
Өглөө сэрэхэд орноосоо босмооргүй санагдах, хийх ёстой ажлаа хойшлуулах үе хүн бүрт тохиолддог. Ийм үед хүмүүс өөрийгөө "Би үнэхээр залхуу юм байна." гэж буруутгах нь элбэг. Гэвч үнэндээ асуудал залхуурал биш бие махбодийн болон сэтгэл зүйн ядаргаа байх тохиолдол олон. Тиймээс ядаргаа болон залхуурал хоёрыг ялгаж ойлгох нь бүтээмж нэмэгдүүлэх болоод эрүүл мэндээ хамгаалахад чухал ач холбогдолтой юм.
Ядаргаа гэдэг нь бие махбод болон тархи амрах шаардлагатай болсны дохио юм. Хэт их хичээл, ажил, стресс, нойр дутуу байх эсвэп буруу хооллолт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хүн эрч хүчгүй болж, анхаарал төвлөрөхөд хүндрэлтэй болдог. Энэ үед хүн хийхийг хүссэн зүйлдээ ч хангалттай энерги гаргаж чаддаггүй бөгөөд амарсны дараа аажмаар хэвийн байдалдаа ордог.
Харин залхуурал нь хийх боломжтой зүйлээ санаатайгаар хойшлуулах эсвэл хийхээс татгалзах хандлагыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, биеийн хүч хүрэлцэж байгаа ч тухайн хүн тухгүй мэдрэмжээс зайлсхийх эсвэл илүү амар хялбар зүйлийг сонгохыг илүүд үздэг. Заримдаа сошиал сүлжээ үзэх, тоглоом тоглох нь хичээл хийхээс илүү сонирхолтой санагдаж, хийх ёстой ажлаа хойшлуулахад хүргэдэг.

Гэхдээ ядаргаа, залхуурал хоёрыг ялгах нь үргэлж амар байдаггүй. Жишээ нь та найзуудтайгаа уулзах эсвэл дуртай тоглоомоо тоглох эрч хүчтэй хэрнээ гэрийн даалгавраа хийх хүсэлгүй байвал энэ нь ихэвчлэн залхуурал эсвэл урам зориг дутмаг байгааг илтгэж болно. Харин юу ч хийх хүсэлгүй, дуртай зүйлдээ хүртэл сонирхолгүй болсон бол энэ нь ядаргаа эсвэл хэт ачааллын шинж тэмдэг байж болох юм.
Өсвөр насныхан болон оюутнуудын хувьд эдгээрийг андуурах нь түгээмэл. Хичээл, шалгалт, ажил, дугуйлан, гэр бүлийн үүрэг зэрэг олон зүйл зэрэгцэхэд тархи байнга ачаалалтай ажилладаг. Ийм үед өөрийгөө залхуу гэж буруутгахын оронд хангалттай унтаж байгаа эсэх, амрах цаг гаргаж байгаа эсэхээ эхлээд бодож үзэх нь зүйтэй.
Хэрэв ядаргаа мэдрэгдэж байвал хамгийн зөв шийдэл нь чанартай нойр авч, ус сайн ууж, зөв хооллож, бага зэрэг дасгал хөдөлгөөн хийх юм.
Харин залхуурлаа даван туулахын тулд том зорилгоо жижиг алхмуудад хувааж, хийх ажлаа тодорхой төлөвлөж, анхаарал сарниулах зүйлсээ багасгах нь үр дүнтэй байдаг. Заримдаа ердөө тавхан минут ажлаа эхлүүлэхэд л үргэлжлүүлэх хүсэл төрөх нь бий.
-120112-1449114669.jpeg)
Өөрийгөө буруутгахын оронд өөрийгөө ойлгох нь илүү чухал юм шүү. Бид бүгд хааяа ядарч, хааяа залхуурдаг. Харин энэ хоёрын ялгааг ойлгож, шалтгааныг нь зөв тодорхойлж чадвал илүү үр бүтээлтэй ажиллаж, сэтгэл санаа болон биеийн эрүүл
мэндээ хамгаалах боломжтой. Заримдаа танд хэрэгтэй зүйл нь илүү их сахилга бат биш эсрэгээрээ хангалттай амралт байдаг гэдгийг мартаж болохгүй шүү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!