
Оросын экспортын гол бараа газрын тос, байгалийн хий болон бусад байгалийн нөөц байсаар ирсэн ч Алёнка шоколад нь ЗХУ нуран унасны дараах эдийн засгийн хямралыг давж гарч чадсан цөөхөн хэдэн бүтээгдэхүүний нэг гэдгээрээ онцлогтой. Өнөөдөр Алёнка Оросын хамгийн алдартай амттаны брэнд бөгөөд тус улсын бэлэг тэмдэг болтлоо хүрээгээ тэлжээ.
Энэ бүхэн хэрхэн эхлэв?

Москвагийн “Улаан Арав Дугаар Сар” хэмээх үйлдвэр 1966 онд засгийн газраас буцалтгүй тусламж авснаар Алёнка шоколадыг үйлдвэрлэж эхэлсэн байна. Брэндийн амжилт нь тухайн үеийн Оросын эдийн засгийн хөгжил хамгийн тогтвортой, сайн байсан үед үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбоотой.
Амттай шоколад үйлдвэрлэхэд сүү маш чухал байдаг шүү дээ. Тэгвэл Алёнкаг үйлдвэрлэгч компани бүтээгдэхүүнүүдээ өндөр чанартай сүүгээр хийж байсан бөгөөд үнийн хувьд ч хямд зарагдаж байв. Тэр үед энгийн хар шоколадны үнэ 1 рубль байсан бол Алёнка 80 копеекоор худалдаалагдаж байсан гэдгээс хэр боломжийн үнэтэй байсныг нь харж болно.
Алёнкагийн нүүр царай болсон охины түүх

Та амьдралдаа нэг удаа ч гэсэн энэхүү Алёнка шоколадны цаасан дээр байх хацар нь улаа бутарсан өхөөрдөм, бяцхан охины царайг харж байсан нь гарцаагүй. Гэхдээ цэнхэр нүдтэй энэ хүүхэд үнэхээр хэн юм бэ гэдгийг олж мэдэцгээе.
Алёнкагийн ажилчид бүтээгдэхүүнийхээ савлагааны загварыг хэрхэн хийх тал дээр бүгд өөр өөр санал дэвшүүлж байсан тул тэд “Москвагийн үдэш” сониноор дамжуулан брэндийн нүүр царай болох төгс төрхийг хайж байгаагаа зарласан буюу нэг төрлийн тэмцээнийг ард иргэд дунд зохиосон байна. Мэдээж тэмцээний ялагчаар бидний танил болсон булцгар охин тодорсон бөгөөд тэр цагаас хойш брэндийн нүүр царай болсоор яваа юм.
Уг үйл явдлаас олон жилийн дараа буюу 1990-ээд онд компаний зүгээс “Алёнка чи одоо хаана байгаа юм бэ” гэсэн сурталчилгааг хийх далимд зураг дээрх охиныг хэн болох тухайг олох эрлийг эхлүүлжээ.
Хэдийгээр маш олон хүмүүс өөрсдийгөө зураг дээрх охин гэж хэлж байсан ч хамгийн сүүлд нь нэг л хүн тунаж үлдсэн нь ЗХУ-ын алдарт зурагчин Александер Геринасын охин Елена Геринас байв. Хэдийгээр компани Еленаг халуун дотноор хүлээж авсан боловч тэрбээр 2001 онд компанийг өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй ашигласан хэмээн нөхөн төлбөр авах зорилгоор шүүхэд дуудсан байна.
Алёнка, Елена хоёрын түүх тийм ч гэгээлэг байгаагүй ч брендийн нэр хүндэд энэ хэрэг нөлөөлсөнгүй. Харин ч шүүх хуралдаанаар Еленагийн нотлох баримт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсаны үндсэн дээр Алёнка брендийн ялалтаар өндөрлөжээ.
Нэрийн үүсэл

“Алёнка” гэсэн нэрийг сонгохдоо ч ажилчид ихээхэн тунгааж бодсоны эцэст сонгосон гэнэ. Уг нэр нь маш онцгой нэр хүндтэй байсан тул брэндийн нэр болохоор болсон гэж компаний менежер хэлж байж. Учир нь тэр үед Оросын алдарт хоёр сансрын нисгэгчид болох Андриян Николаев болон Валентина Терешкова (сансарт гарсан анхны эмэгтэй) нарын дундаас төрсөн охиныг Алёнка гэдэг байсан байна.
21-р зуунд Алёнка

Алёнка бренд үүсэн бий болсны 40 жилийн ойг тохиолдуулан Иван Земцов гэх орчин үеийн зураач “Алёнка зургийн төсөл”-ийг зохион байгуулжээ. Уг төслийн хүрээнд Орост байх Алёнка шоколаданд дурлагсад өөрсдийн Алёнка загварыг бүтээж Иван руу явуулсан ба тэрхүү бүх загварууд 2006 онд Йошкар-Олагийн урлагийн музейд байршуулагдсан байна.
Өнөөдөр ч гэсэн Алёнка алдар нэрээ хадгалсаар буй. ЗХУ-ын задрал болон тухайн улсад тохиосон маш олон эдийн засгийн хямралуудын үед ч Алёнка брэнд томорч, шоколадны төрлүүдээ нэмэн, гадагш бүтээгдэхүүнүүдээ борлуулсаар байсан билээ.
Хэрвээ та Оросын соёлд дуртай эсвэл чихэр, шоколадны дурлагч бол энэхүү шоколадыг идэж үзэхийг танд зөвлөж байна.
Эх сурвалж: lidenz
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!