“Toy Story 5” 160 сая ам.долларын нээлтийн орлого олсноор энэ оны хамгийн өндөр орлоготой кино нээлт боллоо


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Pixar студийн бүтээл болох “Toy Story 5” кино нээлтийн эхний долоо хоногт Хойд Америкт 160 сая ам.долларын орлого олж, 2026 оны хамгийн өндөр орлоготой кино нээлт болжээ. Тус нээлтин амжилтад хүрснээр өмнө нь 131.7 сая ам.долларын нээлтийн орлогоор тэргүүлж байсан “Super Mario Galaxy Movie”-ийг ардаа орхисон байна.

Мөн “Toy Story 5” нь “Toy Story” цувралын түүхэн дэх хамгийн амжилттай нээлттэй кино болж 2019 онд гарсан “Toy Story 4”-ийн тогтоосон 120 сая ам.долларын рекордыг эвдлээ. Түүнчлэн анимэйшн киноны түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээлээр нэрлэгдэж зөвхөн 2018 оны “Incredibles 2” киноны 182.7 сая ам.долларын амжилтын ард бичигдэж байна.

Мөн кино шүүмжлэгчид болон үзэгчдийн үнэлгээ ч өндөр байна. Rotten Tomatoes сайтад 94 хувийн үнэлгээ авсан бол CinemaScore судалгаагаар A үнэлгээ хүртжээ. Найруулагчаар Pixar-ийн ахмад уран бүтээлч Эндрю Стэнтон ажилласан бөгөөд кинонд Woody, Buzz Lightyear, Jessie болон тэдний найзуудын шинэ адал явдлыг өгүүлдэг.

Түүнчлэн дэлхийн поп хөгжмийн од Taylor Swift киноны дууны цомогт зориулан шинээр бүтээсэн “I Knew It, I Knew You” дуугаа толилуулсан нь фенүүдийн анхаарлыг ихээхэн татаж байна. Кино нээлтээ хийхээс өмнө уг дуу цацагдан үзэгчдийн хүлээлтийг улам нэмэгдүүлжээ. Pixar болон Taylor Swift-ийн хамтын ажиллагаа нь киноны маркетингийн хамгийн онцлох хэсгүүдийн нэг болж залуу үзэгчдийг кино театрт татахад чухал нөлөө үзүүлсэн гэж шинжээчид үзэж байна.

Сүүлийн жилүүдэд шинэ, анхны анимэйшн кинонуудын амжилт буурсан ч үргэлжлэл бүтээлүүд үзэгчдийн сонирхлыг хүчтэй татсаар байна. Үүний тод жишээ нь “Inside Out 2”, “Zootopia 2” зэрэг кинонууд бөгөөд дэлхий даяар тэрбум гаруй ам.долларын орлого олсон юм.

Шинжээчдийн үзэж буйгаар “Toy Story 5” нээлтийн орлогын хурдаа үргэлжлүүлбэл энэ оны хамгийн өндөр орлоготой кино болж, 2026 оны хамгийн том хит бүтээлүүдийн нэг болох магадлал өндөр байна.

Эх сурвалж: Variety

#Кино