Улаан лооль хүнсний ногоо юм уу жимс юм уу?


С.Оюундарь | YOLO.MN
ӨЧИГДӨР

Бидний өдөр тутамдаа идэж хэвшсэн улаан лоолийг хүнсний ногоо юу эсвэл жимс үү гэсэн маргаан тойрон эргэлдэж байдаг. Өнөөдөр YOLO нь та бүгдэд энэхүү толгой эргэм асуултын хариуг өгөх болно.

Улаан лоолийн түүх

Улаан лоолийн үүсэл МЭӨ 500 жилийн өмнөөс эхлэлтэй. Улаан лоолийг ургуулж, тариалсан анхны хүмүүсийг Мексикийн Ацтекүүд гэж үздэг. Тухайн үед Ацтекүүдийн тариалж байсан зэрлэг улаан лооль нь вандуй эсвэл үхрийн нүд шиг жижиг хэмжээтэй байсан бөгөөд үхрийн нүдэн улаан лооль, пимп гэх нэрсээр нэрлэдэг байжээ. Энэхүү Өмнөд Америкаас гаралтай улаан лооль нь өнөөдөр оршиж буй бүхий л улаан лоолийн өвөг эцэг гэж тооцогддог.

Анхандаа улаан лооль нь зөвхөн Ацтекуудын л хэрэглээ байв. Гэсэн ч 15-р зууны сүүлээр Испаний эзэнт гүрэн хүчирхэгжиж Өмнөд Америкийн улсуудыг эрхшээлдээ оруулснаар тэндхийн иргэдийн соёл, мэдлэгийн талаар тодорхой ойлголтыг олж авсан байна. Энэ нь Испаничуудад улаан лоолийг танилцуулжээ. Нэгэнт Испаничууд улаан лоолийн тухай мэдсэн тул дүрэм ёсоор тэд бусад Европын орнуудад улаан лоолийг танилцуулжээ.

Улаан лооль хүнсний ногоо юм уу жимс юм уу?

Помидорийг хүнсний ногоо эсвэл жимсний төрөл гэсэн маргаан нь тийм ч шинэхэн маргаан биш юм. Уг асуулт албан ёсоор 1886 онд АНУ-д эхэлсэн байдаг.

Никсийн эсрэг Хедден (1893)

Маргаан, газар тариалангийн бүтээгдэхүүн импортолдог америкийн бизнес эрхлэгч Жон Никс, Нью Йоркийн боомт дахь гаалийн татвар цуглуулагчийг шүүхэд өгснөөр эхэлжээ. Тухайн татвар хураагч Никсд 1883 оны татварын хуулийн дагуу татвар ногдуулсан байна. Тус хуулиар бол хүнсний ногоо импортлогчид татвар төлөх ёстой бол жимсэнд ямар ч татвар төлөх шаардлагагүй тухай тусгасан байв.

Никс ургамал зүйн шинжлэх ухааны үндэслэлээр жимс болон хүнсний ногооны ялгааг заасан зарчмуудыг иш татаад, өөрийн импортолдог улаан лоолийг “жимс” мөн гэх хатуу байр суурийг баримталж байлаа. Гэсэн ч АНУ-ын дээд шүүхээс улаан лоолийг хүнсний ногоо гэсэн эцсийн шийдвэрийг гаргасан байна.

Шүүхийн зүгээс гаргасан шийдвэрээ тайлбарлахдаа хууль зүйн болон татварын тал дээр аливаа бүтээгдэхүүний томьёолол шинжлэх ухааны баримт дээрээс бус харин олон нийтийн итгэл үнэмшил, өргөн тархсан ойлголт дээр үндэслэгдэх ёстой хэмээн үзжээ. Тэр үед улаан

лооль нь ихэвчлэн давслаг хоолонд ашиглагддаг байсан тул иргэд улаан лоолийг хүнсний ногоо гэж боддог байсан байна.

Асуултын хариулт хэзээ ч ижил байхгүй

Хэдийгээр дээд шүүхээс улаан лоолийг хүнсний ногоо гэсэн шийдвэрийг гаргасан ч өнөөг хүртэл хүмүүс энэ тал дээр санал нийлдэггүй. Ялангуяа хүмүүс өөрсдийнхөө мэргэжлийн онцлогоос шалтгаалан өөр өөр хариултыг өгч, үндэслэлээ тайлбарладаг.

Ургамал судлаачдын хувьд улаан лооль бол “жимс”

Ургамал зүйд цэцгээс ургадаг, дотроо үртэй ургамлыг жимс гэж үздэг. Энэ тодорхойлолтын хүрээнд улаан лооль нь жимс, бүр цаашлаад берри төрлийн жимс буюу бөөрөлзгөнө, банана, үхрийн нүд гэх мэт жимсний гэр бүлийн нэг хэсэг аж. Учир нь улаан лооль нь дотроо үр агуулдаг, мөн улаан лоолийн ургамлаас гардаг цэцгээс ургадагтай холбоотой юм.

Тогооч болон энгийн хүмүүсийн хувьд улаан лооль бол “хүнсний ногоо”

Хэдийгээр ургамал судлалын хүрээнд улаан лооль нь жимс хэмээн тооцогддог ч хууль ёсны дагуу болон гал тогоонд бол улаан лооль нь хүнсний ногоо юм. Учир нь улаан лооль үргэлж давслаг хоолны орц болон ордогтой холбоотой. Та улаан лоолийг шарна уу, жигнэнэ үү, хуурна уу эсвэл бүр болголгүй тэр чигээр нь салатанд хийсэн ч эдгээрийн бүхий л явцад улаан лооль хүнсний ногооны үүргээр хоолонд хэрэглэгддэг.

Аль нь ч байсан улаан лооль нь маш олон давуу талтай

Эцсийн эцэст улаан лооль жимс ч бай хүнсний ногоо ч бай үр ашгаа өгч байгаа цагт нэрийн тодорхойлолт тийм ч чухал зүйл биш. Улаан лооль бол ямар ч хоолонд гайхалтай зохицдог туйлын олон ашиг тустай хүнс юм. Үүнийг эрүүл мэндийн шүүс болгон уух, дуртай үндсэн хоолныхоо гол орц болгон оруулах, эсвэл зүгээр салатанд шинээр нь хийгээд идэх гэх мэт маш олон төрлөөр хэрэглэж болно.

Эх сурвалж: Rimping

#food