Ha Young гэр бүлийн түүхтэй нь холбоотой маргааны талаар уучлалт гуйлаа


Т.Онон | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Ha Young-ийн элэнц өвөө Ан Сан Хо нь 1916 онд Японыг дэмжигч байгууллагын зөвлөлийн гишүүнээр бүртгэгдэж байсан нь батлагдсанаар маргаан, шүүмжлэлд өртөөд байгаа юм.

Тэрээр гэр бүлийн түүхтэй нь холбоотой маргааны талаар уучлалт хүссэн захидлыг өөрийн инстаграмдаа нийтэлжээ. 

Сайн байна уу. Ha Young байна.

Юуны өмнө элэнц өвөөтэй минь холбоотой асуудлын улмаас олон хүн урам хугарсанд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Сүүлийн үед элэнц өвөө Ан Сан Хогийн өнгөрсөн үеийн үйлдлүүдийн талаар мэдэж авсныхаа дараа би гэр бүлийнхээ түүхийг их эргэцүүллээ.

Өнөөг хүртэл би элэнц өвөөгийнхөө амьдралын талаар зөвхөн гэр бүлийнхэн маань дамжуулан ярьж өгсөн түүхийг л мэддэг байлаа. Ийм зүйлсийг хангалттай сайн мэдээгүй атлаа, би түүнийг гэр бүлийнхээ бахархал мэтээр ярьж байсан нь ичмээр байна.

Энэ явдлын дараа би өөрөө холбогдох материалуудыг судалж үзээд элэнц өвөөгийнхөө Японыг дэмжсэн үйл ажиллагааны талаар мэдэж авсан. Японы колоничлолын үеэр манай улс оронд тохиолдсон тэрхүү гашуун түүхийг бүрэн дүүрэн ойлгоогүй атлаа гэр бүлийнхээ түүхийн талаар хөнгөн хуумгай ярьж байсандаа үнэхээр их харамсаж байна.

Мөн энэ маргаан анх дэгдэх үед би өөрөө ч бодит баримтуудыг тодорхой мэдээгүй байсан бөгөөд үүний улмаас агентлаг маань тухайн мэдээллүүдийг “үндэслэлгүй” хэмээн мэдэгдэл гаргасан.

Би үр удам нь болохын хувьд чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Түүнчлэн Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын баярын өдөр ойртож буй энэ үед өөрийн алдаа дутагдлаас болж асуудал үүсгэсэндээ бүр ч их гэмшиж байна.

Цаашид эх орныхоо түүхийг гүнзгий судалж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж, эх орныхоо эрх чөлөө, сайн сайхны төлөө бүхнээ зориулсан эх орончид болон бусад бүх хүнд хүндэтгэлтэй хандаж, тэдний үйл хэргийг хүндэтгэн амьдрахын төлөө хичээх болно. 

Хүндэтгэсэн,
Ha Young

#Ha Young