Нарны гадаргыг урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтайгаар дүрсжүүлжээ


А.Номин | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Эрдэмтэд хамгийн хүчирхэг дуранг ашиглан нарны гадаргууг урьд өмнө байгаагүй өндөр нарийвчлалтайгаар дүрсжүүлжээ. 

Үүний тусламжтай өмнө нь ажиглах боломжгүй байсан "эргүүлэг" хөдөлгөөнийг мөн илрүүлсэн байна. 

Тодруулбал дурангаар авсан зураг, дүрс бичлэгүүдэд нарны халуун хий тасралтгүй хөдөлж, соронзон орныг мушгин эргүүлж буй үзэгдэл тод буужээ. 

Эрдэмтдийн тайлбарласнаар уг эргэлдэх хөдөлгөөн нь нарнаас ялгарах асар их энерги болон сансарт болж буй бүх цаг агаарын үзэгдлийн эх үүсвэр аж.

Ийм үзэгдэл нь дэлхийн цахилгаан эрчим хүчний сүлжээ, хиймэл дагуулын ажиллагааг доголдуулах, сансрын нисгэгчдийн эрүүл мэндэд ч эрсдэл учруулж болзошгүй гэв.

АНУ-ын Үндэсний Нарны ажиглалтын төвийн (NSO) эрдэмтэн "Сансрын цаг агаарын эх үүсвэр нь нар өөрөө учраас бид нарыг маш сайн судалж байж ирээдүйд ийм үзэгдлийг урьдчилан таамаглах боломжтой болно" гэжээ.

Эрдэмтдийн үзэж буйгаар эргэлдэх хөдөлгөөний улмаас соронзон энерги хуримтлагдаж, нарны хүчтэй дэлбэрэлт болдог байна.

Эдгээр шинэ ажиглалтууд нь зөвхөн сансрын цаг агаарыг тайлбарлахаас гадна нарны гадаргуу яагаад маш өндөр температуртай байдаг зэрэг суурь олон асуултад хариулахад чухал ач холбогдолтой гэж онцолжээ.

Эх сурвалж: ВВС

#Нарны гадарга