Хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх зураг, бичлэгийг цахимд байршуулах хориотой


Б. Чимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

 

  • Хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулж болохгүй. Мөн цахим орчинд байршуулах нь хориотой.  
  • Хүүхэд тодорхойгүй шалтгаанаар хичээлдээ ирээгүй бол ангийн багш эцэг эх, асран хамгаалагч, гэр бүлд нь нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.  

Эдгээр үүргийг Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ажиллаж байна. ГБХНХЯ-ны шинжээч Ж.Азжаргал “Хүүхэд циркийн үзүүлбэр биш, хүүхэд хүүхэлдэй биш, хувь хүн тул дээрх заалтуудыг хуульд нэмнэ. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийг бүртгэх нээлттэй сувгийг сургууль бүр ажиллуулна. Үүнийг нээн ажиллуулсан сайн туршлага зарим сургуульд бий” гэв.  

УИХ-аас 2024 онд Хүүхэд хамгааллын тухай хуулийг шинэчлэн баталсан. Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 12 настай охин өглөө гэрээсээ гараад эргэж ирээгүй. Тэрхүү аймшигт хэргийн дараа нийтээрээ хүүхэд хамгаалалд анхаарч хуулиа шинэчилсэн. Үүнээс хойш хоёр жил өнгөрчээ.  

Хүүхдүүдээ гэмт хэрэгтнүүд, залилагчид, дээрэлхэгчид гээд олон аюулаас хамгаалахын тулд ээж аавууд, багш нарын хариуцлагыг хуулиар нэмэх гэж байна. Ангийн багш нар хүүхэд ирээгүй гээд бүртгээд өнгөрөх биш нэн даруй ээж аавд нь мэдэгдэнэ. 

Хүүхдийнхээ багын нүцгэн зургийг зарим эмээ өвөө, ээж аав нь цахим орчинд нийтэлчихдэг. Энэ нь олон жилийн дараа хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.  

Мөн нүүр номд хүүхдээр тоглоом хийсэн, даажигнасан, хуурч дамшигласан бичлэгүүд маш их. Иймд хүүхдийн эрх, нэр төрд сөргөөр нөлөөлөх мэдээлэл, дуу, дүрсний бичвэр, гэрэл зургийг бусдад дамжуулж болохгүй. Мөн цахим орчинд байршуулах нь хориотой гэж хуульд тусгаж, цахим орчны замбараагүй хэрэглээг хязгаарлах гэж байна. 

Ингэснээр хүүхэд хамгааллын тогтолцоо, оролцогч талуудын үүрэг, оролцоог өргөжүүлсэн гэж төсөл боловсруулагчид тайлбарлав. 

Мөн хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн хүүхэд хамгаалах үүргийг чангатгажээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аливаа гэмт хэргийн талаар их мэдээлдэг. Энэ нь дараагийн хүчирхийллийн сэдэл болдог тул хэргээс хэрхэн хамгаалах зөвлөмжийг хамтад нь мэдээлэх үүргийг хуульд нэмжээ. 
 
Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хүүхэд хамгааллын хуулийг сурталчлах, нөлөөллийн ажил хийх үүрэгтэй.   

ХУУЛЬД НЭМСЭН ЗААЛТУУД 

  • Төрийн бүх байгууллага, албан тушаалтан гамшиг, онцгой байдлын үед ч хүүхэд хамгааллын үйлчилгээг зогсоох эрхгүй.       
  • Хүүхдийн эрхийг зөрчсөн боловсролын, сургалтын, үйлчилгээний байгууллагыг хаах шийдвэрийг тухайн орон нутгийн Засаг дарга гаргана. 
  • Хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэлийн үеэр унаач хүүхдийн эрх, аюулгүй байдлыг уяач, эцэг эх, асран хамгаалагч хариуцна.  
  • Хүүхдийн эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн байгууллагад ажиллуулахгүй.  
  • Хүүхдийг цахим орчинд дарамталсан, дээрэлхсэн, урхидсан, үүнд нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хувь хүнийг 500 нэгжтэй, хуулийн этгээдийг   5000 нэгжтэй тэнцэх мөнгөөр торгоно. 
  • Хэвлэл мэдээлэл, цахим орчны үйлчилгээ эрхлэгч хүүхдэд хортой агуулгыг хязгаарлана. Хортой агуулга түгээсэн хүнийг 300 нэгжтэй, хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно. 
  • Интернэт үйлчилгээ эрхлэгч цахим орчинд хүүхдэд хортой, хориотой агуулгыг эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэрийн дагуу өөрийн сүлжээнд хязгаарлана.  
  • Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч насны ангиллын тэмдэглэгээг байршуулаагүй бол зохих хариуцлага хүлээнэ. 
  • Олон нийтийн сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдийг хориотой, хортой агуулгаас хамгаалах зорилгоор насанд хүрэгчдэд зориулсан тохиргоог идэвхжүүлнэ. Эс бөгөөс хуулийн этгээдийг 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.         
  • Олон нийтийн сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч хүүхдэд хориотой, хортой агуулгыг хязгаарлах үүрэгтэй.  
  • Гэмт хэргийг нарийвчлан мэдээлбэл хүүхдэд хортой агуулга түгээсэнд тооцно. 

Хүүхдийн эсрэг, бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг хийж, эрүүгийн хариуцлага хүлээсэн хүнийг хүүхдийн байгууллагад ажиллуулахгүй, хүүхэдтэй холбоотой ажил хийлгэхгүй. Энэ заалт хүний хөдөлмөрлөх эрхийг хөндөх, эсэх талаар НҮБ гэх мэт олон улсын байгууллагаас санал зөвлөмж авчээ.

Энэ заалт хүний эрхийг хязгаарлахгүй гэсэн тул хуульд оруулсан байна. Ингэснээр бүх байгууллага ажилтан шалгаруулж авах журамдаа өөрчлөлт оруулах шаардлага үүснэ.      

Хурдан морины унаач хүүхдийн эрхийг энэ хуулиар анх удаа зохицуулах гэж байна. Баяр наадмын тухай хуульд ижил төстэй заалтууд бий ч энэ хууль зөвхөн баяр наадмын үеэр л хүчин төгөлдөр байгаа нь хангалтгүй юм.    

Хэвлэл мэдээлэл, цахим орчны үйлчилгээ эрхлэгч хүүхдэд хортой агуулгыг хязгаарлах талаар дурдсан. Хортой агуулга мөн, эсэхийг 18 хүнтэй баг ажиллаж тогтооно гэв.  

Цахим орчны зохистой хэрэглээний талаарх эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өсвөр үеийн мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, технологийн түвшинд хүүхдэд хортой болон хориотой агуулгыг таньж илрүүлж, хаах, хязгаарлах чадавхыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн манлайлал, хамтын ажиллагаа чухал гэж ГБХНЯ үзжээ.  

Дээрх хуулийг баталснаар төрийн, хувийн хэвшлийн бүх байгууллага хүүхэд хамгааллын бодлоготой байна. Үүнд тухайн байгууллагын үйлчилгээ бүтээгдэхүүн хүүхдэд хэрхэн нөлөөлдөг, ажилтнуудынхаа хүүхдэд чиглэсэн ямар ажил хийх, хүүхэдтэй хэрхэн харилцах  гэх мэт өргөн хүрээг хамарсан байна гэж Ж.Азжаргал шинжээч танилцуулав.  

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Зөрчлийн тухай, Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад мөн өөрчлөлт оруулна.       

#мэдээ