2026 оны Met Gala дээр гялалзах Ази уран бүтээлчид


С.Оюундарь | YOLO.MN
2026-05-06

Загварын ертөнц дэх хамгийн том үдэш тавдугаар сарын 04-нд Нью-Йорк хот дахь Метрополитен урлагийн музейд “Хувцас бол урлаг” сэдвийн дор “Загвар бол урлаг” дресс кодтойгоор зохион байгуулагдлаа. Малайали уран бүтээлчдийн бэлтгэсэн Мет Галагийн улаан хивсэн дээр Азийн одод урьд өмнөхөөсөө илүү тодорч, олны харцыг булаагаад байна. Эдгээр алдартнуудын бүрдүүлсэн дүр төрхөөс аль нь танд хамгийн их таалагдаж байгааг бидэнтэй хуваалцаарай.

BLACKPINK хамтлагийн Lisa

Тайланд гаралтай супер од Lalisa явсан газар бүртээ түүх бүтээж явдаг нэгэн. Энэ удаад ч тэрээр нэгэн шинэ түүхийг бүтээсэн нь Мет Галагийн зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдсон явдал байв. Өмнө нь ямар ч к-поп уран бүтээлч энэхүү бүрэлдэхүүнд орж байгаагүй юм.

Тэрээр Celine брэндийн дэлхийн элч төлөөлөгч бөгөөд к-попын хамгийн үнэ цэнтэй, тансаг загварын нүүр царайнуудын нэг. Хэдийгээр тэр өмнөх жилүүдэд Галад оролцож байсан боловч энэ жил зохион байгуулах хорооны гишүүнээр сонгогдсон нь түүний үнэ цэнийг бүр л батлаад өгөв үү гэлтэй.

Lisa нүүрээ халхалсан цагаан гивлүүр болон даашинз өмссөн байсан бөгөөд гивлүүрийг нь хиймэл гарнууд тогтоон барьсан драматик хийцтэй загварыг нүүр будалт, үс засалтаараа амилуулж чаджээ. Түүний хувцсыг Robert Wun бүтээсэн байна.

BLACKPINK хамтлагийн Rosé

BLACKPINK-ийн Rosé нь Шинэ Зеландад төрж, Австралид өссөн бөгөөд хамтлагаасаа хамгийн өндөр нэр хүндтэй соло уран бүтээлчдийн нэг. Тэрээр 2024 онд “rosie” нэртэй анхны бие даасан цомгоо гаргасан. Үүнээс цааш бид юу болсныг сайн мэднэ. Тэрээр APT дуугаар дэлхийг байлдан дагуулсан шүү дээ.

Мөн Rosé нь Saint Laurent-ийн элч төлөөлөгч бөгөөд энэ жилийн арга хэмжээнд тус брэндийг төлөөлөн оролцож байгаа юм. Өмнөх жилүүдэд түүний стиль ихэвчлэн хар болон цагаан өнгөн дээр тогтдог байсан бөгөөд энэ жил ч мөн адил хэв маягаа хадгалжээ.

Бүсэлхий хэсэгт байршуулсан том шувуу хэлбэрийн зүүлт нь 1988 оны хавар-зуны загварын цуглуулгаас санаа авсан байна. Ийнхүү энгийн ч тун чамин харагдах хар даашинз дээрх шувууны чимэглэл нь “Загвар бол урлаг” сэдэвт илүү онцгой өнгө нэмж өгчээ.

BLACKPINK хамтлагийн Jisoo

Энэ жилийн Мет Галад дебют хийж буй одуудаас хамгийн их хүлээлт үүсгэсэн нэгэн нь Jisoo байв. Гэхдээ түүний өмсөж ирсэн даашинз, үсний засалт, нүүр будалт болон өөртөө итгэх итгэлийг нь харсан хэн ч үүнийг түүний анхны Мет Гала гэж таахгүй байсан биз. Jisoo үнэхээр л тэр үдшийн гүнж нь байж чадсан.

Dior брэндийн дэлхийн элч төлөөлөгчийн хувьд тэрээр уг брэндийн гялалзсан, чулуугаар чимэглэсэн даашинзыг өмссөн байсан ба үүн дээрээ Cartier-ийн үнэт эдлэлийг хослуулсан нь илүү тансаг, гялалзсан төрхийг бүрдүүлсэн байна.

BLACKPINK хамтлагийн Jennie

Jennie нь улаан хивсний ёслолд гишүүдээсээ хамгийн сүүлд ирсэн ч түүний бүрдүүлсэн төрх хамгийн сүүлд жагсахгүй нь ойлгомжтой. Тэрээр Chanel брэндийн шинэ уран бүтээлч захирал Matthieu Blazy-ийн мөргүй мөнгөлөг өнгийн даашинзыг өмсжээ. Энэхүү хувцас нь 15,000 гар оёдлоор наасан гялтганасан навчиснаас бүрдсэн бөгөөд даашинзыг хийхэд нийт 540 цаг зарцуулсан гэнэ шүү.

Тэр мөн Chanel-ийн алтан дээр цагаан алмаз шигтгэсэн ээмгийг хослуулсан байсан ба улаан хивсний үеэр Vogue-д өгсөн ярилцлагадаа “Би өөрийгөө амилсан мозайк урлаг шиг мэдэрч байна” гэж хэлсэн байна.

Jennie нь дэлхийн загварын тайзанд гарснаасаа хойш Chanel-тэй ойр ажиллаж ирсэн. Тэрээр 2023 онд анх Мет Галад оролцохдоо талийгаач Karl Lagerfeld-ийн брэндийг төлөөлүүлэхээр биечлэн сонгосон сүүлийн хүмүүсийн нэг юм.

Alysa Liu

19 настай Alysa Liu нь энэ жил анх удаагаа Мет Галад оролцож буй бөгөөд Louis Vuitton-ий тусгайлан урласан даашинзыг өмссөн байна. Түүнийг арга хэмжээнд оролцохоос ердөө нэг өдрийн өмнө Louis Vuitton брэндийн албан ёсны элч төлөөлөгчөөр зарласан аж.

Түүний стилист Katie Qian Alysa-ийн өмссөн даашинзыг хүний биеийн хөндлөн огтлолыг санагдуулах хэлбэртэйгээр зохион бүтээсэн гэж тайлбарласан байна. Даашинзны хөвөө, хуниаснууд нь булчин болон эсийн дотоод бүтцийг илэрхийлэх мэт хэлбэртэй бөгөөд даашинзны өвөрмөц бүтцийг давхар тодотгож өгчээ.

EJAE

Солонгос гаралтай Америк дуучин бүсгүй EJAE-ийн хувьд энэ жил амжилт дүүрэн үргэлжилж байна. Тэрээр Kpop Demon Hunter-ийн асар их амжилтын дараа олон нийтийн анхаарлын төвд орж эхэлсэн. Түүнийг киноны гол дүр болох Rumi-д дуу оруулсан гэдгийг бид сайн мэднэ.

Анхны Мет Галагийнхаа төрхийг бүрдүүлэхдээ EJAE толгойноос хөл хүртэл болор шигтгээтэй Swarovski-ийн чулуугаар бүрхсэн даашинзаар гоёжээ.

Simone Ashley

Simone Ashley нь Bridgerton цувралын Kate Sharma-ийн дүрээр дэлхийд танигдсан бөгөөд сүүлд The Devil Wears Prada 2 кинонд тоглоод амжсан өсөж яваа од. Тэрээр 2026 оны Галад Stella McCartney-ийн металл өнгийн, нугалаастай богино даашинзыг өмсөхөөр сонгосон байна. Түүний төрх яах аргагүй онцгойрч чадсан хүчирхэг төрх байлаа.

Cai Xukun

Та өмнө нь түүний тухай сонсож байгаагүй байж магадгүй ч тэрээр Хятадын алдартай дуучдын нэг юм. Энэ жил тэрээр хоёр дахь удаагаа Галад оролцож буй бөгөөд анх 2023 онд Karl Lagerfeld-ийн хүндэтгэлд зориулан ирж байжээ.

Teen Vogue-ийн мэдээлснээр түүний өмссөн Thom Browne-ийн хослол нь түүний удахгүй гарах шинэ цомог Deadman-тэй шууд холбогдож байгаа юм.

Aespa хамтлагийн Karina

Karina нь дөрөвдүгээр үеийн к-попын манлайлагч хамтлагийн нэг болох SM emtertainment-ийн Aespa хамтлагийн ахлагч. Тэрээр Prada брэндийг төлөөлөн оролцож буй бөгөөд даруухан нүүр будалтыг солонгосын үндэсний хувцас ханбокнаас санаа авсан мэт хийгдсэн гоёмсог хар, цагаан өнгийн даашинзтай хослуулжээ. Энэхүү даруухан ч харц булаам хувцаслалтад өнгө нэмсэн зүйл нь яах аргагүй түүний зүүсэн ногоон, үзмэн ягаан өнгийн чулуутай ээмэг байв.

Aespa хамтлагийн Ningning

Хятад гаралтай, SM entertainment-ийн хамтлаг болох Aespa-ийн отгон гишүүн тэрээр 2026 оны Мет Галад Gucci-ийн дэлхийн элч төлөөлөгчийн хувиар оролцож байгаа юм. Энэ нь түүнийг болон хамтлагийн ахлагч Karina-г Галад оролцсон анхны дөрөвдүгээр үеийн эмэгтэй idol болгож байна. Түүний хар өнгийн өвөрмөц загварын даашинз нь яг л хар сарнай хүн дүрээр амилчихсан мэт харагдаж байгаад уншигч та санал нийлэх биз ээ.

Ahn Hyo Seop

Ahn Hyo Seop нь олон улсын үзэгчдэд Business Proposal, Sold Out on You гэх зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдээр танигдсан. Сүүлд тэрээр Kpop Demon Hunter-ийн Jinu-ийн дүрд дуу оруулсан.

Тэрээр Мет Галад Valentino-той хамтран оролцсон бөгөөд энэ талаар нь түүний харьяалагддаг агентлаг болох The Present Company инстаграм хуудсаараа мэдэгдсэн байна. Сүүлийн 11 жилийн хугацаанд Галад ямар ч Солонгос жүжигчин оролцоогүй байсан юм.

Эх сурвалж: Forbes

#Met Gala