CORTIS хамтлаг Forbes сэтгүүлийн “30 Under 30 Asia” жагсаалтад багтлаа


Д.Дөлгөөн | YOLO.MN
ӨНӨӨДӨР

 

 

К-поп салбарт сүүлийн үед нэлээд амжилттай яваа CORTIS хамтлаг Forbes сэтгүүлээс жил бүр гаргадаг “30 Under 30 Asia” буюу “Азийн 30 хүртэлх насны онцлох 30 залуу”  2026 оны жагсаалтад багтжээ. Forbes сэтгүүлээс жил бүр тодруулдаг энэхүү нэр хүндтэй жагсаалт нь Ази, Номхон далайн бүс нутагт өөрсдийн салбартаа амжилт гаргаж, эерэг нөлөө үзүүлсэн 30 хүртэлх насны залуусыг шалгаруулдгаараа онцлог юм.

Энэхүү жагсаалтад багтсанаар CORTIS хамтлаг нь энэ жилийн тус жагсаалтад багтсан Солонгосын хамгийн залуу уран бүтээлчид, мөн цорын ганц К-поп эрэгтэй хамтлаг болсон байна. Түүнчлэн уг ангилалд К-поп охидын хамтлаг NMIXX, (G)I-DLE болон бүжигчин, бүжиг дэглээч Lee Jung Lee нар багтжээ.

Энэ жил нийт 10 ангиллаар 4,000 гаруй нэр дэвшигчийг Forbes Asia-ийн редакц, сэтгүүлчид болон мэргэжлийн шүүгчдийн баг судалж шалгаруулжээ.

Уран бүтээлээ туурвихдаа дуу хөгжим, бүжиг дэглэлт, visual өнгө төрхийг өвөрмөцөөр хослуулдаг CORTIS хамтлаг ийнхүү дэбютээ хийгээд есөн сар ч хүрээгүй байхдаа Азийн шилдэг залуусын эгнээнд багтжээ.

Тус хамтлаг энэ сарын 4-нд гаргасан “GREENGREEN” нэртэй хоёр дахь мини цомгоороо нэлээд өндөр амжилт үзүүлсэн байна. Circle Chart-ын мэдээлснээр цомог эхний долоо хоногтоо 2.3 сая гаруй хувь борлогдож, энэ оны К-поп цомгуудын борлуулалтаар хоёрдугаарт бичигджээ. Цомгийн гол дуу “REDRED” нь Spotify-ийн дэлхийн Weekly Top Songs чартад таван долоо хоног дараалан багтсан бөгөөд Melon зэрэг Солонгосын хөгжмийн платформуудын чартуудыг тэргүүлсэн байна.

Мартин, Жеймс, Жүхүн, Сонхён, Кёнху гэсэн таван гишүүнээс бүрдэх CORTIS хамтлаг нь 2025 оны 8-р сарын 18-нд албан ёсоор дебютээ хийж байв. Тэдний анхны EP “Color Outside the Lines” цомог Billboard 200 жагсаалтын 15-р байрт орж, тухайн үедээ К-поп дебют цомгуудын дундах өндөр амжилтын нэгийг үзүүлж байсан билээ.

Эх сурвалж: Korea Times

#CORTIS #30 Under 30 Asia