

Дэлхий даяар хуванцар савны хэрэглээ асар хурдацтай өсөж байгаа ч бид хогоо зориулалтын саванд нь хийж хэвших соёлд суралцаж амжаагүй л байна. Хүн төрөлхтний хариуцлагагүй үйлдлээс үүдэн жилээс жилд доройтож буй дэлхий ээж маань бидэнд хог хаягдлаа зүгээр л хогийн саванд хийгээд өнгөрөх бус, харин ангилж ялгаад, дахин боловсруулах цаг болсон гэдгийг сануулах шиг.
Өнөөдөр Монгол Улсад жил бүр ойролцоогоор 20,000 тонн хуванцар савны хог хаягдал гардаг гэсэн судалгаа бий. Гэвч үүнээс яг хэд нь дахин боловсруулагдаж байгаа бол? Гэрээсээ гараад ердөө гурав алхахад л уугаад хаясан ундааны сав хөглөрч байхтай таарч байгаа нь магадгүй уг асуултын гунигт хариултыг хэлээд өгч байна.
 Với môi trường sống ngày nay các bạn trẻ thường có xu hướng sử dụng những chai n-145524-814473950.jpeg)
Хамгийн сэтгэл эмзэглэмээр нь манай улсад хуванцар сав дахин боловсруулах технологи аль хэдийнээ ороод ирсэн ч өдрөөс өдөрт газарт хөглөрөх хогийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй байгаад байгаа юм. Монголын үндэсний үйлдвэрлэгч “TML Пластик” ХХК нь жил бүр 27,000 тонн хуванцар хаягдлыг Европын дэвшилтэт технологиор дахин боловсруулах бүрэн чадалтай үйлдвэрийг хэдийн босгосон нь Монголын жилийн нийт хаягдлыг бүрэн шингээх чадалтай гэсэн үг. Тэгэхээр гол асуудал нь бид үйлдвэргүйдээ биш, харин Монголчууд бидний хог ангилан ялгах дадал сул байгаа юм.

Энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг ойлгон, хуванцар сав дахин боловсруулах тал дээр нийгмийн хариуцлагаа ухамсарласан залуусын бодит оролцоо дутагдаж буйг олж харсан МУИС-ийн оюутнууд нэгэн чухал алхмыг хийжээ.
Тэд "Нийгмийн тогтвортой хөгжлийн маркетинг" хичээлийнхээ хүрээнд MCS Групптэй хамтран, иргэдийн хуванцар сав цуглуулах, дахин боловсруулах дадлыг нэмэгдүүлэх зорилготой бодит оролцоонд суурилсан кампанит ажлыг амжилттай өрнүүлсэн байна.
Оюутнууд тавдугаар сарын 14 болон 15-ны өдрүүдэд МУИС хичээлийн хоёрдугаар байрны 2 давхарт чихэр, амттанаар дүүрэн ширээ зассан байсан бөгөөд хуванцар сав өгсөн хүн бүрт тэдгээрээс хүрд эргүүлүүлэн өгч байв.
Ингээд өөрсдийгөө “Plastic Hunters” хэмээн нэрлэсэн оюутнуудын төлөөлөл болох марктенгийн ангийн 4-р түвшний оюутан Ц. Намуунаас авсан ярилцлагыг хүргэж байна.
-Сайн байна уу? “Plastic Hunters”-ын тухай товч танилцуулаач.
-Сайн уу. Намайг Ц. Намуунаа гэдэг. Бид нийгмийн тогтвортой хөгжлийн маркетинг хичээлийн хүрээнд кампанит ажлаа явуулж байна. Бид хуванцар сав цуглуулах, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөц хамгаалах гэсэн гурван сэдвээс нэгийг нь сонгоод үйл ажиллагаа хийх байсан. Харж байгаачлан манай баг усны сав цуглуулахыг сонгосон байгаа. Сэдвийнхээ дагуу бид оюутнуудаас яаж идэвхтэйгээр сав цуглуулах вэ гэж бодож байгаад нэг санаа гаргасан нь хуванцар сав өгсөн хүн бүрийг амттанаар дайлах байсан.

-Та бүгдийн энэхүү кампанит ажлын гол зорилго юу байсан бэ?
-Гол зорилго нь хүмүүсийг хуванцар саваа зүгээр хаях биш, дахин боловсруулахад оруулах дадалд сургах юм. Кампанит ажлыг эхлүүлэхээс өмнө бид мэдээж сэдвийнхээ дагуу судалгаа хийсэн л дээ. Тэгэхэд зүгээр л хуванцар сав гээд интернэтээс хайхад дан сөрөг мэдээллүүд гарч ирсэн. Жишээ нь, хуванцар сав байгальд шингэж алга болоход нийт 400 жилийг шаарддаг гэдэг ч юм уу.
Энэ нь үнэхээр цочирдом мэдээлэл байсан тул бид оюутнуудыг хуванцар саваа “зориулалтын саванд хаях” соёлд уриалахыг хүссэн.
-Кампанит ажлаа эхлэхэд ямар хүлээлтийг тавьж байсан бэ?
-Манай баг их өндөр хүлээлттэй байсан. Оюутнууд өдөр бүр маш их ундаа, ус хэрэглэдэг. Тэгээд мөн энэхүү үйл ажиллагаагаа МУИС-ийн хамгийн их хүн эргэлддэг 2-р байранд зохион байгуулж байгаа болохоор маш олон хүн оролцоно гэж бодсон.
Эхний өдөр гурван том уут дүүрнэ байх гэж тооцоолсон.

-Бодит үр дүн ямар байсан бэ?
-Бодит байдал дээр хоёр уут л дүүрсэн. Гэхдээ энэ нь оюутнуудын идэвхгүйгээс биш, бид өөрсдөө цөөн цагаар байсантай холбоотой гэж ойлгож байгаа.
-Санхүүжилтийг хэрхэн шийдсэн бэ?
-Санхүүжилтээ бүрэн өөрсдөөсөө гаргасан. Манай баг таван гишүүнтэй, бүх зардлаа тэнцүү хуваасан.
-Цуглуулсан саваа дараа нь яах вэ?
-Үйл ажиллагаа дууссаны дараа цугларсан бүх хуванцар саваа MCS Group-д тушаана. Тэндээс TML Plastic Recycling Plant рүү явж дахин боловсруулагдана.

-Хэдийгээр энэхүү кампанит ажил хоёр өдрийг л хамарч байгаа ч энэ богино хугацаанд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдсан уу?
-Хүүхдүүд цахим орчинд тавьсан пост хараад "Зүгээр хаях гэснээ та хэд дээр хүрээд ирлээ" гээд ундаа, усныхаа савыг барьж ирсэн тохиолдол их байсан. Оюутнуудаас гадна бас манай сургуулийн ажилчид их хамрагдаж байгаа. Цонхны тавцан ч юм уу ширээн дээр зарим хүүхдүүд уусан саваа үлдээгээд яваад өгчихдөг юм байна л даа. Тэд нарыг авчирч бид нарт өгч байна. Тийм болохоор бас багасаад байгаа юм болов уу гэж бодож байна.

-Оюутнуудын хандлага ямар байсан бэ?
-Ганцаараа явж байгаа хүүхдүүд жаахан ичээд бид хэдийг яг юу хийж байгааг нууцхан хараад байгаа нь ажиглагдсан. Харин олуулаа ч юм уу найзуудаараа явж байгаа хэсэг нь бие биетэйгээ тоглоод л хөгжилдөж байгаад явдаг. Тэгээд бүгдээрээ эерэг хариу үйлдэл үзүүлсэнд маш их талархаж байгаа.
Жишээ нь, та хэд маргааш байх юм уу? Ирэх долоо хоногт байх уу гээд л. Өчигдөр манай хаяг руу чатаар орж ирээд “Маргааш саваа аваад очвол та хэд байна биз дээ?” эсвэл “Аймар өлсөөд байх юм, печень таараасай” гэдэг ч юм уу.
-Цаашид дахиад ийм төрлийн кампанит ажил өрнүүлэх төлөвлөгөө бий юу?
-Одоохондоо тодорхой төлөвлөгөө байхгүй. Гэхдээ ийм төрлийн ажилд хүмүүс их идэвхтэй оролцож байгааг анзаарсан.
-Нийт оюутан залуус болон иргэдэд юу гэж хэлмээр байна?
-Хуванцар савны хор уршгийн талаар маш их сөрөг мэдээлэл байдаг. Тэгэхээр хүмүүс зүгээр хогийн саванд саваа хаяхаас илүүтэй MCS Group-ийн зориулалтын цэгт өгвөл илүү үр дүнтэй. Манай сургуульд MCS-ийн хуванцар сав хаях цэг байдаг болохоор оюутнуудын хувьд саваа зүгээр л хаяж байснаас тэр тусгай цэгт хаяж байгаасай гэж уриалмаар байна.

Эх сурвалж: TML LLC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!