

Ёнсэй их сургууль (Yonsei University) болон Солонгосын их сургууль (Korea University) нь судалгааны үр дүн болон дэлхийн зэрэглэлээ өсгөхийн тулд нэр төдий, идэвхгүй профессоруудыг ажилд авсан байж болзошгүй байна. Эдгээр профессорууд нь БНСУ-д оршин суудаггүй, академик оролцоо хязгаарлагдмал гадаад эрдэмтэд юм. Өөрөөр хэлбэл, оюутнуудад хичээл заадаггүй ч тухайн их сургуулийн багш нэрийн дор байдаг, хийсэн бүтээл, судалгаанууд нь их сургуулийн нэрэн дор харьяалагддаг гэсэн үг.

Yonhap мэдээллийн агентлагийн мэдээлснээр Ёнсэй болон Солонгосын их сургууль нь гадаадад амьдардаг эрдэмтдэд профессор цол олгосон боловч тэднийг БНСУ-д амьдрах эсвэл кампус дээр хичээл заах шаардлага тавилгүйгээр тэдний бүтээлүүдийг өөрийн сургуулийн нэр дор бүртгэж явж байсан байх магадлалтай байна.

QS World University Rankings болон Times Higher Education зэрэг рейтингийн системүүдийн дагуу, олон байгууллагын харьяалалтай гэж бичигдсэн судалгааны өгүүллүүд нь тухайн байгууллага бүрийн нийт судалгааны үр дүнд тус тусад нь тооцогддог.
Ёнсэй их сургууль 2017 онд “Yonsei Frontier Lab” хөтөлбөрөөр дамжуулан энэ аргыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд гадаадын эрдэмтдийг сургуульдаа элсүүлж, судалгааны бүтээл дээр тус их сургуулийг харьяалалтай байгууллагаар бичихийн тулд 30,000 ам.доллар хүртэлх урамшуулал санал болгодог байсан гэжээ.
Үүнээс хойш ердөө зургаан жилийн хугацаанд уг программын тусламжтайгаар хэдэн зуун эрдэм шинжилгээний өгүүлэл Ёнсэй их сургуулийн нэрэн дор бичигдсэн ба 2018 онд топ 100 сургуулийн гадна бичигддэг байснаа 2023 онд топ 70-д жагссан байна.

Ёнсэй их сургуулийн төлөөлөгчийн хэлж буйгаар эдгээр эрдэмтдийг Ковид-19 цар тахлын үеэр ажилд авсан бөгөөд хамтын ажиллагаа хязгаарлагдмал байснаас үүдэн үүсч болзошгүй хууль эрх зүйн эрсдэлийг илрүүлсний дараа 2022 онд ойролцоогоор 14 хүний гэрээг цуцалсан гэв.

Мөн төлөөлөгч нь Ёнсэй их сургуулийг тухайн эрдэмтдэд сургуулийнх нь нэр дор судалгаа бичүүлэх гэж төлбөр төлсөн гэсэн хардалтыг үгүйсгэж, олгосон санхүүжилт нь тэдний аялал болон амьдрах зардлыг дэмжих зорилготой байсан гэж мэдэгджээ.
Үүнтэй адил, Korea University 2023 онд “K-Club” хөтөлбөрийг эхлүүлж, ойролцоогоор 150 гадаадын эрдэмтдийг татсан байна. Үүний үр дүнд тус сургуулийн Times Higher Education-ийн зэрэглэл 200-гаас гаднаас 2026 он гэхэд дэлхийд 156-д хүрч өссөн.
-103520-378022866.jpeg)
Scopus хэмээх дэлхийн шинжлэх ухааны өгүүллийн мэдээллийн сангийн дүн шинжилгээгээр, 2025 онд Солонгосын их сургуультай холбоотой 8,700 гаруй өгүүллийн 1,000 гаруй нь (ойролцоогоор 11%) K-Club-ийн гишүүдийн бичсэн нь тогтоогдсон. Энэ оны 3-р сарын дунд үе гэхэд энэ хувь 12.5% болж өссөн байна.
Эдгээр эрдэмтдийн ихэнх нь гадаадын их сургууль эсвэл судалгааны байгууллагад бүтэн цагаар ажилладаг бөгөөд зочин профессорын цол авсны дараа өөрсдийн бүтээлдээ Солонгосын их сургуулийг хоёрдогч эсвэл гуравдагч харьяалал болгон бичдэг. Жишээ нь, Пакистаны дэд профессор Zahoor Ahmed Солонгосын их сургуулийн кампус дээр хэзээ ч ажиллаж байгаагүй ч хоёр долоо хоног тутамд дунджаар нэг өгүүлэл хэвлүүлдэг байжээ.
Солонгосын их сургууль K-Club хөтөлбөрийг олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилготой гэж тайлбарласан бөгөөд Scopus-ийн дүн шинжилгээгээр K-Club-ийн профессоруудын бичсэн ойролцоогоор 1,600 өгүүллийн дөнгөж 8% нь тус сургуулийн үндсэн багш нартай хамтран бичигдсэн байна.

Тус сургууль энэ загварыг гадаад дижитал чиг хандлагатай уялдсан, гүйцэтгэлд суурилсан алсын судалгааны хамтын ажиллагаа гэж тодорхойлсон бөгөөд Harvard University, Massachusetts Institute of Technology, Imperial College London зэрэг байгууллагуудын практиктай төстэй гэж дурджээ.
Мөн “идэвхгүй профессорууд” гэх нэршлийг үгүйсгэж, эрдэм шинжилгээний хувь нэмрийг зөвхөн биечлэн оролцсоноор нь дүгнэх ёсгүй гэж мэдэгдсэн. Times Higher Education-ийн шалгуурын дагуу судалгааны орчин болон судалгааны чанар нь нийт үнэлгээний 59%-ийг эзэлдэг бол QS World University Rankings нь судалгаа ба нээлтэд 50%-ийн жинг өгдөг.
Эх сурвалж: VN Express
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!