Их Британы хааны титмийг чимэх алмазын ард нуугдах зургаан домог


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Та өмнө нь Их Британий эрхэс дээдсүүдийн хаан ширээнд суухдаа зүүдэг сүрлэг том үзмэн ягаан титмийг, тэр дундаа тухайн титмийг чимэн байх томоос том цагаан алмазыг харж байсан байх. Тус алмазын нэрийг Кох-и-Нур гэдэг. Кох-и-Нур нь дэлхий дээрх хамгийн маргаантай үнэт эрдэнэсүүдийн нэг юм.

Алмааз нь олон зууны туршид байлдан дагуулалт, улс төрийн явуулга, тэмцлийн объект болсоор ирсэн бөгөөд Моголын ханхүү нар, Ираны дайчид, Афганы захирагчид, Пенжабын махаража нарын гарыг дамжин өнгөрчээ. Ингэж явсаар уг 105 каратын эрдэнийн чулуу 19-р зууны дунд үед Британичуудын гарт орсон байна.

Алмазын эзэмшлийн асуудал олон энэтхэг хүмүүсийн хувьд маш эмзэг сэдэв болдог. Учир нь тэднийхээр Британичууд Энэтхэгээс тус алмазыг хүчээр булаан авсан буюу хулгайлсан гэж үздэг гэнэ.

Юутай ч алмазыг тойрсон асуудал зөвхөн Энэтхэгчүүдийн гомдлоор дуусдаггүй тул Уильяам Далримпл болон Анита Ананд нар Кох-и-Нур: Дэлхийн хамгийн алдартай алмазын түүх гэх нэртэй номыг бичжээ. Тус номд эрдэнийн чулууг тойрсон гол түүх домгууд, мөн ташаа ойлголтуудыг ч хамруулсан байдаг.

Домог 1: Кох-и-Нур нь Энэтхэгээс гаралтай

Кох-и-Нур нь Британид ирэхдээ 190.3 карат жинтэй байсан бөгөөд түүнтэй дүйцэхүйц ижил төстэй хоёр ч эрдэнийн чулуу байдаг. Тэдгээрийн нэг нь 175-195 карат жинтэй Дарья-и-Нур буюу орчуулбал гэрлийн тэнгис гэсэн утгатай ба одоогоор Техран хотод хадгалагддаг бол нөгөөг нь Агуу Могол хэмээн нэрлэдэг. Агуу Могол алмазын жингийн хувьд орчин үеийн ихэнх судлаачдын үзэж буйгаар 189.9 карат байх боломжтой.

Эдгээр гурван эгч дүү алмаз бүгд Ираны удирдагч Надер Шах 1739 онд Энэтхэг рүү довтолсны дараа олзлон авсан үнэт зүйлүүдийн нэгэн хэсэг болон тус улсаас гарчээ. Үүнээс хойш алмазын талаар хүмүүс тэр болгон яриад байдаггүй байсан ч 19-р зууны эхэн үед Кох-и-Нур Пунжабд хүрч ирсний дараа л олон нийтийн анхаарал алмаазан дээр ирэх болсон юм.

Домог 2: Кох-и-Нур нь өөгүй цэвэрхэн алмаз байсан

Анхандаа буюу ямар ч өнгөлгөө, арчилгаа аваагүй байхдаа Кох-и-Нур нь яг голдоо томоохон сэвтэй байсан гэдэг. Алмазын гол хэсэгт шар өнгийн жижиг толбонууд үүссэн байсан бөгөөд тэдгээр толбонуудын нэг нь нэлээд том тул гэрлийг хугалж ойлгох чадварыг нь муутгаж байв. Тиймээс Хатан хаан Викториягийн нөхөр Ханхүү Альберт чулууг засаж өнгөлөхийг маш их хүсэж байжээ.

Мөн Кох-и-Нур нь тийм ч том алмаз биш бөгөөд хэмжээнийхээ хувьд дэлхийд 90-т жагсдаг нь олон ч хүмүүсийг гайхшируулдаг. Алмаазыг өөрийн нүдээр үзсэн хүмүүс чулууг төсөөлж байснаас нь жижиг байгааг үзээд гайхсан гэдгээ хуваалцах нь элбэг байдаг байна.

Домог 3: Кох-и-Нур нь Энэтхэгийн Коллурын уурхайгаас олдсон

Кох-и-Нурыг анх хаанаас, хэзээ олдсоныг нь мэдэх нь бараг л боломжгүй. Магадгүй энэ нь чулууг илүү нууцлаг болгож буй хүчин зүйлсүүдийн нэг байж болох юм.

Карим хүмүүс тус алмазыг домогт гардаг Шямантака эрдэнийн чулуу хэмээн үздэг. Шямантака нь Бхагавата Пурана домогт гардаг бөгөөд Хиндү шашны хамгийн алдартай бурхдын нэг болох Кришнагийн тухай өгүүлдэг түүхүүдтэй холбоотой.

Үнэхээр ч Тео Меткалфегийн тайланд дурдсанаар уг алмазыг Кришнаг амьд байх үед олборлосон гэж үздэг байжээ. Хэдийгээр бид чулууны гарал үүслийг таамаглахаас өөр хийж чадах зүйл байхгүй ч баттай мэдэгдэж байгаа зүйл нь чулууг уурхайн аргаар олборлож биш харин Өмнөд Энэтхэгийн хуурай голын ёроолоос олсон гэдэг юм.

Домог 4: Кох-и-Нур нь Моголын хамгийн үнэ цэнтэй эрдэнэс байв

Энэтхэгийн Хиндү болон Сикх шашинтнууд алмазыг бусад эрдэнийн чулуунаас илүү өндөрт үнэлдэг байсан бол Моголын эзэнт гүрэн болон Персийн захирагчид том хэмжээтэй, өнгөлөөгүй, тод өнгийн эрдэнийн чулууг илүүд үздэг байжээ.

Кох-и-Нур Моголын эзэнт гүрний эрдэнэсийн санд хадгалагдаж байсан чулуунуудын зөвхөн нэг нь л байсан бөгөөд тэр үеийн хамгийн агуу эрдэнийн цуглуулгын дунд онцгойлон ялгарч байв. Гэхдээ Кох-и-Нур тэдгээр чулуунуудаас хамгийн үнэ цэнтэй нь байсан гэвэл худал болно. Учир нь тэдгээр дунд Бадахшаны улаан шпинель болон Мьянмараас авчирсан бадмаараг чулуунууд Кох-и-Нураас өндөрт үнэлэгдэж байсан.

Тиймээс ч Моголын эзэн хаан Хумаюн цөллөгт байх үедээ Кох-и-Нурыг Персийн Шах Тахмаспад бэлэг болгон өгсөн байдаг. Алмааз ямар нэгэн байдлаар буцан Деккан муж руу очсон боловч яг хэрхэн эсвэл хэзээ дахин Моголын хааны ордонд ирсэн нь тодорхой байдаггүй.

Домог 5: Кох-и-Нур алмаз нь ёслолын малгай солилцох нэрийн дор Моголын эзэн хаан Мухаммад Шах Рангилагаас нууцаар хулгайлагдсан

Ихэнх хүмүүс дунд тархсан яриагаар Надир Шах Моголын эзэн хаанаас очир алмазыг нь хуурч аваад өөрийн малгаандаа хийн нууж авч явсан гэж үздэг. Гэхдээ бодит байдал дээр малгайнд очир алмазыг нуух газар байгаагүй бөгөөд үнэхээр л Мухаммад Шах чулууг малгайндаа нууж авч явсан гэх түүхэн баримт байдаггүй.

Чулууны тухай хамгийн анх дурдсан эртний сурвалжуудын нэгт тухайн үед алмазыг эзэн хаанаас нууцаар авах боломж байгаагүй буюу тус алмаз нь хааны хаан сэнтийг чимж байсан байгаа юм.

Домог 6: Кох-и-Нурыг Венецийн чулуу өнгөлөгч маш болхи байдлаар зассаны үндсэн дээр чулуу хэмжээ жижгэрсэн

Францын үнэт эрдэнийн худалдаачин, аялагч Жан-Батист Тавернье Моголын эзэн хаан Аурангзебээс түүний хувийн үнэт чулуун цуглуулгыг үзэх зөвшөөрөл авсан байдаг. Тэрээр бичихдээ чулуу өнгөлөгч Хортензио Боргио гэдэг хүн үнэхээр л нэгэн алмазыг маш бүдүүлэг байдлаар зүсэж, өнгөлсөн бөгөөд үүний улмаас алмазын хэмжээ нэлээд ихээр багассан гэж дурдсан байна.

Гэхдээ тэрээр тус алмазыг алмазын худалдаачин Мир Жумла эзэн хаан Шах Жаханд бэлэглэсэн Их Моголын Алмаз хэмээн тодорхойлсон. Судлаачдын үзэж буйгаар уг Их Моголын Алмаз гэж нэрлэгдээд байгаа чулуу нь үнэндээ Оросын эзэнт гүрний алдарт “Орлов” гэх алмазтай холбоотой байж магадгүй гэж үздэг. Өнөөдөр уг алмаз Кремлийн ордонд хатан хаан хоёрдугаар Екатеринагийн таягний нэг хэсэг болон хадгалагддаг.

Бусад томоохон Моголын алмазуудын талаарх мэдээлэл цаг хугацааны аясад бараг мартагдсан тул түүхэн эх сурвалжуудад Энэтхэгийн ер бусын том алмазуудын тухай дурдсан тохиолдлуудыг ихэвчлэн Кох-и-Нуртай холбож ойлгох болжээ.

Эх сурвалж: BBC

#домог