Дэлхийн хааны гэр бүлүүд Эзэн хаан Карл Густафын 80 насны ойг тэмдэглэлээ


С.Оюундарь | YOLO.MN
УРЖИГДАР

Шведийн Эзэн хаан Карл арван зургаадугаар Густаф энэ жил 80 нас хүрч буй. Энэхүү баярт өдрийг тэмдэглэхээр маш олон Европын удирдагч болон хааны гэр бүлийнхэн Стокхолмд хүрэлцэн ирсэн байна. Тодруулбал, 04-р сарын 30-ны үдэш Эзэн хаан уригдсан зочдодоо зориулан Стокхолмд байрладаг ордондоо цэнгүүн зохион байгуулжээ.

Баярын цэнгүүнд Шведийн хааны гэр бүлийнхэн байсан бөгөөд, Хатан Сильвия, Угсаа залгамжлагч гүнж Виктория, Ханхүү Даниел, Гүнж Эстель, Гүнж Мадлен, Кристофер О Нил, Ханхүү Карл Филип, Гүнж София нар зочдыг угтаж авчээ.

Ирсэн зочдын хувьд Дани улсын Эзэн хаан аравдугаар Фредерик, Хатан Мэри болон Хатан хоёрдугаар Маргрете, Бельгийн Эзэн хаан Филип түүний гэргий Хатан Матильда, Норвегийн Эзэн хаан тавдугаар Харальд, Хатан Соня болон Угсаа залгамжлагч ханхүү Хаакон, Люксембургийн Их гүн Гийом, Их гүнгийн авхай Стефани болон Их гүн Анри, Лихтенштейний угсаа залгамжлах Гүнж Софи, Испаний Хатан София, Нидерландын Гүнж Беатрикс, мөн Тайландын Эзэн хаан аравдугаар Рама болон Хатан Сутида нар оролцсон байна.

Цэнгүүний үеэр харагдсан эзэн хааны гэр бүлийн титмүүд

Баярын цэнгүүний хамгийн анхаарал татсан хэсэг бол мэдээж хүрэлцэн ирсэн хааны гэр бүлийн эмэгтэйчүүдийн зүүсэн титэм, үнэт эдлэл байв. Ингээд хэн хэн, ямар титмээр толгойгоо гоёсныг сонирхоцгооё.

Шведийн Хатан Сильвия Браганса титмийг зүүж, алмаазан ривьер зүүлтийг том алмаазан ээмэгтэй хослуулжээ. Угсаа залгамжлах Гүнж Виктория Коннаутын алмаазан титэм, Лойхтенбергийн сапфир иж бүрдлийн ээмэг болон зүүлт, Олбаний гүнгийн авхайн сапфир бугуйвчаар гоёсон байна.

Шведийн Гүнж София өөрийн хуримын титмээ зүүж, Наполеоны аметистийн иж бүрдлийн ээмэг болон энгэрийн зүүлтийг хослуулсан байсан бөгөөд түүний үнэт эдлэлийн сонголт, өмссөн даашинзных нь өнгөтэй хослон туйлын гайхалтай харагдаж байлаа.

Бельгийн Хатан Матильда Лаврын навчин хэлхээт титмийг зүүж, Графф брэндийн алмаазан зүүлтийг алмаазаар бүрэгдсэн ээмэгтэй хослуулсан байв. Норвегийн Хатан Соня нь Норвегийн Маргад эрдэнийн иж бүрдлээр өөрийгөө чимсэн байх ба Серафимын одонг зүүсэн байна. Хатан Матильда тун намбалаг, зөөлөн харагдаж байсан бол Хатан Соня гэгээлэг, чамин харагдаж байв.

Дани улсын Хатан Мэри нь Шведийн Хатан Луизагийн цэцгэн хэлбэрт бугуйвчийг титэм болгон зүүж, эртнээс өвлөгдөн ирсэн алмаазан ээмэг болон Жозефинагийн алмаазан энгэрийн зүүлтийг зүүсэн байна.

Люксенбургийн Их гүнгийн авхай Стефанийн акуамарин чулуу бүхий туузан хэлбэрийн титмийг, түүнд тохирсон ээмэгтэй хослуулжээ. Гүнгийн авхайн гоёлын сонголт яах арга үгүй хамгийн харц булаам байсан гэдэг нь маргаангүй.

Тайландын Хатан Сутида нь Тайландын алмаазан фринг титмийг алмаазан ээмэг болон бугуйвчтай хослуулсан байна. Хатан Сутида яг л үлгэрээс гараад ирсэн мэт гялалзаж буй талаар цахим орчинд нэлээд олонтоо яригдаж байгаа юм.

Лихтенштейний Угсаа залгамжлах гүнж Софи нь Хабсбургийн фринг титмийг, сапфир ээмэгтэй зүүсэн нь түүний өмссөн байсан даашинзны гүн хөх өнгөтэй зохицон нүд булааж байсан бол Испаний Хатан София Меллерио хясаан хэлбэрийн титмээр гоёж, канарын шар алмаазан иж бүрдэл болон Серафимын одонг зүүсэн байна.

Румины Угсаа залгамжлах гүнж Маргаретагийн хувьд Румины грек хээт титмийг зүүж сараана цэцгийн хэлбэртэй энгэрийн брош болон алмаазан иж бүрдлийг сонгосон байна.

Эх сурвалж: New My Royals

#Эзэн хаан Карл Густаф