Амазоны системийг хакердаж, Ivy league-н их сургуулиас хөөгдсөн ч өөрийн AI компанийг байгуулсан 21 настай залуу


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨЧИГДӨР

Томоохон технологийн компаниудын хамгийн том шүүмжлэл дагуулдаг онлайн ярилцлагын системийг нэгэн залуу өөрийн бүтээсэн AI ашиглан орвонгоор нь эргүүлж байв. Колумбийн их сургуулийн оюутан Рой Лий шалгалт авагчид огт харагддаггүй, зөвхөн хэрэглэгчийн нүдэнд үзэгдэх хагас тунгалаг нууц бүрхүүлэн систем бүтээж, дэлгэц болон дууг бодит хугацаанд уншуулснаар Амазоны шалгалтыг хакердаж чаджээ.

Рой Лий Interview Coder системийг бүтээгээд Амазоны ярилцлагад орохдоо ашиглаж байгаагаа өөрөө бичлэг хийж баримтжуулсан байна. Тэгээд ажлын санал авсныхаа дараа тэр бичлэгээ цахим орчинд цацаж “Хар л даа, энэ ярилцлагуудыг хакердах ямар амархан байгааг” гэж постууд оруулж байв.

Энэхүү шуугианаас үүдэн тэрээр Колумбийн их сургуулиасаа хөөгдсөн ч түүний бүтээсэн цоо шинэ UX AI систем Цахиурын хөндийг алмайруулж, "Abstract Ventures"-ээр ахлуулсан 5.3 сая долларын хөрөнгө оруулалтыг татаад байна. Мөн хэдийнээ жилийн 5 сая ам.долларын тогтмол орлоготой (ARR) "Cluely" компанийг байгуулжээ. Тэгвэл "EO" сувагт өгсөн түүний сонирхолтой ярилцлагыг хамтдаа сонирхоцгооё.

-Та өөрийгөө танилцуулаад, юу бүтээсэн талаараа ярихгүй юу?
-Намайг Рой гэдэг. Би Cluely нэртэй компанийг үүсгэн байгуулаад явж байна. Үнэндээ би техникийн ярилцлагуудад хуурах зориулалттай "Interview Coder" гэдэг хэрэгсэл бүтээснийхээ төлөө Колумбийн их сургуулиас дөнгөж саяхан хөөгдчихөөд байна.

Анх программ хангамжийн инженерүүдийн ярилцлагыг аргалах хэрэгсэл болгож бүтээж байсан ч тэр технологио ашиглан хамаагүй том компани руу шилжсэн. Одоогийн байдлаар жилийн тогтмол орлого маань 5 сая ам.долларт дөхөж байна. Мөн саяхан "Abstract Ventures" болон "SUSA Ventures"-ээр ахлуулсан 5.3 сая ам.долларын анхны шатны хөрөнгө оруулалтаа татлаа.

-Та үргэлж ийм өрсөлдөх чадвар ихтэй, тэрслүү хүүхэд байсан уу?
-Би багадаа нэлээд хөдөлгөөнтэй, байнга л хэрэг тарьдаг хүүхэд байсан. Математиктаа сайн байсан болохоор тэмцээн уралдаанд ордог, мэтгэлцээний багт байсан, бас виолончель тоглодог байлаа. Ээж маань намайг маш их шахдаг байсан ч би хичээл хийхэд үнэхээр дургүй байсан. Зүгээр л гадаа гарч найзуудтайгаа тоглохыг хүсдэг байв. Гэхдээ би үргэлж өрсөлдөх дуртай байсан. Манай ах надаас хоёр ах байсан болохоор би үргэлж түүнээс ухаантай байх, сургууль дээрээ илүү сайн дүн авахыг хичээдэг байлаа. Ер нь би үргэлж юу ч хийсэн ялж, дэлхийд эсвэл ангидаа нэгт байхыг л зорьдог.

Технологийн салбарын ярилцлагын системийг эвдсэн нь

-Таныг анх "Interview Coder"-ийг бүтээхэд юу нөлөөлсөн бэ?
-Программ хангамжийн ертөнцөд хэрэв чи том технологийн компанид ажилд орохыг хүсвэл "LeetCode" гэж нэрлэгддэг таавар шиг асуултуудад хариулах ёстой болдог. Том компанид ажиллаж байгаа бараг бүх хөгжүүлэгчид эдгээр 300-аас 600 тааврыг цээжилж, ярилцлага дээр шууд хариулдаг тэр шалгалтыг давсан байдаг. Миний өрсөлдөх зан чанараас болоод "LeetCode" дээр дэлхийн чансаа байдгийг мэдсэн даруйдаа би нэгт орохын тулд тэр таавруудыг цээжлэн хэдэн зуун цагийг зарцуулсан. Гэвч би үүндээ үнэхээр дургүй байсан бөгөөд энэ бол зүгээр л цагийн гарз байв.

"LeetCode" нь ажлын байран дээр хийдэг зүйлтэй ямар ч холбоогүй. Хүмүүс шүүмжлэлт сэтгэлгээгээ хөгжүүлэхийн оронд жилд 200 мянган ам.долларын цалинтай ажилд орохын тулд зүгээр л 10,000 асуултыг цээжилдэг. Энэхүү салбарын жишгийг би үнэхээр тэнэг гэж бодсон учраас бэлэн байгаа AI ашиглан эдгээр ярилцлагуудыг бусдад мэдэгдэхгүйгээр аргалах хэрэгсэл бүтээсэн. Би өөрөө Амазоны ярилцлагад орж, энэ хэрэгслийг ашиглан системийг хэрхэн амархан хакердаж болдгийг бичиж аваад харуулсан. Би ажлын санал ч авсан. Тэгээд энэ систем ямар хэрэгцээгүй, гажчихсаныг харуулахын тулд бичлэгээ хаа сайгүй тавьсан.

-Сургуулиас хөөгдөх үйл явц шууд нэг шөнийн дотор болсон уу? Бичлэг тань олонд түгэхээс өмнө энэ их стрессийг хэрхэн даван туулсан бэ?
-Олон хүмүүс намайг шууд л тэсрэлт хийсэн гэж боддог ч үнэндээ бүх зүйл олны хүртээл болтол бүтэн сарын хугацаа орсон. Тэр сарын хугацаанд Амазон компани үнэхээр их уурлаж, Колумбийн их сургуулиас хөөх шийдвэр ирсэн. Би дөнгөж 15,000 хандалттай байсан компанийн төлөө өөрийн бүх карьер, боловсролоо дэнчин тавьчихсан байсан үе.

Миний амьдралд байсан бүх хүмүүс, тэр байтугай хамтран үүсгэн байгуулагчид маань хүртэл үүнийг зогсоо гэж хэлж байсан. Гэвч миний толгой дотор "Үүнд асар их боломж бий." гэсэн дуу хоолой сонсогдоод байв. Тэгээд эцэст нь бичлэг маань цахим орчинд хүчтэй тархах үед тэр их анхаарал намайг Колумбийн их сургуулиас ирэх нэмэлт шийтгэлээс хамгаалж, энтрепренер болох замыг маань тавьж өгсөн. Компани байгуулах нь миний цорын ганц хүсэл гэдгийг мэдсэн учраас сургуулиа орхих шийдвэрийг би маш амархан гаргасан.

-Та цахим орчинд маш их шуугиан тарьдаг гэдгээрээ алдартай. Энэ нь урьдчилан тооцоолсон стратеги уу?
-Яг тийм. "Interview Coder" анх X дээр гарахад хүмүүс маш эерэгээр хүлээн авсан. Тэд намайг том технологийн компаниудын эсрэг тэмцэж буй зоригтой, дайчин хүү гэж харсан. Гэвч намайг томрох тусам үзэн ядалт ихэссэн ч би шүүмжлэлийг маш сайн хүлээж авдаг. Би өөрөө ч нэлээд талцуулсан зан чанартай хүн.

Ялангуяа X платформын хувьд хүмүүс зөрчилдөөн, драма харах дуртай байдаг. Хэрэв чи дэлхийн тэн хагасыг дургүйцүүлж, эсвэл бүр "Энэ одоо юу вэ?" гэж дуу алдуулахаар зүйл жиргэхгүй бол тэр чинь хэзээ ч хүмүүст хүрэхгүй. Чи хэдий чинээ маргаантай зүйл бичихэд бэлэн байна, төдий чинээ сайн. Цахим орчинд галзуу юм шиг байх нь бидэнд хор хөнөөл учруулдаггүй, харин ч эсрэгээрээ гэдгийг би ойлгосон. Энэ нь хүмүүсийг намайг болон компанийг сонирхоход хүргэдэг бөгөөд улмаар "Cluely"-ийн таталт, борлуулалтыг шууд өсгөдөг. Цахим амьдрал бол бодит амьдрал биш. Би бодит байдал дээр маш тайван хүн, харин цахим орчинд хандалт авахын тулд галзуу мэт аашилдаг.

-Цахим орчинд ийм их хандалт үүсгэж байхдаа хувийн амьдралаа хэрхэн хамгаалдаг вэ?
-Чи өөрийн бодит амьдрал болон цахим дүр төрхийнхөө хооронд маш тодорхой зааг гаргах хэрэгтэй. Сошиалаас тусдаа жинхэнэ амьдрал дээр миний бүрэн итгэдэг маш цөөхөн хүн бий. Намайг цахим орчинд ямар ч галзуу зүйл хийсэн миний эцэг эх үргэлж миний талд зогсоно. Чиний хүрээлэлд байгаа хүмүүс чамайг ямар ч нөхцөлгүйгээр хайрлаж байгааг ойлгосон цагт тэр тойргийн гадна, цахим орчинд болж буй бүх зүйл зүгээр л шуугиан төдий бөгөөд ямар ч хамаагүй болдог.

-Та "Interview Coder"-оос "Cluely" руу шилжиж, үүнийгээ бүх зүйл дээр хуурах хэрэгсэл гэж сурталчилж байна. Алсын хараа нь яг юу вэ?
-Бид "Interview Coder"-ийг бүтээж байхдаа чиний дэлгэцийг харж, дууг чинь сонсож, хагас тунгалаг дэлгэц хэлбэрээр харагддаг хиймэл оюун ухаан нь хэрэглэгчийн цоо шинэ туршлагыг бий болгож байгааг анзаарсан. Үүнийг зөвхөн шалгалт аргалахад зориулагдсан гэж бодох нь дэндүү алсын хараагүй хэрэг. Бид хиймэл оюун ухааны моделүүд бүрэн олон төрөлт болох тэр ирээдүйг угтан үүнийг бүтээж байна.

Хэдэн жилийн дараа чатботууд хэрэгцээгүй болно. Учир нь хэн ч ChatGPT рүү промпт бичихийг хүсэхгүй. Хиймэл оюун ухаан чиний юу хүсэж байгааг шууд өөрөө мэддэг болно. Бүх зүйл дээр хуурах гэдэг нь хүмүүсийг өдөөн хатгах гэсэн санаатай үг юм. Хэн нэгэн хиймэл оюун ухааныг маш үр дүнтэй ашиглаж байхыг хараад хүмүүс зөнгөөрөө "Энэ шударга бус байна, тэд хуурч байна" гэж боддог. Гэхдээ чи хурал дээр хиймэл оюун ухаан ашиглахад юу нь хууралт байх вэ? Энэ бол хууралт биш, зүгээр л асар том давуу тал. Бид хүн бүрт энэ давуу талыг олгохыг хүсэж байна. Хэрэв тооны машин эсвэл үг алдаа шалгагч ашиглах нь чамд тус болж байвал чи ашигладаг биз дээ. Хэрэв AI ажлыг чинь хийж чадаж байвал чи түүнд даатгах хэрэгтэй. Хүн бүр үүнийг ашигладаг болоход энэ нь хууралт гэж нэрлэгдэхээ больж, зүгээр л хүн төрөлхтний өдөр тутмын ажиллагаа болно.

-Хэрэв AI бүх зүйлд хариулж чаддаг болвол ажлын ярилцлагууд ер нь оршин тогтнох шаардлагатай юу?
-Бүх ярилцлагуудын хэлбэр өөрчлөгдөх ёстой. Хэрэв AI тухайн асуултад хариулж чадаж байвал тэр асуултыг ярилцлагаас хасах хэрэгтэй. Нарийвчилж хэлбэл, би ирээдүйд ажлын

ярилцлага ер нь хэрэгтэй эсэхэд эргэлзэж байна. Хэрэв чиний юунд сайн бэ гэдгийг, урьд өмнө хийж байсан бүх ажлыг чинь AI хянаад мэдчихэж байгаа бол яагаад заавал нэг цагийн техникийн шалгалт авах ёстой гэж? Түүний оронд зүгээр л тухайн компанийн соёлд тохирох эсэхийг үзэх 30 минутын яриа өрнүүлж, харин ур чадварын үнэлгээг AI шууд хариуцаж холбох хэрэгтэй.

-"Cluely"-ийн эцсийн, том зорилго юу вэ?
- "Cluely"-ийн зорилго бол хүн төрөлхтнийг бүх зүйлдээ AI ашигладаг тэр амьдралын хэв маягт дасгах явдал юм. Тийм ээ, маш олон ажлын байр үгүй болно. Гэхдээ хүмүүс урьд өмнөхөөсөө илүү их зүйлийг хийж бүтээх чадвартай болно. Хэрэв өнөөдөр бүх эрдэмтэд AI-ийг тултал нь ашиглаж эхэлбэл тэдний бүтээмж 100 дахин өснө. Бид хавдар болон Альцгеймерийн өвчнийг 10 жилийн өмнө анагааж, хүмүүс 400 насалдаг болж, Марс гараг руу хоёрхон жилийн дараа нисэж байх болно. Бид бүгдээрээ AI ашиглаж эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт нийгмийн хөгжлийн хурд асар хурдацтайгаар тэсрэлт хийнэ.

-AI-ийн хөгжлийг харж байгаа залууст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хэрэв чи яг одоо AI компани байгуулахгүй байгаа бол буруу зүйл хийж байна гэсэн үг. Энэ бол маш шинэ технологи учраас чи дөнгөж 19 настай, үүгээр ердөө хоёрхон сар оролдож үзсэн байлаа ч энэ салбарын анхдагч, шилдэг тархиудын нэг болж чадна. Энэ нь эрдэмтэн болохын тулд 20 жил сурах шаардлагатай биологийн салбар биш. Боломж яг одоо маш том байгаа учраас чи үүн дээр дөрөөлж 10 тэрбум ам.долларын компани ч босгож чадна.

Миний хэнд ч өгөх цорын ганц бодит зөвлөгөө бол илүү том эрсдэлүүдийг үүр. Залуус маань хангалттай ухаалаг, чадвартай, хөдөлмөрч. Хэрэв чи өөрийгөө заавал амжилтад хүрэхээс өөр аргагүй тэр эрсдэлтэй, өндөр бооцоотой нөхцөл байдалд хүчээр аваачвал өөрийгөө бодсоноосоо хамаагүй илүү чадвартай гэдгээ ойлгох болно. Таван сарын өмнө би зүгээр л нэг том технологийн компанид стандарт ажлын байранд орохыг хүсдэг жирийн л нэг оюутан байсан шүү дээ.

-Та Колумбийн их сургуулиас хөөгдөж, Харвардад орох эрхээ цуцлуулсан. Ер нь амьдралыг хэцүү, сорилттой гэж үздэг үү?
-Үнэнийг хэлэхэд миний амьдрал маш энгийн. Надад хайраар дүүрэн эцэг эх байгаа. Сургуулиа орхиод компани байгуулж байгаа хүнд Колумбиас хөөгдөх нь тийм ч том асуудал биш. Би угаасаа л сургуулиа хаях гэж байсан. Угандад өлсөж үхэж байгаа хүүхдүүд байхад хажууд нь миний амьдрал тийм ч хэцүү биш. Америкт байгаа, коллежид сурах боломжтой хүмүүс илүү өдөөлттэй, өөдрөг сэтгэх хэрэгтэй. Бид хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн сонирхолтой цаг үед амьдарч байна. Хэрэв чи туйлын ядуу биш л бол чамд үе удмаараа баян амьдрах хөрөнгө босгож, хамгийн сонирхолтой зүйлсийг хийх боломж байна. Чи асар их давуу талтай орчинд төрж өссөн учраас зоригтой байх хэрэгтэй.

-Амжилтыг ерөнхийдөө хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд амжилт гэдэг бол эхнэртэй болж, 12 хүүхэдтэй болоод хүмүүсийн ой санамжид үлдэх явдал юм. Стив Жобс, Илон Маск зэрэг хүмүүсийн талаар хүн бүр сайн эсвэл муугаар маш хүчтэй үзэл бодолтой байдаг ч, бүгд л тэдний тухай ярьж байдаг. Бид бүгд хэзээ нэгэн цагт үхнэ. Мянган жилийн дараа хэн ч биднийг санахгүй. Тийм учраас энд байгаа хугацаандаа бусдын сэтгэлд аль болох тод, хүчтэй үлдэхийг хүсэж байна.

Асар том компаниудыг байгуулдаг хүмүүс суут ухаантнууд биш. Тэд чамаас ухаантайдаа биш. Тэд зүгээр л илүү их хөдөлмөрлөж, илүү их эрсдэл гаргадаг. Хэрэв би Марк Цукерберг шиг баян боллоо ч миний суурь чанарт өөрчлөгдөх зүйл байхгүй. Зүгээр л миний хийсэн цуврал нарийн тооцоотой эрсдэлүүдийн үр дүн байх болно. Цукерберг болон бусад хүний хоорондох зай үнэндээ тийм ч том биш. Хэрэв чамд эрсдэл гаргах өөртөө итгэх итгэл байгаа бол чи маш олон удаа ялалт байгуулах болно.

Эх сурвалж: EO

#technology