Монгол тамирчдын үе үеийн олимпийн нээлтэд өмссөн ЁСЛОЛЫН ӨМСГӨЛҮҮД


Ж. Од-Эрдэм | YOLO.MN
2021-05-06

Манай улс хамгийн анх 1964 онд олимпийн наадамд оролцсон. Спорт сонирхдог, сонирхдоггүй ч наадмын нээлтийг нь үзэх дуртай хүүхэд залуус олон.

Энэхүү нийтлэлээр та бүхэнд монгол тамирчдын үе үеийн наадмын нээлтэд өмсөж байсан ёслолын өмсгөлүүдийг “Токио 2021” олимпод өмсөхөөр төлөвлөж буй хувцасны загвартай хамт хүргэж байна. 

1. ТОКИО 1964

Дэлгэрэнгүй нэр: Зуны XVIII олимп

Хаана: Япон улсын Токио хот

Туг баригч: Ч. Найдан /хөнгөн атлетик/

Тамирчид: 21 (17 эрэгтэй, 4 эмэгтэй) тамирчин спортын таван төрөлд

Тайлбар: Эмэгтэйчүүд нь цагаан дээлээр жигдэрсэн бол эрэгтэйчүүд нь хүрэн бор өнгийн ёслолын хувцастай оролцсон байна. Тухайн үед Япон Улс хаант засаглалтай байсан тул Хирохито эзэн хаанд хүндэтгэл үзүүлэн цэргийн марш алхалтаар цэнгэлдэх танхимд орж иржээ. Нэмж сонирхуулахад, “Токио 1964” нь Ази тивд зохиогдсон анхны олимп билээ.

2. МЕХИКО 1968

Дэлгэрэнгүй нэр: Зуны XIХ олимп

Хаана: Мексик улсын Мехико хот

Туг баригч: Х. Баянмөнх /чөлөөт бөх/

Тамирчид: 16 (12 эрэгтэй, 4 эмэгтэй) тамирчин спортын дөрвөн төрөлд

Тайлбар: Тамирчид хөх цэнхэр өнгийн өмсгөлөөр гоёцгоосон бол туг баригч Баянмөнх аварга үндэсний бөхийн зодог шуудагтай нээлтэд оролцжээ. Энэ олимпоос монгол тамирчид анхны медалиа хүртсэн билээ. Тухайлбал, чөлөөт бөхийн нэг мөнгө, гурван хүрэл медалийн амжилттай оролцсон байна. 

3. МЮНХЕН 1972

Дэлгэрэнгүй нэр: Зуны XХ олимп

Хаана: Баруун Герман улсын Мюнхен хот

Туг баригч: Б. Жамсран /чөлөөт бөх/

Тамирчид: 39 (37 эрэгтэй, 2 эмэгтэй) тамирчин спортын долоон төрөлд

Тайлбар: Бүх тамирчид болон албаныхан улаан өнгийн ёслолын хувцастай оролцжээ. Нэмж сонирхуулахад, 1968 онд туг барьсан Х. Баянмөнх аварга энэ удаагийн олимпоос мөнгөн медаль хүртсэн аж.

4. СӨҮЛ 1988

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXIV олимп

Хаана: БНСУ-ын Сөүл хот

Туг баригч: Б. Бат-Эрдэнэ /жүдо/

Тамирчид: 13 (10 эрэгтэй, 3 эмэгтэй) тамирчин спортын гурван төрөлд

Тайлбар: Бүх тамирчид болон албаныхан хөх өнгийн ёслолын хувцастай оролцжээ. Нэмж сонирхуулахад, энэ олимп Ази тивд зохион байгуулагдсан хоёр дох олимп болсон юм.

5. БАРСЕЛОН 1992

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXV олимп

Хаана: Испани улсын Барселон хот

Туг баригч: Б. Бат-Эрдэнэ /жүдо/

Тамирчид: 33 (27 эрэгтэй, 6 эмэгтэй) тамирчин спортын найман төрөлд

Тайлбар: Эрэгтэй тамирчид нь цагаан поло цамц, саарал ёслолын өмдтэй. Харин эмэгтэйчүүд нь монгол дээлээрээ гангарч оролцсон байна.

6. АТЛАНТА 1996

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXVI олимп

Хаана: АНУ-ын Атланта хот

Туг баригч: Д. Сумьяабазар /чөлөөт бөх/

Тамирчид: 16 тамирчин спортын долоон төрөлд

Тайлбар: Энэ удаагийн нээлтэд тамирчид хүйс хамааралгүйгээр бүгд үндэсний гоёлын дээлтэй оролцсон юм. Сайн харвал цээжин тушаа газартаа олимпийн бэлгэдэл тэмдгийг хадсан байна.

7. НАГАНО 1998

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XVIII олимп

Хаана: Япон улсын Нагано хот

Туг баригч: Д. Очирсүх /цана/

Тамирчид: 3 эрэгтэй тамирчин спортын хоёр төрөлд

Тайлбар: Өвлийн олимпийн нээлтэд туг баригч үндэсний бөхийн зодог шуудагтай гарах нь зохимжгүй байсан тул үслэг, зузаан гоёлын өмсгөлтэй оролцжээ.

8. СИДНЕЙ 2000

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXVII олимп

Хаана: Австрали улсын Сидней хот

Туг баригч: Б. Бат-Эрдэнэ /жүдо/

Тамирчид: 20 (12 эрэгтэй, 8 эмэгтэй) тамирчин спортын зургаан төрөлд

Тайлбар: Үндэсний дээлтэй гурван эмэгтэй тамирчнаас бусад нь улаан өнгийн хослолоор жигдэрсэн байна.

9. СОЛТ ЛЕЙК 2002

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XIX олимп

Хаана: АНУ-ын Солт Лейк хот

Туг баригч: Ж. Эрдэнэтүлхүүр /цана/

Тамирчид: 4 (3 эрэгтэй, 1 эмэгтэй) тамирчин спортын хоёр төрөлд

Тайлбар: Туг баригчийн ноосон хантааз их өвөрмөц. Мөн тамирчид, арын албаныхан үслэг малгайтай байсан нь олон улсын үзэгчдийг гайхшруулсан биз.

10. АФИН 2004

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXVIII олимп

Хаана: Грек улсын Афин хот

Туг баригч: Д.Нямхүү /жүдо/

Тамирчид: 20 (13 эрэгтэй, 7 эмэгтэй) тамирчин спортын долоон төрөлд

Тайлбар: 2000 онд улаан өнгийн костюмоор жигдэрсэн бол энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд ногоон цэнхэр өнгийн костюм, цагаан өмдөөр гоёжээ.

11. ТУРИН 2006

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XX олимп

Хаана: Итали улсын Турин хот

Туг баригч: Х. Хаш-Эрдэнэ /цана/

Тамирчид: 2 (1 эрэгтэй, 1 эмэгтэй) тамирчин спортын нэг төрөлд

Тайлбар: Цэнхэр куртка, улбар шар ороолт, дээрээс нь үсэрхэг малгай. Бусад орнуудтай харьцуулахад тун өвөрмөц хувцаслалттай оролцжээ.

12. БЭЭЖИН 2008

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXIX олимп

Хаана: БНХАУ-ын Бээжин хот

Туг баригч: М. Баяржавхлан /жүдо/

Тамирчид: 29 тамирчин спортын есөн төрөлд

Тайлбар: 2004 онд цэнхэр өнгийн костюмоор жигдэрсэн бол энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд шар өнгийн костюм, цагаан өмдөөр гоёж оролцжээ. Энэ олимпийн наадамд Монгол Улс анхны алтан медалиа хүртсэн том амжилттай оролцсон юм.

13. ВАНКУВЕР 2010

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XXI олимп

Хаана: Канад улсын Ванкувер хот

Туг баригч: Э. Очирсүрэн /цана/

Тамирчид: 2 эрэгтэй тамирчин спортын нэг төрөлд

Тайлбар: Энэ олимпийн наадмаас эхлээд үслэг малгай өмсөхөө больсон юм. Оронд нь энгийн цагаан, даавуун малгай, улаан болон цагаан өнгө хосолсон куртка, өмдтэй оролцсон байна.

14. ЛОНДОН 2012

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXX олимп

Хаана: Их Британи улсын Лондон хот

Туг баригч: Б. Сэр-Од /хөнгөн атлетик/

Тамирчид: 29 (16 эрэгтэй, 13 эмэгтэй) тамирчин спортын долоон төрөлд

Тайлбар: 2008 онд тод шар өнгийн костюмоор жигдэрсэн бол энэ удаагийн нээлтийн үйл ажиллагаанд бүдэг шар өнгийн костюм, цагаан өмдөөр гоёж оролцжээ.

15. СОЧИ 2014

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XXII олимп

Хаана: ОХУ-ын Сочи хот

Туг баригч: Б. Бямбадорж /цана/

Тамирчид: 2 (1 эрэгтэй, 1 эмэгтэй) тамирчин спортын нэг төрөлд

Тайлбар: Өмнөх өвлийн олимпуудад куртка эсвэл дээлтэй оролцож байсан бол энэ удаад орчин үеийн хэв шинж харуулсан хар өнгийн хослолыг цэнхэр өнгийн малгай, ороолт, бээлийтэй хослуулан гоёжээ.

16. РИО 2016

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXXI олимп

Хаана: Бразил улсын Рио-де-Жанейро хот

Туг баригч: Б. Тэмүүлэн /жүдо/

Тамирчид: 43 (26 эрэгтэй, 17 эмэгтэй) тамирчин спортын есөн төрөлд

Тайлбар: Шар өнгөөр гоёсон гурав дахь наадам. Гэхдээ энэ удаад орсон онцгой өөрчлөлт нь олон улсын үзэгчдийн сонирхлыг татсан үндэсний хээ угалз. Эрэгтэй костюмын ханцуйн үзүүр, эмэгтэй юбканы хүрээг сонирхоод томруулаад үзээрэй.

17. ПЁНЧАН 2018

Дэлгэрэнгүй нэр: Өвлийн XXIII олимп

Хаана: БНСУ-ын Пёнчан хот

Туг баригч: Б. Ачбадрах /цана/

Тамирчид: 2 (1 эрэгтэй, 1 эмэгтэй) тамирчин спортын нэг төрөлд

Тайлбар: Энэ оны ёслолын хувцаслалтыг олон үзэгчид шүүмжилсэн билээ. Гэхдээ сайтар ажиглавал малгай болон ороолтын үзүүрийг үндэсний далбаагаар чимэглэсэн байна.

18. ТОКИО 2020+1

Дэлгэрэнгүй нэр: Зуны XXXII олимп

Хаана: Япон улсын Токио хот

Тайлбар: Цар тахлаас шалтгаалан бүтэн жилээр хойшилж буй энэ олимпод өмсөх ёслолын хувцас дизайныг Michel&Amazonka брэнд гаргаж холбогдох яам нь 2019 онд баталсан аж.

Үе үеийн нээлтийн ёслол дээр өмссөн хувцаснуудаас аль нь танд маш их таалагдсан бэ? Миний хувьд Атланта 1996 болон Сочи 2014 наадмуудад өмссөн гоёлын хувцаснууд таалагдлаа.

Эх сурвалж: Olympic.org

#Хувцас загвар #Спорт #Дизайн #Олимп