5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

Г.Золбообаяр: Жижигхэн ч гэсэн антивирус программ зохиохыг хүссэн юм


Хүн заавал хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд хүлээх шаардлагагүй гэдгийг нотлон харуулж 6 настайгаасаа хойш компьютерын шинжлэх ухаанд дурлаж 9 настайдаа анти вирусны программ зохиожээ. Тэрээр энэ зун оюутнуудтай өрсөлдөн өөрөөсөө ах оюутан залуустай хамт шалгарч Голомт банканд хоёр сарын турш урилгаар дадлага хийсэн. Одоо 16 настай ч ирээдүйд илүү ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй түүний хүсэл мөрөөдөл болоод хувийн үзэл бодлынх талаар ярилцлаа.

YOLO: Сайн байна уу? Уншигчдад маань өөрийгөө танилцуулаач?

-Сайн байна уу намайг Гантөмөр овогтой Золбообаяр гэдэг. Би 2002 онд ОХУ-ын Владимир хотод төрж өссөн. Саяхан хоёр жилийн өмнө Монголд ирсэн. Одоо Олонлог сургуулийн 10-р ангид сурдаг.

YOLO: Анх хэдэн настайгаасаа хойш компьютер сонирхож эхэлсэн бэ? Нөлөөлсөн зүйл?

-Бага байхад эгчид маань аав ээж хичээл, бие даалтаа хий гэж компьютер авч өгсөн юм. Тэр үед би 6 настай байсан. Компьютер хэрхэн ажилладаг, яаж ашигладаг юм бол гээд сонирхол төрж эхэлсэн бөгөөд гар, хулгана гээд төхөөрөмжүүдийг бүгдийнх нь үүргийг мэдэж авахыг хүсч байсан. Тэгээд Оросын нэгэн вирусны эсрэг программ эгч маань худалдаж авч байсан. Түүнийг их сонирхож компьютерыг нарийвчлан судалж 4-р ангидаа анх удаагаа Delphi программчлалын мэдлэгээ ашиглаж ангидаа илтгэл үзүүлэх программ хийсэн. Энэ нь бусад энгийн илтгэлээс юугаараа онцлог вэ гэвэл дэлгэц дээр ярих юмаа мартсан бол үг нь гарч ирдэг давуу талтай.

YOLO: Маш бага байхаасаа хойш программчлал хийж сурсан байна шүү дээ. Энэ мэдлэгийг хаанаас хэрхэн сурсан бэ?

-Би сонирхол татсан, хийж үзмээр зүйлсээ интернетээс сурсан. Тэгээд өөртөө нэгэн бяцхан зорилго тавьсан. Энэ нь юу вэ гэвэл жижигхэн ч гэсэн анти вирус зохиох байлаа. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд олон зүйлс туршиж, шинээр сурч мэдэж авсны үндсэн дээр анх 9 настайдаа анти вирус зохиож санасандаа хүрсэн.

YOLO: Олон олимпиад, тэмцээн уралдаанд оролцож өөрийн ур чадвараа харуулсан байна. Тэднээс хамгийн их ур чадвар, техник шаардсан нь ямар тэмцээн байсан бэ?

-Өмнө нь би зүгээр л энгийн алгоритм сураад программчлалын хэлээ судлаад явж байсан бол тэмцээн уралдаанд орсноор илүү их зүйл судалж сурч мэдсэн. Хамгийн их ур чадвар шаардсан нь “Программчлалын улсын олимпиад” байсан. Хэдий би байр эзлээгүй ч тэндээс маш их зүйлийг сурч мэдсэн. Мөн Хакууд буюу Харуул занги тэмцээн техник болон логик сэтгэлгээ шаардсан тэмцээн байсан юм. 2017 онд “Харуул Занги U18” тэмцээний тухай мэдээлэл зүйн багшаасаа сонсон, долоо хоногийн дотор бэлдэн эхний шатанд 2-р байранд орж, сүүлийн шатанд түрүүлсэн. Компьютер руу довтлох, вирус зохиох, эдгээрээс сэргийлэн хамгаалах зэрэг үйлдлүүдээр өрсөлдсөн.

YOLO: Энэ зун Голомт банканд дадлага хийх урилга авч, хоёр сарын турш ажилласан. Энэ талаараа яриач.

-“Голомт банк Internship opportunity 2k18” өдөрлөг зохион байгуулж байгааг мэдээд очиж оролцсон. Тухайн үед сонирхож ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байсан. Бид багт хуваагдан даалгавар биелүүлэх ёстой байлаа. Оролцогч баг бүрээс шилдэг нэг оюутан шалгаруулан ажиллах урилга өгсөн. Гэтэл намайг сонгон дадлага хийн хоёр сарын турш ажиллах эрхийг өгөхөд үнэхээр баяртайгаар хүлээж авсан.

YOLO: Хийсэн ажлаасаа дурдвал? Тэндээс сурсан зүйл?

-Аль ч мэдээллийн систем, компьютер цоорхой буюу халдлагад өртөх боломжтой байдаг юм байна гэдгийг мэдсэн. Хүн бол яг л цоорхойтой адил, учир нь хүнийг хуурч болно, вирус халдааж ч болдог. Тиймээс миний хийсэн зүйл эдгээрээс хамгаалах тал дээр ажилласан.

Golang ашиглан HTTP+HTTPS дээр MITM халдлага хийх зориулалттай proxy сервер дээр ажиллаж өөр олон аппликейшн дээр ажилласан.

Lan turtle, packet squirrel, wifi pineapple зэрэг төхөөрөмжүүдийг туршиж үзсэн.

Wifi дээр DoS, bruteforce зэрэг халдлага хийх гээд олон зүйл сурч мэдсэн.

YOLO: Ирээдүйн зорилго? Ямар мэргэжилтэй болох вэ?

-Мэдээж IT инженер болно гээд зорилго тавьчихсан байгаа. Сургуулиа төгсөөд хаана сурах вэ гэдэг талаар судалж байгаа. Харин би ирээдүйд юу хийж бүтээх вэ, гээд бодож үзсэний дараа яг л Фэйсбүүк, Гүүгл шиг хүмүүсийн ажлыг хөнгөвчилсөн аль эсвэл нийгэмд тустай үйл ажиллагаа явуулдаг старт-апыг байгуулна гэж боддог.

Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд олон зүйлс туршиж, шинээр сурч мэдэж авсны үндсэн дээр анх 9 настайдаа анти вирус зохиож санасандаа хүрсэн.

YOLO: Код бичих, программ дээр ажиллахад ямар ур чадвар хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд үүнийг хийх хүсэл сонирхолтой байх хэрэгтэй. Миний бодлоор логик сэтгэлгээ, мөн математик чухал. Нэг багш маань “Монгол улсад мэдээллийн системийн веб үүсгээд түүнээс хэрэгтэй хүмүүс нь мэдээллээ авдаг болвол Монгол Улсын хөгжилд түлхэц болно” гэж хэлж байсан. Тэгэхээр бүтээлч сэтгэлгээтэй байх нь ч бас давуу талтай.

YOLO: Компьютер, программчлалаас өөр сонирхдог зүйл бий юу?

-Би шатар тоглох дуртай. Мөн саяхнаас сагс тоглож эхэлсэн. Монголд ирсний дараа хүүхдүүд маш их сагс тоглодог болохыг анзаараад их гайхсан. Дараа нь өөрөө тоглож сураад яагаад хүүхдүүд дуртай байдгийг ойлгосон доо /инээв/

YOLO: Ихэнх хүүхдүүд чиний насан дээр хичээлээ хийж, суралцаж байдаг шүү дээ. Харин чи суралцахынхаа хажуугаар хүүхдүүдэд хичээл заадаг гэсэн. Юуны талаар заадаг вэ?

-Манай сургуульд олон хүүхэд шилжиж ирдэг. Энэ жил 7, 8, 9, 10-р ангийн 60 хүүхэд ирсэн. Тэдгээр хүүхдүүдэд хичээл заах, мэдэхгүй зүйлс дээр нь туслах зэргээр хичээл заадаг.

YOLO: Чиний хувьд өдөр бүр завгүй байдаг байх. Нэг өдрийг хэрхэн өнгөрүүлдэг талаараа хуваалцаач ?

-Зарим хүний хувьд орой байж магадгүй, харин зарим хүний хувьд эрт байж магадгүй би өглөө 6:30 гэж босдог. Босоод өглөө хичээлдээ явахын өмнө хоол хийж иддэг. Ингэхээр өдөр өлсдөггүй, хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд тусалдаг. Гэрээсээ сургууль хүртлээ байнга алхдаг. Юунд ч явсан алхаад л явчихдаг. Өдөрт 8-9 цагийн хичээлтэй байдаг болохоор тараад багш нартайгаа юм хийх, хичээлээ давтах, хүүхдүүдэд хичээл заах, сургалтандаа суух гэх мэт зүйлс хийдэг. Мэдээж хааяа чөлөөт заваараа найзуудтайгаа хөгжилддөг.

YOLO: Бусад IT инженер болох хүсэл сонирхолтой хүүхдүүдэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Эхлээд юунд дуртай, юу сонирхлыг чинь татаж байна түүнийгээ л дага. Зураг зур, спортоор хичээллэ дуртай зүйлээ турш. Тэгээд юунд хөтлөгдөж байна үнэхээр компьютерын шинжлэх ухаан сонирхолтой байвал сонго. Дотроо маш олон чиглэлтэй байдаг шүү. Ирээдүйд хэн болохыг мөрөөдөж байна, тэр мөрөөдлийнхөө төлөө бүү шантраарай. Би өмнө нь мэдээлэл зүйн хичээл дээрээ олимпиадад орохын тулд C++ программчлалын хэл сурч байсан. Дараа нь олимпиад, тэмцээнүүдэд орсныхоо дараагаар би алгоритмын хэрэглээг бүр илүү их ойлгож байсан. Яг үүн шиг сургуульд сурч байгаа зүйлсээ сайн ойлгож хичээгээрэй. Дараа нь хэрэг болно шүү гэж хэлмээр байна.

YOLO: Ярилцсанд баярлалаа. Зорилгодоо заавал хүрээрэй smiley

-Баярлалаа.

#Success