

Домогт өгүүлснээр зайрмаг нь эртний Хятадад үүсжээ. Харин дэлхий даяар тараагчид нь Марко Поло, Кэтрин Де Медичи, Томас Жефферсон нар байсан гэх. Гэхдээ үнэн гэвэл хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч идэх дуртай уг амттаныг зохиосон зохиогчийг яг тэр гээд хэлэхэд төвөгтэй.
Мөстэй ундаа, амттанууд хамгийн багадаа МЭӨ 4000 оны үеэс үүсэлтэй гэж үздэг. Тухайн үед Месопотамийн халуун зуныг давж гарахын тулд Евфрат голын эрэг дагуу амьдарч байсан баячууд мөс хадгалах байшин барьдаг байжээ.
МЭӨ тавдугаар зуунд Атены гудамжаар винонд хийн хөргөж уух зориулалттай цас зарагддаг байсан бол МЭ 37-67 онд Ромын эзэн хаан Неро зөгийн балтай мөсөн амттан идэх дуртай байсан нь түүхэнд бичигдэн үлдсэн байдаг.
Туркийн Шербет

Халуунд биеийн температурыг буулгах амттангууд Исламын ертөнцөд ч алдартай байжээ. Английн шербет буюу жимстэй мөхөөлдсийг дүрсэлдэг үг Туркийн шербет болох үрсэн мөстэй чихэрлэг ундаанаас гаралтай юм.
Өөр бусад орнуудын зайрмагтай төстэй амттануудаас дурдвал Персийн амттан болох хүйтэн сироптой нарийн гоймон буюу фалуде, Энэтхэг, Моголын эзэн хаадын дуртай өтгөрүүлсэн сүүгээр хийж хөлдөөсөн өнөө үеийн зайрмагтай дөхөж очих кулфиг нэрлэж болно.

Кулфигийн тухай тэмдэглэгдэж үлдсэн хамгийн эртний эх сурвалжуудаас үзвэл уг амттан Европт хөлдөөсөн шербет болон зайрмаг анх бий болсон үетэй зэрэгцэн гарч ирснийг мэдэж болдог.
Италийн Мөс

Анхны Европын зайрмаг болон шербетүүд 1600-аад оны эхэн үед Италид үүссэн байх магадлалтай. Тодруулбал, мөсөн амттануудын тухай дүрслэл 1620 онд бичигдсэн байдаг бол 1650 он гэхэд Парис, Флоренц, Неаполь болон Испани зэрэг газруудад зохион байгуулагддаг байсан найр наадмуудын ширээнд түгээмэл үзэгддэг болжээ.
1672 онд Элиас Ашмолын тэмдэглэлд нэгэн ёслолын үеэр Эзэн Хаан хоёрдугаар Чарльзад таваг дүүрэн зайрмагаар үйлчилсэн тухай гардаг.
1694 онд Неаполь улсад зарц хийж байсан Антонио Латини чихэртэй хулуутай сүүн сорбетийн жорыг хэвлүүлсэн байдаг.

Жорж Вашингтоны Зайрмаг
Зайрмаг нь Атлантын далайг гатлан Европын колониудад 1744 оны үеэс хэрэглэгдэж эхэлсэн байна. Мэдээж үүний шалтгаан нь Европын колоничлогчидтой холбоотой. Жорж Вашингтон 1784 онд Маунт Вернон дахь эдлэндээ механик зайрмагийн машин байршуулж байсан бол яг тэр жил Парист элчин сайд байсан Томас Жефферсон франц зайрмаг амталсан байж магадгүй юм.
Ерөнхийлөгч байх хугацаандаа Жефферсон төрийн ордонд дор хаяж зургаан удаа цөцгийтэй зайрмаг идсэн гэдэг. Түүний бичиж үлдээсэн тэмдэглэлүүд дунд арван төрлийн зайрмагийн жор ч байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь өндөгний шартай франц хэв маягийн ваниль, цөцгийтэй зайрмагийн жор байжээ.

Арван есдүгээр зууны сүүлээр Америк нь төрөл бүрийн амттай зайрмаг үйлдвэрлэдэг зайрмагийн орон болсон байв. 1874 онд Филадельфийн нэгэн эм зүйч анхны цөцгийтэй зайрмагийг хийсэн бол “ice cream sundae” нь 1881 онд үүссэн байна. Энэхүү содон зайрмагийн нэрийн утгыг ням гарагт хийжүүлсэн ундаа худалдаалахыг хориглодог цэнхэр хуультай холбон тайлбарладаг.

Харин анхны идэж болдог савтай зайрмагууд 1880-аад онд албан ёсоор бий болсон. Энэ үеэр эхэндээ эрүүл мэндийн ундаа гэдэг утгаар сурталчлагдаж байсан сүүн коктейль буюу бидний сайн мэдэхээр милкшейк алдартай болж байсан юм.
Торхтой зайрмагийн хувьд 1904 онд Сэнт-Луисын дэлхийн үзэсгэлэнд танилцуулагдсанаар алдартай болж иштэй зайрмагийг 1923 онд патентлуулжээ. Dairy Queen болон Carvel зэрэг компаниуд аль аль нь анхны шахмал зайрмагийг 1930-аад онд хийж зарж байсан гэж мэдэгддэг бол хөлдөөсөн тараг бусад зайрмагийн төрлүүдээсээ харьцангуй хойно 1970-аад онд нэвтэрсэн байна.

Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!