

Хиймэл оюун ухааныг дижитал ажилтан гэж сурталчлах нь хүмүүсийн алдаа илрүүлэх чадварыг сулруулж, хариуцлагын мэдрэмжийг бууруулдаг болохыг MIT Technology Review-д нийтлэгдсэн 2026 оны судалгаагаар тогтоожээ.
Ажилдаа ирэхэд танай багт шинэ хүн нэмэгдсэн тухай мэдэгдэл ирлээ гэж төсөөлөөд үзье. Гэхдээ тэр хүн биш. Компани тань түүнд "Алекс" гэх нэр өгч, албан тушаал, тодорхой үүрэг хариуцлага оноосон хиймэл оюуны агент юм. Хэрэв та Алексийг хиймэл оюун ухаан биш жинхэнэ хамтран ажиллагч гэж хүлээн авбал түүнтэй илүү үр дүнтэй ажиллах болов уу?
Тус судалгаан үр дүн үүнийг үгүйсгэж байна. Судлаач Эмма Уайлсын туршилтаар оролцогчдод ижилхэн хиймэл оюун ухаанаар боловсруулсан материалыг хоёр өөр байдлаар танилцуулжээ. Нэг хэсэгт нь AI ажилтаны хийсэн ажил гэж, нөгөө хэсэгт нь энгийн чатботын боловсруулсан гэж тайлбарласан байна.
Үр дүнд нь AI ажилтны хийсэн ажил гэж үзсэн хүмүүс 18 хувиар цөөн алдаа илрүүлжээ. Өөрөөр хэлбэл, AI-г хэрхэн танилцуулж байгаа байдал нь хүмүүсийн итгэх итгэл болон шүүмжлэлтэй хандах чадварт шууд нөлөөлдөг байна.

AI-г сүүлийн үед дижитал ажилтан болгон сурталчилж байна.
Сүүлийн жилүүдэд технологийн компаниуд AI агентуудыг байгууллагын дижитал ажилтан эсвэл дижитал хамтрагч хэмээн тодорхойлох болсон. Өнгөрсөн онд Женсен Хуан ирээдүйн ажлын байрыг дижитал хүмүүс ажиллах орчин болно гэж тодорхойлсон.
Харин энэ оны дөрөвдүгээр сараас хойш Microsoft, OpenAI, Anthropic болон Google компаниуд AI агентуудын багийг удирдах шинэ хэрэгслүүдээ танилцуулж, тэдгээрийг хүний адил уян хатан, бие даан ажиллах чадвартай дижитал хамтрагч гэж сурталчилж байна.
Судалгаанд хамрагдсан 1261 менежерийн бараг гуравны нэг нь компани нь AI агентуудыг албан ёсоор ажилтан гэж тодорхойлдог гэж хариулжээ. Харин 23 хувь нь AI агентуудаа байгууллагын бүтцийн зурагт хүртэл оруулсан байна.
AI илүү чадвартай болж байгаа ч ажилтан болоогүй.
AI агентуудын хөгжил эрчимтэй байгаа нь үнэн. AI агент гэдэг нь тодорхой зорилгод хүрэх хүртлээ олон дараалсан үйлдлийг бие даан гүйцэтгэхээр бүтээгдсэн хиймэл оюуны систем юм. Өмнөх үеийн чатботуудаас ялгаатай нь илүү төвөгтэй даалгаврыг төлөвлөж, шат дараатайгаар гүйцэтгэх чадвартай болсон.
Гэвч энэ нь AI-г хүний адил хамтран ажиллагч эсвэл ажилтан болсон гэсэн үг биш. Харин ч ажилтан гэх нэршил нь AI-ийн бодит чадвараас давсан хүлээлт үүсгэж, хүмүүсийн хяналт, шүүлт, хариуцлагыг сулруулах эрсдэлтэйг судлаачид анхааруулжээ.

AI-г ажилтан гэж үзэхэд хүмүүс хариуцлагаа бага мэдэрдэг.
Эмма Уайлсын судалгаагаар AI-г ажилтан гэж танилцуулсан үед оролцогчид өөрсдийн хариуцлагыг мэдэгдэхүйц бага гэж үнэлжээ.Түүнчлэн AI-ийн эргэлзээтэй шийдвэрийг өөрсдөө шалгаж засахын оронд удирдлагад шилжүүлэх магадлал нь 44 хувиар өндөр байсан байна. Өөрөөр хэлбэл, AI хүний ажлыг хөнгөвчлөхийн оронд илүү олон шат дамжлага үүсгэж, цаг хугацаа болон бүтээмжийг алдагдуулах эрсдэл дагуулж байгаа юм.
AI-ийн цаана хэн хариуцлага хүлээх вэ?
AI агентууд эрүүл мэнд, боловсрол, төрийн байгууллага, батлан хамгаалах зэрэг өндөр хариуцлагатай салбаруудад улам бүр нэвтэрч байгаа энэ үед асуудал илүү ноцтой болж магадгүй. Хэрэв AI ашигласан шийдвэр алдаа гаргавал байгууллагууд хүний буруу шийдвэр, хангалтгүй хяналт, буруу урамшууллын тогтолцоог бус AI-г буруутгах хандлага нэмэгдэж болзошгүй. AI нь хүний гаргасан алдааны буруутан болж, жинхэнэ хариуцлага бүдгэрэх эрсдэл үүсэж байна.
"AI хүн орлох биш эсрэгээрээ ажилчдын чадварын нэмэгдүүлэх ёстой"
Эдийн засагч Дарон Асемоглу энэ талаар "Өнөөдөр AI агентуудыг хүнийг орлох технологи мэтээр сурталчилж байна. Миний бодлоор энэ нь урт хугацаанд зөв стратеги биш. Харин AI нь хүний чадварыг нэмэгдүүлж, хүмүүсийг илүү сайн ажиллахад нь туслах хэрэгсэл байх ёстой." хэмээн онцолжээ.

Ажилчид үнэндээ ямар AI хүсэж байна вэ?
Stanford University-ийн судлаачид 104 төрлийн мэргэжлийн 1,500 ажилтан дунд AI ямар ажлыг хийвэл хамгийн хэрэгтэй талаар судалгаа явуулжээ. Ихэнх оролцогчид AI зарим төрлийн автоматжуулалтад үнэхээр тустай гэж үзсэн байна. Жишээ нь хуулийн туслахууд AI олон хэргийн явцыг зэрэг хянахад үр ашигтай гэж үнэлжээ.
Гэвч технологийн мэргэжилтнүүдийн AI-д хамгийн тохиромжтой гэж үзсэн зарим ажлыг бодит ажилтнууд шаардлагагүй гэж үзсэн байна. Тухайлбал, борлуулалтын ажилтнууд үйлчлүүлэгчдийн зээлийн үнэлгээг AI-аар хийх санааг төдийлөн дэмжээгүй. Энэ нь AI хөгжүүлэгчдийн төсөөлөл болон хэрэглэгчдийн бодит хэрэгцээ үргэлж давхцдаггүйг харуулжээ.
Нэр өөрчлөгдсөнөөр AI илүү ухаалаг болохгүй.
"Алекс" гэх нэр өгч, албан тушаал оноосноор AI илүү чадвартай болохгүй. Харин ч хүмүүс AI-д хэт итгэж, түүний гаргасан мэдээллийг шүүмжлэлтэйгээр шалгах нь багасч, хариуцлагын мэдрэмж сулрах эрсдэл нэмэгддэг болохыг MIT-ийн судалгаа харуулж байна.
Эцсийн дүндээ AI-ийн зорилго нь хүнийг орлох биш, хүний шийдвэр гаргалтыг дэмжиж, ажлыг нь илүү үр ашигтай болгох явдал юм. Тиймээс AI-г хамтран ажиллагч бус хүний чадварыг нэмэгдүүлэх хэрэгсэл гэж ойлгох нь ажлын байрны илүү зөв бөгөөд тогтвортой хандлага болохыг судлаачид онцолжээ.
Эх сурвалж: technology review
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!