАЙР ДУРЛАЛ ХЭРХЭН ЭХЭЛСЭН БЭ?
NFL-ийн тоглогч, Grammy-ийн шагналт поп од хоёрын харилцаа 2023 оны 7-р сарын 8-нд эхэлсэн байна.
Тэр өдөр Келси Свифтийн Eras Tour-ийн тоглолтыг Канзас-Сити дэх Arrowhead Stadium-д үзжээ. Келси Свифттэй тайзны ард уулзах гэж оролдохдоо түүнд өөрийн утасны дугаараа бичсэн гар хийцийн нөхөрлөлийн бугуйвч өгөхийг хүссэн ч уулзаж чадаагүй байна.
Тэрээр үүндээ сэтгэл дундуур байснаа өөрийн “New Heights” подкаст дээр ярьжээ.
Харин найзууд нь болон Тэйлорын ээж Андреа Свифт хүртэл Келсид боломж олгохыг Тэйлорт зөвлөсний дараа тэд болзож эхэлсэн байна.
Удалгүй буюу 2023 оны 9-р сарын 24-нд Свифт анх удаа Келсигийн тоглодог Chiefs багийн тоглолтыг үзэхээр цэнгэлдэхэд иржээ.
Ийнхүү тэдний хайр дурлал эхэлснээс хойш гурван жилийн дараа хос хоёр одоо гэр бүл болсон шинэ амьдралаа эхлүүлж байна.
Эх сурвалж: Variety
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!