Apple iOS 27 танилцуулгаас онцлох 8 шинэ функцууд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Apple компани WWDC 2026 арга хэмжээний үеэр хиймэл оюун ухаанд суурилсан шинэ Siri болон Apple Intelligence-тэй холбоотой шинэчлэлүүдээ танилцуулсан билээ. Түүнчлэн iOS 27 үйлдлийн системд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, ухаалаг болгох олон шинэ боломж, сайжруулалтыг багтаасан байна.

Үүнд Apple Maps-ийн сайжруулсан 3D газрын зураг, Find My-ийн дэвшилтэт уян хатан байршил хуваалцах тохиргоо, Apple Wallet-ийн хиймэл оюун ухаанд суурилсан тооцоо хуваах хэрэгсэл зэрэг шинэчлэлүүд хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна. Тэгвэл iOS 27-д нэмэгдсэн хамгийн онцлох бөгөөд мэдэхэд илүүдэхгүй шинэ шинэчлэлүүдийг энэхүү нийтлэлээр хүргэж байна.

Apple Maps

Apple компани хотууд болон түүхэн дурсгалт газруудыг 3D хэлбэрээр тод харуулдаг "Flyover" функцээ шинэчиллээ. Энэхүү шинэчлэлтээр дүрслэлийг илүү нарийвчлалтай, шилжилтийг илүү жигд, торгомсог болгосон байна. Мөн "Local Lists" хэмээх шинэ цэсийг нээжээ. Энэ нь хэрэглэгчид тухайн бүсдээ юу трэнд болж байгааг харах замаар ресторан, үзвэр үйлчилгээний газруудын зөвлөмжийг хялбархан олж, хадгалах боломжийг олгох байна. Энэ нь хэрэглэгчдийг Google Maps, Instagram, TikTok зэрэг гуравдагч аппуудад бус apple map-д өөртөө татах гэсэн Apple-ийн нэгэн шинэчлэл бололтой.

Find My

"Find My" апп нь байршил хуваалцах уян хатан тохиргоотой боллоо. Ирэх намар гэхэд хэрэглэгчид өөрийн байршлыг хэдэн минут, хэдэн цаг, хэдэн өдөр эсвэл бүр тодорхой нэг өдөр, цаг хүртэл хуваалцахаар хугацаагаа өөртөө тохируулах боломжтой болно.

Мөн тодорхой нэг хүнд байршил хуваалцахаа өдрийн төгсгөл хүртэл түр зогсоох тохиргоог нэмжээ. Энэ нь хэн нэгэнд гэнэтийн бэлэг, төрсөн өдрийн баяр төлөвлөх үед нууцаа хадгалахад тун тустай шийдэл юм.

Apple Wallet

Apple Wallet-д маш том ахиц дэвшил гарлаа. Хамгийн онцлох зүйл нь хэрэглэгчид iPhone-ийнхоо камераар төлбөрийн баримтыгсканердаад Apple Cash ашиглан найзуудтайгаа тооцоогоо автоматаар хуваах боломжтой болжээ. Apple Intelligence-ээр тоноглогдсон энэхүү функц нь баримт дээрх бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн таньж, хүн бүрд мөнгийг тооцоолно. Үүнээс гадна:

Гишүүнчлэлийн картууд: Биет гишүүнчлэлийн болон урамшууллын картуудыг бар кодыг нь уншуулаад шууд дижитал хэлбэрт шилжүүлэн Wallet-д хадгалах боломжтой болов.

Энэ нь Apple Watch дээр ч ажиллах тул хурдан ашиглахын тулд Apple Watch-ийн Smart Stack хэсэгт хадгалж болно.

Apple Pay

Интернет болон апп доторх төлбөр тооцоо хийх хэсгийн загварыг шинэчилсэн байна. Хэрэглэгчид карт хооронд шилжихдээ урамшууллын оноо, дебит картын үлдэгдэл, дараа төлөх боломжуудаа шууд харах боломжтой боллоо. Мөн энэ оны сүүлээс эхлэн дебит карт руугаа Wallet эсвэл Apple Pay-ээр тооцоо хийх явцдаа шууд мөнгө байршуулах боломжтой болно гэдгийг мэдэгдлээ.

Мөн худалдаа эрхлэгчдэд зориулж "Tap to Pay" буюу гар утсаараа карт уншуулах функцийг өргөжүүлэн "Tap to Share" хэмээх шинэ боломжийг нэмжээ. Хэрэглэгчид ганцхан товшилтоор өөрийн урамшууллын бүртгэл, хүргэлтийн хаяг, холбоо барих мэдээллээ худалдаачидтай аюулгүйгээр хуваалцах боломжтой болж байна.

Apple Music

Дууны үг орчуулах функцэд дахин 7 хэлний хослол нэмэгдсэн байна. Үүнд франц, герман, итали, солонгос, испани, япон хэл дээрх дуунуудыг англи хэл рүү хөрвүүлэх боломжтой болжээ. Мөн дууны үгийн дуудлага функцийн тусламжтайгаар өөрийн мэдэхгүй хэл дээрх дууг галиглан уншиж, дагаж дуулах боломжийг 5 шинэ хэлний хослолоор нэмэгдүүлжээ.

Дуу хоорондын шилжилтийг илүү зөөлөн, жигд болгодог "AutoMix" функц улам боловсронгуй болж, iPhone-оос гадна Apple TV болон HomePod дээр ажилладаг боллоо. Мөн Apple Music-ийн хэрэглэгчид Apple TV 4K дээр өндөр чанартай, студийн дуугаралт ашиглах боломжтой болж байна.

Apple Podcasts

Подкаст сонирхогчдод зориулсан хэд хэдэн хэрэгцээт шинэчлэлтүүд оржээ. Үүнд:

Цуврал дотроос хайх: Тухайн подкастын цувралууд дундаас хайлт хийх шинэ боломж iPhone, iPad, Mac, Apple Vision Pro болон вэб хувилбарт нэмэгдэв.

Видео подкаст: Видео хэлбэртэй подкастуудын нэр хүнд өсөж байгаатай холбогдуулан Mac болон Apple TV дээр видео подкаст үзэх боломжтой боллоо.

iCloud Shared Albums

Зургийг чанарыг нь алдагдуулахгүйгээр хуваалцах, олон төрлийн файл дэмжих, эможи илгээх зэрэг боломжууд нэмэгджээ. Мөн богино хугацааны төсөл, арга хэмжээнд зориулсан түр зуурын цомог нээх боломжтой болсон тул iCloud-ийн багтаамж дүүрэх вий гэж санаа зовох шаардлагагүй болсон гэнэ.

Хамгийн чухал шинэчлэл нь Apple-ийн төхөөрөмжгүй (жишээ нь Android эсвэл Windows ашигладаг) хүмүүс ч вэб хөтөч ашиглан эдгээр хуваалцсан цомог руу зураг оруулах боломжтой болжээ.

Fitness+

Fitness+ платформ дээр "Strong Through Menopause" хэмээх 3 долоо хоногийн удирдамжтай иог болон хүчний дасгалын хөтөлбөрийг эхлүүллээ. Энэхүү дасгалууд нь булчингийн хүчийг нэмэгдүүлэх, уян хатан байдал, тэнцвэрийг сайжруулах, стрессийг удирдахад туслах зорилготой. Мөн "Time to Walk" цэсэнд жүжигчин Бюзи Филиппсийн өөрийн туршлагаасаа хуваалцсан шинэ дугаар нэмэгджээ.

#technology