

Хөвдөг галт тэрэгнээс эхлээд Walt Disney World-ийн доорх аварга том хог сорох систем хүртэл дэлхий ертөнц сонин хачин зүйлсээр дүүрэн. Хүн бүрт аялах олон шалтгаан байдаг ч тэдгээр дундаас хамгийн догь шалтгаан нь эдгээр хачирхалтай зүйлсийг өөрийн нүдээр үзэх байдаг. Жил ирэх тусам бидэнд үзэж, нүд тайлах олон зүйлс гарч ирж байгааг хэлэхэд таатай байна.
Энэхүү нийтлэлийг бид аялалд явахдаа бэлдэж буй уншигчдадаа илүү догдлол нэмэх гэж, нөгөө талаар аялалд явахгүй байхаар шийдсэн уншигчдадаа аялах шалтгаан өгөх гэж бэлтгэлээ.
1. Хамгийн богино нислэг хоёр минутаас ч бага хугацаанд үргэлжилдэг

“Онгоц удахгүй хөөрөх гэж буй тул суудлынхаа бүсийг зүүгээрэй...мөн удахгүй газардах тул суудлынхаа ширээг эвхээрэй”. Энэхүү хоёр минутын нислэгээр ийм л зааварчилгаа явдаг гэж төсөөлмөөр.
Шотландын арал хоорондын нислэгийн хугацаа хоёр минут ч хүрдэггүй гэнэ. Orkney арлуудын нэг хэсэг болох Westray арлаас Papa Westray арал хүртэл ердөө минут 14 секунд шаардагддаг байна.
2. Хамгийн удаан нислэг 19 цаг үргэлжилдэг

Бүхэл бүтэн 19 цагийн турш онгоцонд сууж явна гэдэг хүн бүрийн хүсээд байх зүйл биш. Энэ хугацаанд бид нийтдээ таван хоол, 8 цагийн хоёр удаагийн унтлага, дөрвөн суниалт болон таван кино үзэх боломжтой юм. Өнөөдрийн байдлаар хамгийн урт хугацааны нислэг 18 цаг 50 минут үргэлжилдэг байна.
Уг нислэг нь Сингапураас Нью Йорк хүртэлх нислэг бөгөөд нийтдээ 15,348 км ямар ч зогсолтгүй явдаг гэнэ. Нислэг маш урт тул энэ чиглэлийн онгоцоор нисэх иргэдэд зөвхөн экономи болон бизнес класс суудлуудыг санал болгодог.
3. Италид олон нийт уух боломжтой үнэгүй дарсны оргилуур байдаг

Ромын зүүн хэсэгт, Адриатын тэнгисийн эрэг болон Апеннийн нурууны хооронд Абруззо хэмээх үзэсгэлэнт бүс нутаг оршдог. Абруззогийн Калдари ди Ортона гэх тосгонд Дора Саркезе гэх усан үзмийн талбай байрлана.
Энэхүү усан үзмийн талбайд алдарт үнэгүй усан үзмийн дарсны оргилуур бий. Тухайн дарсыг Монтепульчано гэх усан үзмийн сортоор хийдэг байна. Европт байдаг бусад ижил төстэй дарсны оргилуураас ялгаатай нь Дора Саркезе нь ядарсан мөргөлчид, аялагчдад зориулан дарсыг тасралтгүй урсган хүртээдэг байх нь.
4. Нисгэгчид хэзээ ч ижил төрлийн хоол иддэггүй

Аюулгүй байдлын үүднээс ихэнх онгоцны нисгэгчид нислэгийн өмнө болон дараа бие биеэсээ өөр төрлийн хоол иддэг аж. Учир нь хэрвээ онгоц жолоодож буй нисгэгч азгүй тохиолдлоор муудсан хоол идэн өвдсөн тохиолдолд нөгөө нисгэгч нь түүний оронд жолоог гартаа авах юм.
Хэдийгээр нисгэгчид нэгнээсээ өөр хоол идэх ёстой гэсэн албан ёсны дүрэм байдаггүй ч олон агаарын тээврийн компаниуд өөрсдийн дотоод журамдаа энэ талаар тусгасан байдаг. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нисгэгчид нэгдүгээр зэрэглэлийн хоол иддэг бол туслах нисгэгчид бизнес классын хоол иддэг байна.
5. Бангкок нь дэлхий дээрх хамгийн урт нэртэй газар

Бангкок нь дэлхий дээрх хамгийн алдартай аяллын чиглэлүүдийн нэг. Ийшээ ихэвчлэн үүргэвчтэй аялагчид болон контент бүтээгчид ирдэг бөгөөд харамсалтай нь тэд хэзээ ч хотын нэрийг зөв дуудаж чаддаггүй.
Бангкок хотын тайланд нэрийг “Крунг Теп Маха Накхон” гэдэг ба “Тэнгэр элч нарын их хот” хэмээн орчуулагддаг. Гэхдээ “Крунг Теп Маха Накхон” нь хотын нэрийг товчилсон хэлбэр. Бүтэн нэрийг нь Крунг Теп Маха Накхон Амон Раттанакосин Махинтхара Аюттая Махадилок Фоп Ноппарат Ратчaтани Буриром Удомратчанивет Махасатан Амон Пиман Аватан Сатит Саккатхаттия Витсанукам Прасит гэдэг байна.
6. Дэлхий дээрх хамгийн богино нэртэй газрын нэр бол “Å”

Å нь Норвег улсын загасчдын жижиг тосгоны нэр юм. Тосгоны нэрийг уншихдаа та “а” биш харин “оо” гэж дуудах ёстой. Гэхдээ Å-тай хамгийн богино нэртэй газраар өрсөлдөх хэд хэдэн өрсөлдөгч байдаг. Жишээ нь, Аляска дахь Y, Францын Y, Шведийн Ö, болон Дани улсын Ø нар юм.
7. Хятад улс цагийн бүс ашигладаггүй

Хятад нь маш өргөн газар нутагтай улс бөгөөд 1940 оныг хүртэл нийт таван цагийн бүстэй байв. Гэхдээ энэ байдал коммунизмтай холбоотойгоор өөрчлөгдсөн бөгөөд тухайн үеийн удирдагчид улс даяараа нэг цагийн бүстэй байх нь нэгдмэл байдлыг бэлгэднэ гэж үзжээ.
Ийнхүү зарим Хятадын бүс нутагт нар 10:00 цагт манддаг байна.
8. Франц бол хамгийн их аялагчид цуглардаг улс

Жилд дунджаар 89 сая олон улсын аялагчдыг татдагаараа Франц нь дэлхий дээрх хамгийн их аялагчид зочилдог улс болж байна. Үүнд гайхаад байх зүйл байхгүй. Нийслэл хот болох Парисын сүр жавхлан болон Ривьерагийн дэгжин байдал, байгалийн гоо үзэсгэлэн гээд Францад очиж үзэх газар олон байдаг.
Францын дараа Испани, АНУ зэрэг ордог байна. Мөн Герман, Мексик, Хятад, Итали, Турк зэрэг орнууд ч эхний арван байранд зүй ёсоор бичигддэг.
9. Дэлхийн хамгийн үнэтэй зочид буудлын өрөө усан доор байрладаг
-100248-387761844.jpeg)
Бид маш үнэтэй, тансаг зэрэглэлийн зочид буудлын өрөөг төсөөлөхдөө бараг л тэнгэрт тулсан барилгын хамгийн дээд давхарт байрлах цэлгэр том цонхтой өрөөг төсөөлдөг. Гэсэн ч бодит байдал дээр хамгийн үнэтэй буудлын өрөө далайн гүнд байрладаг гэнэ.
Сент Люсид “Lovers Deep” хэмээх тансаг зэрэглэлийн шумбагч онгоцон зочид буудал байдаг. Тухайн шумбагч онгоцыг хаашаа явахыг үйлчлүүлэгчид шийдэхээс гадна, газар дээрх хамгийн тансаг гэж тооцогддог зочид буудлуудтай өрсөлдөхүйц таван одтой үйлчилгээг үзүүлдэг байна. Далайн гүнд өнгөрүүлэх нэг шөнийн үнэ ойролцоогоор 150,000 ам.доллар гэнэ шүү.
10. Ирэх таван жилийн хугацаанд сансрын зочид буудал нээгдэнэ

Магадгүй энэ нь танд яг л хэзээ ч биелэхгүй шинжлэх ухааны зөгнөлт киноны зохиол мэт санагдах боломжтой ч, хүн төрөлхтөн бид аль хэдийнээ сансарт зочид буудал нээх хэмжээний хөгжлийн шатанд хүрээд иржээ. Буудлыг Орбитал Ассембли гэх сансрын станцын чиглэлээр мэргэшсэн компани байгуулах юм.
Компаний хэлснээр тэд зочид буудлыг ойрын хэдэн жилдээ нээхээр төлөвлөж байгаа бөгөөд нэг биш бүр хоёр буудал байгуулахаар ажиллаж байгаа гэжээ. Нэг буудал нь 400 зочин хүлээж авах зориулалттай байх бол нөгөө нь ердөө 28 зочдыг багтаах боломжтой байх юм байна.
Эх сурвалж: EXPLORE
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!