

Дэлхийн топ хөвгүүдийн хамтлаг болох BTS энэ сарын 9-ны өдөр албан ёсоор “Arirang” дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүллээ. Тоглолт нь Өмнөд Солонгос Улсын “Goyang Stadium”-аас эхэлсэн бөгөөд тэд шинэ цомгийнхоо бүтээлүүд болон өмнөх хит дуунуудаасаа бүрдсэн нийт 23 үзүүлбэрийг эхний өдрийн тоглолтод толилуулсан юм.
ААДАР БОРООТОЙ “ARIRANG”-ИЙН НЭЭЛТ

Тухайн өдөр цаг агаар муудаж, тоглолтын туршид бороо оржээ. Эхэндээ бага багаар орж байсан хэдий ч тоглолтын дунд үеэс маш хүчтэй аадар бороо орсон байна. Гэсэн хэдий ч хамтлагийн гишүүд болон фенүүд үүнийг үл тоон, тоглолтоо цааш үргэлжлүүлсэн юм. Taehyung, “Яг л галзуу юм шиг бороо орж байна”,
Suga, “Шүршүүрт оронгоо тоглолт хийгээд байгаа юм шиг санагдчихлаа”, RM, “Энэ шүршүүрийн газар хамгийн шилдэг нь юмаа. Ус нь хүртэл амттай” хэмээн хамтлагийн гишүүд хошигножээ.

Тоглолтоо тэд Arirang цомгийнхоо шинэхэн дуу болох “Hooligan”-аар нээлтээ хийв. Үргэлжлүүлэн “Aliens”, “Run BTS”, “Like Animals”, “Fake Love” зэрэг дуугаа дуулж, тайзны үзүүлбэрүүдээ үзүүлсэн юм. Тоглолтын нэр нь Arirang учир хамтлагийн гишүүд тоглолтдоо шинэ цомгийн дуугаа ихэвчлэн дуулжээ. Түүнчлэн Billboard Hot 100 чартыг тэргүүлж байсан “Dynamite”, “Butter” зэрэг хит дуунуудаа ч дуулжээ.
ГИШҮҮДИЙН СЭТГЭГДЛЭЭС

Rm: “Их удлаа шүү. Эргэн ирэх гэж 4 жил зарцуулж, аялан тоглолтоо хийх гэж 6 жил хагас зарцуулжээ. Яг энэ мөчийг хэдэн зуун мянган удаа төсөөлөн мөрөөддөг байлаа. Бид хамтдаа дахин нэгдээд эргэн ирсэн гэдэг нь л өөрөө маш талархам, азтай хэрэг гэж бодож байна. Бид бүх хүнийг сэтгэл хангалуун байлгаж чадахгүй, бид өөрсдөө ч төгс биш, дутагдалтай зүйл байх нь мэдээж. Зүгээр л бид дахин хамтдаа нэгдээд тоглолт хийж байгаа гэдгээс илүү чухал зүйл байхгүй байх гэж бодож байна.”

Jungkook: “Өнөөдөр ингэж бороонд норонгоо үзүүлбэрээ үзүүлэх хөгжилтэй байлаа. Бүх зүйл гоё байгаа ч санаа зовж буй нэг зүйл минь, маш удаан бороонд норж зогсоо ARMY нар маань маргааш өвдөхгүй байгаасай гэж найдаж байна. Өнөөдөр энэ бүх хоосон зайг дүүргэж өгсөнд маш их баярлалаа. Та бүхний ачаар сайхан дурсамж бүтээлээ. Хайртай шүү.”
Suga: “4 жилийн дараах бид 7-ын анхны тоглолт, бас Arirang аялан тоглолтын хамгийн эхний тоглолт учраас маш онцгой мөч юм. Хэдэн жил өнгөрсөн ч хүн бүр энэ өдрийг санах болно. Бид ч мартахгүй байх. Та бүхнийг удаан хугацааны дараа харсан болохоор, бас их ч бороо орсон болохоор. Цаг агаарыг үл харгалзан, уур амьсгал маш гайхалтай байлаа. Цаашдаа ч бас урт удаан хугацааны туршид бие биеэ харцгаая. Баярлалаа.”
ТОГЛОЛТООС 12 ЦАГИЙН ӨМНӨ

Тухайн өдрийн тоглолт нь оройн 19:00 цагаас тоглогдох хуваарьтай байсан хэдий ч шүтэн бишрэгчид нь тоглолт болохоос 12 цагийн өмнө ирж оочирлосон гэнэ. Тодруулбал, босоо хэсгийн үзэгч арми нар илүү тав тухтай, ойр хэсгээс үзэхийн тулд өглөөний 06:30-т цэнгэлдэхийн гадна ирж, уртаас урт дараалал үүсгэсэн байна. Фенүүд нь тухайн өдрийн цаг агаарыг урьдчилан мэдэж борооны цув, усны гутлаа бэлдээд ирсэн учир ийнхүү олон цаг оочирлон зогсоход асуудалгүй байсан тухай онцлон хэлж байсан юм.
Сонирхуулахад, тоглолт эхэлсний дараа тасалбаргүй үлдсэн хэдэн зуун хүн бороонд норсон хэдий ч дуртай шүтээнүүдээ үзэхийн тулд гадаа зогссоор байсан тухай хэвлэлүүд онцолсоор байна.
ДАРААГИЙН ЗОГСООЛ “TOKYO DOME”

BTS-ийн Сөүл дэх тоглолт 4-р сарын 9, 11, 12 гэсэн гурван өдөр үргэлжилнэ. Харин тэдний дараагийн зогсоол 4-р сарын 17-нд Японы “Tokyo Dome”-д болох юм. Үргэлжлүүлэн АНУ, Мексик, Испани, Герман, Франц зэрэг орноор аялан тоглолтоо үргэлжлүүлэх юм.


Эх сурвалж: BBC, BTS Mongolians team
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!