Repper Thunder: Эмэгтэй хүн үнэ цэнээ мэдэрдэг байгаасай


Д.Нямханд | YOLO.MN
2019-06-04

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн олз ихтэй юу?

-Өдрийн мэнд. Уран бүтээл дажгүй дээ цомог дээрээ ажиллаж байна.

Өсвөр насандаа ямар хүүхэд байсан бэ? Тэр үеийнхээ сургамж болон дурсамжаасаа хуваалцвал?

-Ер нь их ганцаардмал дуугүй хүүхэд байсан. Өөрийгөө их сонсож, өөртэйгөө ярьдаг, ихэнх цагаа өөртэйгөө өнгөрөөдөг байсан болохоор тэндээс их зүйлийг ойлгосон. Ганцаараа байж сурсан, хүмүүсээс хамааралтай биш, хүмүүстэй байхыг эрмэлзээд байдаггүй.

Оюутан үеэ дурсвал? Ямар мэргэжлээр сурч төгссөн бэ? Одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?

-Би Монгол улсын их сургуулийг программ хангамжийн мэргэжлээр сурч төгссөн. Төгсөөд хэдэн сар ажилласан. Нэг өдөр болохгүй санагдаад ажлаасаа гарч яваад эргэж очоогүй. Яагаад гэхээр дуугаа хиймээр санагдаад, ер нь програмист гэдэг чинь цаг их ордог, ажлын цаг байдаг ч гэлээ орой болтол сууж хийж байгаа зүйлээ дуусгах хэрэг гардаг. Тэгэхээр хажуугаар нь төвлөрч уран бүтээлээ хийж чадахгүй байсан. Мэргэжилдээ бол дуртай, гоё мэргэжил.

Ойрын зорилго, хэтийн төлөвлөгөө?

-Ойрын зорилго биет байдлаар бол цомог байна. Биет бусаар гэвэл илүү олон дуу хийж хүмүүст хүргэх л байна даа

Өсвөр насандаа хийж чадаагүй, амжуулж чадаагүйдээ харамсдаг зүйл байдаг уу?

-Зөндөө байгаа шүү. Эхнээс нь бодвол би 10 жилдээ бусад хүүхдүүд шиг байгаагүйдээ харамсдаг. Тэр нь юу вэ гэхээр хүүхдүүд чинь хоорондоо үерхээд л гадуур гарч зугаалаад л гоё өнгөрөөдөг ш дээ. Яг үнэндээ бол би тэгж үзээгүй. Түрүүн хэлсэнчлэн зожиг байсан болохоор ч тэр юм уу төдийлөн хүмүүстэй гарч ороод гоё яваад байдаггүй байсан. Манай ангийнхан бөөнөөрөө гарч ордог байсан байна лээ. Би тэрийг нь мэдээгүй. 10 жилдээ би охинтой ч үерхэж үзээгүйдээ харамсдаг /инээв/. Бас нэг хобби гэвэл би бөх болох сонирхолтой байсан. Энэ аймаар сонин сонсогдож магадгүй. /инээв/ Тэгээд хичээллэж байгаад чадаагүй. Миний яг чадах зүйл биш байсан юм шиг санагдсан. Гэхдээ би тууштай, тултал нь явж чадаагүй. Гэмтэл аваад түүндээ зүрх үхээд бууж өгсөн.

Амьдралынхаа ямар зүйлээс кайф авдаг вэ?

-Өөрийнхөөрөө амьдарч байгаадаа л маш их кайф авдаг шд. Өөрийнхөө хийхийг хүсч байгаа юмаа амжилттай хийгээд явж байгаа нь л миний хамгийн том зүйл. Бусад жижиг зүйлс хувийн амьдралд асуудал байсан ч гэсэн маш хангалуун байдаг.

Одооны өсвөр үеийн хүүхдүүдийг юу хийгээсэй, юуг битгий хийгээсэй гэж боддог вэ?

-Хүссэн бүх юмаа л хийх хэрэгтэй. Хүүхдүүдэд хүнд хэцүү санагдаж байгаа юмнууд байдаг шдээ. Жишээ нь, хичээл хийх, ингэхгүй бол болохгүй гэх мэт бүх юм толгой дээр нь тулаад ирчихсэн юм шиг хэдий ч бодит байдал дээр бол тийм биш. Тиймээс тэр цаг үеэ тухайн цаг үед нь л өнгөрөөх хэрэгтэй гэж боддог.

Яагаад реппер болсон бэ?

-Нэгдүгээрт багын мөрөөдөл байсан. Хоёрдугаарт гэвэл хүн яагаад чи тэр хүнд хайртай болсон бэ, гэхээр мэддэггүйтэй адилхан өөрийн мэдэлгүй дуртай болчихсон. Гуравдугаарт, угаасаа дотогшоо хүн байсан учраас намайг илэрхийлэх нэг зүйл нь. Одоо би энд тэнд очоод яриулах юм болохоор илтгэл тавьдаг хүн шиг ч юм уу, тийм гоё ярьж чаддаггүй. Тиймээс дуугаараа түүнийгээ бүрэн илэрхийлж гаргахыг боддог.

 

Хийсэн уран бүтээл, дуунуудынхаа клипийн санааг хэрхэн гаргадаг вэ?

-Янз бүр, бүр үнэхээр янз бүр. Заримдаа клипээсээ хөөж бодно, шууд санаанд буучихсан байдаг. Ийм дуу хийвэл ингэж гарна гээд л. Заримдаа бол дуундаа тааруулж бодно ч гэдэг юм уу. Одоо чинь дуу өөрөө нэг бүтээлээс гадна клиптэйгээ нийлээд нэг уран бүтээл болчхож байгаа ш дээ. Тиймээс дуунаас дутахгүй ач холбогдол өгөх хэрэгтэй гэж боддог.

Таны урам зориг, үлгэр дуурайлал авч хүндэлдэг хүн.

-Ер нь зөндөө байгаа. Эргэн тойрныхоо хамт ажиллаж байгаа хүмүүсээсээ, найз нөхдөөсөө тухай бүрээс нь авах юмыг нь авдаг. Уран бүтээл дээр гэвэл сүүлийн хоёр гурван жил реппер DESANT ахаасаа үлгэр дуурайлал аваад явж байгаа.

Өөрийн үеийн залуусаа ямар байгаасай гэж боддог вэ?

-Миний бодлоор нэг нэгнээ хайрлах л хэрэгтэй байх. Битгий бие биенээ дургүйцсэн байдал гаргаасай. Бүр хайрлаад элгэмсэг дотно байдаггүй  юмаа гэхэд чөлөөтэй байгаасай. Гудамжинд зөрөхдөө  муухай хардаг байх хэрэггүй ш дээ.

Найз охинтой юу?

-Найз охин байхгүй ээ.

Тэгвэл эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Эмэгтэй хүнийг үнэ цэнэтэй байгаасай л гэж боддог. Ер нь эмэгтэй хүн ямар ч байж болно, юунд ч дуртай, юу ч хийж байсан болно л доо. Хамгийн гол нь наашаа гээд ирсэн хүн болгонтой уулздаг биш, өөрийнхөө үнэ цэнийг мэдэрдэг байгаасай л гэж хүсдэг.

Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Юм болгон дээр тэвчээртэй, тууштай байхыг хичээдэг. Бусдаар бол олон зарчим байхгүй.

Өөрийнхөө дуунуудаас алинд нь илүү дуртай вэ?

-За яг одоо бол би “Байгаагаар минь хүлээж авах уу?” гэдэг дуундаа хамгийн их хайртай.

Хамгийн сүүлд гаргасан 3 дууныхаа талаар?

-“Байгаагаар минь хүлээж авах уу” дуугаа бараг оны өмнө зохиочихсон байсан. Тохиромжтой цаг мөчийг хүлээж байгаад гаргасан. “Ахиж хоёулаа муудахгүй шүү” бол “Зөв Тусгал” аяны дуу. Дуучин Ука эгчтэйгээ хамтарч дуулсан. Санаа нь бол хоёулаа бодлогогүй шүү, маргахгүй шүү гэдгийг энгийнээр ойлгуулсан. “Bad days” тухайн үедээ найз охиноо бодож байгаад шууд зохиож байсан дуу. Аягүй маргаантай байдаг байсан. Тэгээд бид хоёрын маргалдах цаг дуусч байна, бүх юм өнгөрчихлөө гэж бодсон. Тэр үе бүгд ард өнгөрсөн гэсэн л утгатай.

10 жилийн дараах өөрийгөө төсөөлбөл?

-Мэдэхгүй, амьд байж байвал зорилгоо гүйцэлдүүлээд л, бодсон юмаа хийгээд явж байна. Юу ч байхгүй байсан ч гэсэн. Хүнд юу ч тохиолдож магадгүй шд.

Хэлэх дуртай үгнээсээ хуваалцвал.

-“Үүр цайхын өмнө хамгийн харанхуй байдаг” гэдэг үгийг хэдэн сарын өмнө ч билээ олж уншсан. Тэрнээс хойш дуртай болсон. Энэ их гоё үг. Одоо хүмүүс ямар нэгэн зүйл хийгээд явж байхад хэцүү зүйл олон тохиолдоно. Тэрийг л тэвчих ёстой. Тун удахгүй гэрэл гарна аа гэсэн утгатай.

Миний асуугаагүй үлдээсэн, таны хэлье гэж бодож байсан зүйл байвал төгсгөлд нь хэлнэ үү?

-Ер нь ажиглаад байхад манайхан жоохон хувиа хичээсэн зан нь давамгайлаад байгаа юм шиг санагддаг. Сошиал орчныг далай гэвэл дотор нь юм байгаа хүмүүс хайр байхгүй, яг амьтан шиг амьд үлдэхийн тулд нэгнээ барьж иддэг. Хаана ямар загас отоод зогсож байгааг нь мэдэлгүй хандалт авахын тулд юу ч хийхэд бэлэн хүмүүс болчихсон ч юм шиг. Тэгж бас болохгүй л дээ. Хүнд сэтгэл зүрх гэж юм байна. Цаг хугацаа гэж бас байна. Надад явж явж цаг хугацаа гоё санагдаад байдаг шд. Тухайн үед намайг буруугаар ойлгож байсан зүйлсийг цаг хугацаа явах тусам хүмүүст хэлээд өгчихдөг. Тэгээд битгий ганц өөрийгөө бодоорой л гэе.

Харин өсвөр үеийнхэндээ хэлэхэд мөрөөдөл зорилгодоо хамгийн гол нь үнэн ч байх хэрэгтэй. Чамайг зорилго мөрөөдөл чинь хэзээ ч хаяад явахгүй. Ямар ч үед хамт байна гэсэн хүмүүс орхиод явж болно. Харин чи тэр хүмүүстээ маш их цаг хугацааг зарцуулаад байгаа ш дээ эцэст нь тэр хүмүүс чамайг хаяад явахад чамд юу үлдэх вэ? Тэр бүх зарцуулсан цаг хугацааг буцааж авч чадахгүй байхгүй юу. Харин чи тэр цаг хугацааг мөрөөдөл зорилгодоо зарцуулаад явж байсан бол хэн ч чамайг хаяж явсан ч тэр үед чи тодорхой хэмжээнд хөгжчихсөн нэг зүйлээ илүү сайн чаддаг болчихсон байх учраас миний захих юм бол өөрийгөө маш сайн хөгжүүл. Өөрийгөө хүчтэй болго, сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Дараа нь мөрөөдөл зорилгоо маш их үнэ цэнэтэй байлгах хэрэгтэй шүү. Одоо надад янз бүрийн л зүйл тохиолдож байгаа. Жишээ нь би цомгоо гаргах гээд явж байхад магадгүй би халаасандаа арван мянган төгрөгтэй явж байгаа мөртлөө 10 саяын саналаас татгалзаж байгаа байхгүй юу. Эндээс миний цомог ямар үнэ цэнэтэй вэ гэдэг нь харагдана. Ер нь зорилго мөрөөдөл гэдэг зүйл хүнийг утга учиртай болгодог учраас өөрийнхөө хүссэнээр амьдраарай л гэж хэлмээр байна.

 

 

 

 

 

 

#Thunder