Хүүхэдтэй холбоотой бүх шийдвэрт хүүхдүүдийн санал, дуу хоолой, оролцоо чухал байр суурьтай


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо өчигдөр /2026.05.25/ Төрийн ордны “Их засаг” танхимд хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Хүүхэд хамгааллын чиглэлээр орон нутагт хийсэн хэлэлцүүлгийн талаарх танилцуулгыг хийв.

Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргалаар ахлуулсан баг 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймагт ажиллахдаа тус аймгийн Хүүхэд хамгаалах байр, хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлж буй хамгаалал, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцжээ. 

Тэрбээр, Өвөрхангай аймаг нь хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр олон шинэлэг санаачилгыг орон нутагтаа анхлан хэрэгжүүлсэн туршлагатай бөгөөд 2001 онд сум, хорооддоо хүүхдийн ажилтантай болох тогтолцоог эхлүүлж, хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээг анх нэвтрүүлэн, хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байрны загварыг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тээвэрлэх үйлчилгээг нэвтрүүлсэн төдийгүй хүүхдийн оролцоог хангах тогтолцоог бүрдүүлсэн онцлогтой. Өвөл, хаврын хурдан морины уралдааныг 2017 онд хориглосон нь хүүхдийн эрхийг хамгаалах чухал шийдвэр болсон бөгөөд ийм бодит туршлага, үр дүнд тулгуурлан тус аймагт хүний эрхийн хэлэлцүүлэг зохион байгуулах нь ач холбогдолтой гэж үзсэн гэв.

Орон нутагт зохион байгуулсан хэлэлцүүлгийг УИХ-ын дарга С.Бямбацогт нээж, цахимаар хэлсэн үгэндээ, “Монгол Улсын хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх“ илтгэлд дурдсан хүүхэд хамгааллын тулгамдсан асуудлыг бодитоор хэлэлцэж, хэрэгжилтийг сайжруулан үр дүнтэй шийдэл боловсруулахын ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцүүлэгт Өвөрхангай аймгийн ЕБС-иудын сурагч хүүхдүүд оролцож, өөрсдийнхөө эрхийг хамгаалж үг хэлсэн. Тэдний саналыг Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтэд тусгах нь зүйтэй гэж үзсэн хэмээн Х.Баасанжаргал дарга танилцууллаа.

Дэд хорооны хуралдаанаар уг хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлсэн хүүхдүүдийн яриаг бичлэгээр сонсгов.

Тэд гэрээс сургууль хүртэлх зам гэрэлтүүлэг муутай, аюулгүй байдал хангагдаагүй, согтуу хүмүүстэй тааралдвал тойруу замаар явах хэрэгтэй болдог. Тойрохоор харанхуй, зэлүүд, аймшигтай санагддаг. Мөн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байдаггүй. Золбин ноход дайрдаг гэх мэт асуудлыг хөндөж байлаа.

Хуралдаанаар үргэлжлэн хэлэлцэхдээ, аливаа шийдвэрт хүүхдүүдийн санал, оролцоог бүх түвшинд байлгах шаардлагатайг Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд онцолсон юм.

Үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллээс гадна уралдаан, тэмцээний шалгаруулалт ил тод биш, ялгаварлалтай байдаг, насанд хүрэгчдийн архидан согтууралттай тэмцэхгүй бол дам болон шууд хэлбэрээр хүүхэд, багачуудад аюул заналхийлж байгаа талаар, мөн хүүхэдтэй холбоотой аливаа шийдвэрт өөрсдийг нь оролцуулах нь зүй ёсны хэрэг асуудал хэмээв. 

Түүнчлэн Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д ирүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэл”-ийг хаврын чуулганаар хэлэлцэх үед Хүний эрхийн дэд хорооны санал, дүгнэлтийг тусгуулахаар боловсруулсан талаараа хуралдаан даргалагч уншиж танилцууллаа. Үүнд,

Нэгт, хүүхдийн аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлэх асуудалд орон нутгийн байгууллагуудын оролцоо, хариуцлагыг илүү тодорхой болгох, орчны хүртээмжийн үнэлгээг хүүхдүүдийн оролцоотой хийдэг болох шаардлагатай.

Хоёрт, хүүхдийн оролцоог бодитой хангах асуудал чухал байна. 

Гуравт, хүүхэд хамгааллын тогтолцоонд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Үүнд зах, худалдааны төв, аж ахуйн нэгжүүд хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэхэд тодорхой үүрэг, оролцоотой байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, хяналтын тогтолцоог сайжруулах асуудал хамаарна.

Дөрөвдүгээрт, хүүхэд хамгааллын салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн тогтвортой байдал, сэтгэл зүйн дэмжлэгийг анхаарах шаардлагатай байна.

Ийнхүү хэлэлцсэний эцэст хүүхдийн эрхийн асуудлаарх санал, дүгнэлт, шийдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, “Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-ийн мөрөөр авч хэрэгжүүлэх тогтоолын төсөлд тусгуулах нь зүйтэй хэмээн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжиж, шийдвэрлэлээ.

#Хүүхэд хамгаалал