Мөрөөдлийнхөө тухай захидал бичээрэй


YOLO.mn | YOLO.MN
2019-02-19

Харилцаа холбооны зохицуулах хороо, Дэлхийн шуудангийн байгууллагаас жил бүр зарладаг өсвөр насны буюу 11-15 настай хүүхдүүдийн захидал бичлэгийн олон улсын уралдааныг “Өөрийнхөө баатрын тухай захидал бичээрэй” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна.

Хүүхэд бүрт нууцхан хүсэл мөрөөдөл оршиж, ирээдүйд эмч, багш, инженер, тамирчин, дуучин гээд салбар бүрийн манлайлагч болохыг хүсдэг. Энэхүү нууцхан хүсэл мөрөөдлийг өдөөгч нь түүний шүтэн биширдэг, үлгэр дуурайлал авдаг хэн нэгэн баатар байдаг.

Мөрөөдөлдөө хүрэх замыг хөтлөгч өөрийнхөө баатрын тухай, тэдний сайн сайхан зан чанар, баатарлаг үйлс, алдар гавьяа, үлгэр дуурайлал, онцгой авъяас чадвар, манлайллын талаар уран сэтгэмжтэй, хэл найруулга сайтай захидал бичиж илгээхийг хүүхдүүдэд уриалж байна.

Захидлыг өнөөдрөөс эхлэн гуравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд өөрийн гараар цэвэр нямбай, гаргацтай бичих, үгийн тоо 800-гаас хэтрэхгүй байх зэрэг шаардлага тавьжээ. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авах боломжтой. 

Эх сурвалж: Харилцаа холбооны зохицуулах хороо 

#Competition