

SHINee хамтлагт дебют хийсэн цагаасаа хойш бараг хорь гаруй жилийн дараа к-попын супер од болох Тэмин өөрийн карьертаа дахин нэг шинэ амжилтыг тогтоолоо.
Биллбоардын мэдээлснээр Грэмми музей 2026 оны 4-р сарын 1-нд “TAEMIN: Performer. Artist. Icon” үзэсгэлэнг нээх бөгөөд энэ нь Тэминий дуучин, дуу зохиогч, бүжигчнийх нь амьдралын карьер болон нөлөөг харуулж, тэмдэглэхэд зориулагдсан юм.
Ингэснээр тэрээр Лос-Анжелес дахь энэхүү байгууллагаас ийм хүндэтгэл хүртсэн анхны K-pop соло уран бүтээлч болж байна.

2026 оны тавдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх энэхүү үзэсгэлэн нь фенүүд болон хүрэлцэн ирэгсдэд Тэминий гайхамшигт тайзны төрхийн ард юу юу болж өрнөдөг тухай илүү нарийн мэдээллийг хүргэнэ. Үзэсгэлэнд хоёр онцгой тайзны хувцсыг дэлгэн үзүүлж байгаа бөгөөд үүнд түүний дэлхийн аялан тоглолт болох “Ephemeral Gaze”-ийн үеэр өмсөж байсан улаан хар өнгийн нүд булаам хувцас, мөн Veil тоглолт болон 2025 онд “The Kelly Clarkson Show”-д оролцохдоо өмссөн цагаан хувцас багтжээ.
Үзэсгэлэнд эдгээр тайзны хувцаснуудаас гадна Тэминий өөрт нь тусгайлан зориулж хийсэн тайзны чихэвч, түүний хэрэглэдэг тайзны цагаан микрофон, албан ёсных нь lightstick, мөн хамгийн сэтгэл хөдөлгөм нь түүний фенүүддээ хаяглан гараараа бичсэн захидал ч байх юм байна.

Тэрээр өөрийнх нь тухай үзүүлэх энэхүү үзэсгэлэнгийн талаар ярихдаа “Үзүүлбэр бүхэн миний шүтэн бишрэгчидтэйгээ хамт өнгөрүүлсэн түүхийг өгүүлдэг. Эдгээр тайзны хувцаснууд болон бусад үзүүлэнгүүд тэдгээр дурсамжуудын нэгээхэн хэсэг юм. Үзүүлэнг үзэхээр ирэгсдийг миний дуу хөгжмийг гэсэн хайр, хүсэл тэмүүллийг мэдэрнэ гэж найдаж байна. Миний тайзны хувцаснууд Грэмми музейд тавигдаж байгаад үнэхээр баяртай байна” гэжээ.

Тэминий амжилтын замнал 2008 онд эхэлсэн бөгөөд тухайн үед 14 настай байсан Тэмин SM Entertainment-ийн SHINee нэртэй таван гишүүнтэй вокал хамтлагийн бүрэлдэхүүнд дебют хийж чадсан.
Хэдий Тэмин насаар балчир байсан ч түүний дуу дуулах авьяас, бүжиг бүжиглэх чадвар нь яах аргагүй түүнийг олны анхаарлын төвд авчирсан байдаг.

SHINee нь Billboard чартад жагссан анхны K-pop хамтлагуудын нэг болж, “Lucifer” дуугаа World Digital Song Sales чартад гуравдугаар байрт хүргэж, тухайн үед Солонгос уран бүтээлчдийн хувьд шинэ дээд амжилт тогтоож байв.
Түүнээс хойш SHINee нийт 36 бүтээлээ энэ чартад оруулснаас 23 нь эхний аравт багтсан бөгөөд World Albums чартад мөн ойролцоогоор 12 удаа орж, үүнээс хоёр нь нэгдүгээр байрт хүрсэн байна.

Тэмин 2014 онд соло уран бүтээлчээр дебют хийж, Ace нэртэй анхны соло цомгоо гаргасан бөгөөд энэ нь түүний World Albums чартад орсон долоон соло бүтээлийнх нь анхных юм.
Тэрээр одоогоор World Digital Song Sales чартад 15 хит дуу гаргажээ. Үүний дотор өнгөрсөн жилийн Veil дуу нь чартад гуравдугаар байрт орж, 2016 оны Press Your Number-ын амжилттай дүйцсэн амжилтыг үзүүлсэн байна.
Мөн Тэмин бүх оддын K-pop хамтлаг SuperM-ын гишүүн бөгөөд хамтлагийн нэртэй дебют EP нь Billboard 200 чартад нэгдүгээр байр эзэлжээ.


Тэминий тухай Grammy музейн эрхлэгч хэлэхдээ “Тэмин бол нөлөөлөл нь тайзны үзүүлбэрээс хол давсан жинхэнэ уран бүтээлч юм. Түүний бусдаас ялгарам үзүүлбэрүүд, шинэлэг байдал болон урлагийн мэдрэмж нь к-попыг дэлхийд таниулахад томоохон үүргийг гүйцэтгэсэн. Бид түүний авьяас чадвар, соёлын нөлөөллийг харуулах эдгээр тайзны хувцаснууд болон үзүүлэнгүүдийг олон нийтэд үзүүлэхдээ таатай байна” гэсэн байна.

Өнгөрсөн жилийн АНУ, Латин Америк, Европт бүх тасалбар нь зарагдсан Ephemeral Gaze дэлхийн аялан тоглолтын дараа Тэминий тэргүүлсэн тоглолт болох Лас-Вегас дахь Park MGM-ийн Dolby Live дэх ч тасалбарууд бүгд зарагдаж үүний дараа тэрээр шинэ компани Galaxy Corporation-тэй гэрээ байгуулсан. Уг агентад к-попын бас нэгэн супер од G-Dragon ч бас харьяалагддаг билээ.

Эх сурвалж: Billboard
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!