

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол Монгол орны хамгийн уудам газар нутагтай сум юм. Тус сумын нийт нутаг дэвсгэрийн 32 хувийг Тост Тосон Бумбын нурууны улсын тусгай хамгаалалттай газар эзэлдэг.
Зэрлэг амьтдын өлгий, цоохор ирвэсийн дэлхий дэх хамгийн өндөр нягтаршилтай эл нутгийг унаган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлэхийн тулд 2016 онд Байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан юм. Энэхүү шийдвэр нь 2008 оноос эхэлсэн нутгийн иргэдийн санаачилга, уйгагүй тэмцлийн үр дүн байжээ.
Хамгаалалтын захиргаа анх 2020 онд найман ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 17 орон тоотойгоор судалгаа шинжилгээ, эргүүл хяналтын үр дүнд дахин давташгүй байгаль, нутаг усаа хамгаалан ажиллаж байгаа аж.
Тус газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Сэржмядаг, "Тост Тосон Бумбын нурууны 896 мянга гаруй га газар нутгийг есөн байгаль хамгаалагч бүсчлэн хариуцаж, нэг байгаль хамгаалагч 83-87 мянган га талбайг хамгаалдаг. Бид сар бүр эргүүл хяналтаар явж, амьтдын судалгаа хийж үүнд үндэслэн хамгааллын арга хэмжээ авдаг.

Ирвэс хамгаалах сангийн 2008 оноос хийсэн судалгаагаар Тостын нурууг дэлхийн цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай цэг болохыг тогтоосон.
Бид ирвэсийн гол идэш тэжээл болох аргаль, янгирын тоо толгойг бүртгэж, ирвэс хамгаалах сантай хамтран жил бүр цоохор ирвэсийн судалгаа хийдэг. Зэрлэг амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, унаган ургамлуудыг нөхөн сэргээх, дайжсан амьтдыг сэргээн нутагшуулж, тоо толгойг нь өсгөх нь манай хамгаалалтын захиргааны менежмент юм.
Тост Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн И.Отгонбаатар судалгааны үр дүнгээс хуваалцав.
МУИС болон Улаанбаатар их сургуулийн 2021 оны хамтарсан судалгаагаар Тост Тосон Бумбын Нуруунд 2000 гаруй археологийн олдворыг бүртгэсэн. Үүнээс онцолбол Чулуун зэвсгийн үеийн хоёр том суурин, Хүннүгийн үе болон 13-р зууны үеийн булшнууд бүртгэгдсэн.
Мөн тусгай хамгаалалттай газарт 750 гаруй янгир, 200 гаруй аргаль, 2000 орчим (шууд ажиглалтаар) хар сүүлт зээрийг тоолсон.
Сүүлийн таван жилд ган зудаас шалтгаалан малчид төв суурин бараадаж, уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн ихэссэнээр зэрлэг амьтдын амьдрах орчин харьцангуй тайван болж, тоо толгой нь өсөх эерэг үр дүн гарсан. Бид 2000 оны эхээр дайжсан хуланг сэргээн нутагшуулах судалгааны ажлыг эхлүүлээд байна гэв.
Тост Тосон Бумбын нурууны байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид уулын туруутан аргаль, янгир, талын туруутан хар сүүлт зээрийн тоо толгойн судалгааг тогтмол хийдэг. Уулын туруутны судалгаагаар тэд хамгийн багадаа 8 км, дээд тал нь 17 км замыг явганаар туулдаг. Ингэхдээ хос ажиглалтын аргаар буюу хоёр хоёроороо 1-2 километрийн зайтай, 20 минутын давтамжтай ажиглалт хийж амьтдын нарийвчилсан бүртгэл хөтөлдөг байна.
Мөн биотехникийн арга хэмжээгээр жилд 3 тонн усыг гар аргаар зөөвөрлөж хөв цөөрөмд дүүргэхээс гадна, худаг гаргаж, мод тарих зэргээр зэрлэг амьтдын амьдрах орчныг тэтгэх ажлыг тогтмол зохион байгуулдаг аж.
Энэ мэтчилэн газар нутгаа улсын тусгай хамгаалалтад авснаар зэрлэг амьтад, биологийн төрөл зүйлүүдийг судалгаа шинжилгээ, хамгааллын үр дүнд хэвээр хадгалах, уул уурхайгүй, ухаж төнхөгдөөгүй, унаган байгалийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд эдгээр хүмүүс нөр их хөдөлмөрийг зориулдаг байна.
Тусгай хамгаалалттай газар нутгаа тэд хэрхэн хайрлан, хамгаалж ажилладгийг дараах нэвтрүүлгээс дэлгэрэнгүй хүлээн авч үзнэ үү.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!