Шалгалтын үеийн айдас, сандралыг даван туулах үнэ цэнтэй зөвлөмжүүд


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Бид маш их бэлдсэн хэрнээ яг шалгалтын цаас ирэх мөчид айдас, сандралаасаа болоод бэлдсэн зүйлээ дутуу харуулах тохиолдол олон байдаг. Шалгалтын үеийн стресс нь зөвхөн бэлтгэл сургуулилтаас гадна таны сэтгэл зүйн бэлтгэл ямар байгаагаас хамаарах нь олон. Тиймээс өөртөө итгэлтэйгээр шалгалтаа даван туулахад тань туслах зорилгоор тархиа өөрөө хянах сэтгэл зүйн бэлтгэл зөвлөмжүүдийг энэхүү нийтлэлээр нэгтгэн хүргэж байна.

Нойр болон нүүрс усны тэнцвэр

Шалгалтын өмнөх шөнө нойргүй хонож цээжлэх нь хамгийн том алдаа юм. Нойр дутуу байх үед тархи шинэ мэдээлэл боловсруулах, хуучин мэдээллийг санах чадвараа 40% алддаг. Шөнө нь дор хаяж 7-8 цаг унтаж, өглөө нь хэт их чихэртэй зүйл идэхээс татгалзаарай. Чихэр цусан дахь сахарыг гэнэт хөөргөж, удалгүй буцаад унагадаг тул шалгалтын дундуур ядрах, анхаарал санах үүсгэдэг. Оронд нь өндөг, овъёос зэрэг удаан задардаг тэжээллэг хоол идэх нь зөв юм.

Юу ч харалгүйгээр эргэн нэг санах

Үүнтэй зэрэгцээд конспект, номоо дахин дахин гүйлгэж уншихаас татгалзах хэрэгтэй бөгөөд энэ нь тархинд "Би бүгдийг мэдэж байна." гэсэн хуурамч мэдрэмж төрүүлдэг сул талтай. Үүний оронд номоо хааж байгаад санаж байгаа зүйлсээ цагаан цаасан дээр шууд буулгах, өөрөө өөртөө асуулт тавьж чангаар хариулах, эсвэл флеш карт ашиглах зэрэг "Active Recall" буюу идэвхтэй санах аргыг хэрэглэх нь хавьгүй үр дүнтэй юм. Энэ мэтээр тархиа зориудаар "ажиллуулж", мэдээллийг гүнээс нь ухаж гаргах дадал суулгах нь жинхэнэ шалгалтын үеэр гэнэт сандарч, гацах магадлалыг даруй 50 хувиар бууруулдаг байна.

4 секундын амьсгал авч гаргах

Шалгалтын цаас урд чинь ирэх мөчид гэнэт ухаан балартаж, сандарвал шууд үзэгнээсээ гараа аваад ганцхан минут зарцуулан амьсгалын дасгал хийх нь хамгийн зөв алхам юм. Үүний тулд дөрвөн секундийн турш хамраараа гүнзгий амьсгал авч, авсан амьсгалаа дөрвөн секунд түгжсэний дараа буцаагаад дөрвөн секундийн турш амаараа зөөлөн гаргаж, дахин дөрвөн секунд амьсгалгүй хүлээх хэрэгтэй.

Шалгалтын танхимыг гэр шигээ төсөөлөх

Хүн бэлдсэн орчиндоо шалгалт өгөхдөө илүү өндөр үр дүн үзүүлдэг. Шалгалтын өмнөх өдрүүдэд яг шалгалтын цагтай ижил хугацаанд, яг ижилхэн ширээ, сандал дээр сууж, цаг тавьж байгаад тест бөглөж сургуулилалт хийгээрэй. Ингэж бие болон сэтгэл зүйгээ тухайн стресст дасгаснаар жинхэнэ шалгалтын танхимд орох үед танил мэдрэмж төрөх болно.

Хамгийн муу хувилбарыг төсөөлөөд төлөвлөгөө гаргах

Айдас ихэвчлэн тодорхойгүй байдлаас үүсдэг. "Шалгалтдаа унавал яана аа?" гэсэн бодол гогцоо үүсгээд байвал үүнтэй шууд нүүр тул. Уначихвал юу болох вэ? Дахин өгч болох уу? Оноогоо нөхөх өөр боломж бий юу? Хамгийн муу хувилбарыг тооцож, түүнийг шийдэх "В төлөвлөгөө" байгааг ухамсарлах үед тархи тайвширч, одоо үедээ анхаарлаа төвлөрүүлж эхэлдэг.

Тархиа хуурах: Айдсыг догдлол болгон өөрчлөх

Айх, догдлох хоёрт хүний бие яг ижилхэн хариу үйлдэл үзүүлдэг (зүрх савлах, гар чичрэх, ам хуурайших). Тиймээс сандарч эхлэх үедээ өөртөө "Би айж байна" гэж хэлэхийн оронд "Би энэ шалгалтад бэлэн үүнийгээ харуулахаас үнэхээр догдолж байна" гэж чангаар хэлээрэй. Сэтгэл зүйн хувьд айдсыг "эерэг энерги" болгон хувиргах нь гүйцэтгэлийг эрс сайжруулдаг.

#ЭШ