

Гэгээн Патрикийн өдөр нь Ирландын хамгаалагч ариун гэгээнтэн болох Гэгээн Патрикийг хүндэтгэн тэмдэглэдэг өдөр юм. Уг баярыг түүний нас барсан өдрийн ойгоор буюу жил бүрийн гуравдугаар сарын 17-нд тэмдэглэдэг.
Гэгээн Патрикийн өдрийн түүх нь бүр 1000 жилийн өмнөөс эхлэлтэй. Хэдийгээр орчин үед уг баярыг шашинтай холбогдуулж тэмдэглэх хүмүүс ховор болсон ч баярын үүсэл нь шашинтай холбогддог.

Ирландад байх Христийн шашинтнууд Гэгээн Патрикт зориулсан оройн зоогийг 9, 10-р зууны үеэс эхлэн барьж эхэлсэн байдаг. Уламжлал ёсоор айл өрхүүд өглөө нь сүмд очиж мөргөн, өдөр нь баяраа тэмдэглэнэ. Гэгээнтний өдөр дандаа Христийн шашинтнуудын мацаг барьдаг хугацаатай давхцаж болдог ч Гэгээн Патрикт хүндэтгэл үзүүлэхийн тулд гэр бүлүүд гуравдугаар сарын 17-нд мацгийн хоригоо түр цуцлаад Ирландын гахайн мах, байцаа зэргийг зооглодог.
17-р зуунаас эхлэн Америкт шилжин суурьшигчид баярын шинэхэн уламжлалыг эхлүүлсэн байна. Жишээ нь баярын жагсаал хийх, давсалсан үхрийн махыг байцаатай идэх гэх мэт. Хэдийгээр эдгээр нь Ирландаас бус бүр сүүлд л Америкт үүссэн боловч дэлхий даяар хүмүүс уг өдрөөр олноороо Ирландын соёлыг тэмдэглэх нэрэн дор баярын жагсаалд оролцон, хүссэнээрээ идэж уун, ногоон өнгийн хувцас өмсдөг билээ.
ГЭГЭЭН ПАТРИК ГЭЖ ХЭН БАЙСАН БЭ?

5-р зуунд амьдарч байсан Гэгээн Патрик нь Ирландыг хамгаалагч гэгээнтэн бөгөөд тус улсын үндэсний номлогч юм. Ромын Британид төрсөн тэрээр 16 настайдаа хулгайлагдан боол болж Ирландад хүргэгджээ. Хэдийгээр тэр дараа нь оргож чадсан боловч өөрийн хүслээр буцаж Ирландад очин Христийн шашныг ард иргэдэд тараасан байдаг.
Патрикийн үхлийн дараах олон зууны туршид түүний тухай түүх, домог Ирландын соёлтой улам бүр нягтаршин нэгдсэн. Түүний тухай хамгийн алдартай түүх бол Христийн ариун гурвал буюу эцэг, хүү, ариун сүнсийг Ирландад ургадаг гурван навчит хошоонгороор тайлбарлаж буй нь гэж үздэг.

ГЭГЭЭН ПАТРИКИЙН ӨДӨР ХЭЗЭЭ ЭХЭЛСЭН БЭ?
Гэгээн Патрикийн өдрийг Ирландад МЭ 10-р зууны үеэс тэмдэглэж ирсэн байдаг. Харин өнөөдрийн баярын өдрөөр үйлддэг уламжлалууд нь 1600-1700 оны хооронд АНУ-д үүсжээ.
Бүр эрт 10-р зуун эсвэл тэрнээс өмнөхөн Ирландчууд Патрикийг хүндэтгэж жил бүрийн гуравдугаар сарын 17-ыг тэмдэглэдэг байв. Баярын жагсаалын тухайд бидэнд олдсон бичиг баримтуудаас үзвэл, хамгийн анх 1601 онд Испанийн колони байсан Флоридад болж байжээ.
Энэ явдлаас 100 гаруй жилийн дараа Британийн армид алба хааж байсан ирланд цэргүүд эх орноо санасны улмаас 1762 оны гуравдугаар сарын 17-нд Нью Йорк хотын гудмаар алхсан байна. Ингэж л баярын жагсаалын гал цог Америкт тархаж байсан гэдэг.

Дараагийн арван жилүүдэд Америкт цагаачлан ирсэн Ирланд үндэстнүүдийн дунд эх оронч үзэл өргөнөөр тархах болсон нь “Гэгээн Патрикийн нөхөрсөг хөвгүүд”, “Ирландийн нийгэмлэг” зэрэг тусламжийн нийгэмлэгүүд байгуулагдсан. Нийгэмлэг болгон жил бүр хөөрөгт цуур, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгүүдийг эгшиглүүлэн жагсаал хийдэг байв.
1851 онд Нью Йоркт байсан тусламжийн нийгэмлэгүүд тус тусдаа жагсаал хийлгүй хамтдаа жагсаалаа хийхээр болсон байна. Өнөөдрийн байдлаар Нью Йорк хотод болдог Гэгээн Патрикийн жагсаал нь хамгийн эртний бөгөөд ойролцоогоор 150 мянга гаруй оролцогчид жагсан алхдагаараа АНУ-ын хамгийн том жагсаал болж хувирчээ.

Жил бүр энэхүү 2.8 км үргэлжилсэн таван цагийн жагсаалыг гурван сая гаруй хүн үздэг. Зөвхөн Нью Йоркт ч гэлтгүй Бостон, Чикаго, Филадельфи, Жоржиа болон Саванна хотуудад тус бүрд нь 10-20 мянган оролцогчтой жагсаалууд болдог. 2020 онд Ковид өвчнөөэс болоод цуцлагдсан хамгийн анхны томоохон үйл ажиллагаа Нью-Йорк хотын баярын жагсаал байсан юм.
АНУ ДАХЬ ГЭГЭЭН ПАТРИКИЙН ӨДРИЙН ТАРХАЛТ
19-р зууны дунд үе хүртэл АНУ-д амьдарч байсан ихэнх Ирланд иргэд протестант шашинтай, дундаж давхаргын хүмүүс байв. Гэвч энэ байдал 1845 онд Ирландад болсон “Төмсний өлсгөлөн”-өөс болоод өөрчлөгдсөн байдаг. Ердөө л зургаан жилийн хугацаанд өлсгөлөнгөөс зугтаж АНУ-д сая гаруй ядуу, боловсролгүй Ирландууд дүрвэж иржээ.
Хачирхалтай шашны итгэл үнэмшил, эв хавгүй аялга зэргүүдээсээ болоод цагаачид маань Америкийн протестант шашинтнуудад нүд үзүүрлэгдэн ажил олох бараг л боломжгүй нөхцөл байдалд байлаа. Дараа нь Америкийн Ирландчууд Гэгээн Патрикийн өдрийг тэмдэглэн хотуудын гудамжаар баярлан явахад тухайн хотуудын сонинууд тэднийг сармагчинтай зүйрлэж, архичин гуйлгачнаар нь доромжилсон байна.

Тун удалгүй Америкт байх Ирландчуудын тоо нэмэгдэж байгаа нь тэдэнд улс төрийн томоохон давуу талыг олгож буйг олж харсан байдаг. Тэд зохион байгуулалттай ажиллах болж өөрсдийгөө “ногоон машин” хэмээн нэрлэсэн сонгуулийн томоохон блок болж хувирсан байна. Энэ нь тэднийг сонгуульд нэр дэвшигчдийн хувьд маш чухал нийгмийн бүлэг болгож хувиргах нь ойлгомжтой байв.
Үүний үр дүнд гэнэт л өнөөх үзэн ядагдан, жигшил зэвүүцлийг аваад байсан Гэгээн Патрикийн жагсаал Америкт амьдарч буй Ирландуудын сүр хүчээ үзүүлэх талбар мөн нэр дэвшигчдийн заавал оролцох ёстой үйл ажиллагаа болон хувирчээ.
1948 онд ерөнхийлөгч Харри Трүмен Нью Йорк хотын Гэгээн Патрикийн баярын жагсаалыг үзэх гэж очсон нь Америкийн Ирландуудын хувьд шинэхэн улсад ирээд үндэс угсаагаараа ялгаварлан гадуурхагдаж байсан өвөг дээдэст нь үзүүлсэн хүндэтгэл мэт чухал үйл явдал байсан байна.

ЯАГААД ЧИКАГОГИЙН ГОЛЫГ НОГООНООР БУДСАН БЭ?
Ирландын цагаачид АНУ-ын олон мужуудаар тархан байрлахын хэрээр хот болгон өөрсдийн гэсэн уламжлалыг бий болгож байв. Эдгээрийн нэг нь жил бүр Чикаго хотын Чикаго голыг ногооноор будах уламжлал юм.

Уг уламжлал нь 1962 онд эхэлсэн. Тухайн үед хотын бохирдол хяналтын ажилтнууд хууль бус бохир усны урсгалыг илрүүлэхийн тулд будаг ашиглаж байсан бөгөөд ингэх явцдаа ногоон будгийг Гэгээн Патрикийн өдрөөр хэрэглэвэл баярын уур амьсгал илүү орох боломжтой тухайг боджээ. Ийнхүү сэтгэсэн тухайн жилдээ тэд голыг 7 өдөр ногоон байлгаж чадах хэмжээний хүнсний будаг буюу 45 кг ногоон будгийг гол руу хийсэн байна. Гэхдээ орчин үед байгалийн сүйдлийг багасгахын тулд 18 кг будаг л ашигладаг болсон.
Хэдийгээр Чикагогийн түүхчид голыг ногооноор өнгө оруулах нь тэдний санаа байсан хэмээн үздэг ч Саванна болон Жоржигийн уугуул иргэд уг санааг өөрсдийнх нь гэж итгэдэг. Тэд 1961 онд зочид буудлын менежер хийж байсан Том Вүли хэмээх залуу хотын захиргааныханд Саванна голыг ногооноор будахыг ятгасан тухай баримтыг гаргаж ирж өөрсдийгөө нотлохыг хичээдэг байна.
Харамсалтай нь төлөвлөгөө санаснаар бүтээгүй бөгөөд Саванна гол ногоон болж хувираагүй. Үүний дараа Саванна дахиж голоо будахыг оролдоогүй ч Вүли өөрийн санааг орхилгүй тухайн үед Чикагогийн хотын дарга байсан Ричард Дэйлид танилцуулсан гэдэг.
ГЭГЭЭН ПАТРИКИЙН ӨДРИЙГ ДЭЛХИЙ ДАХИНАА ХЭРХЭН ТЭМДЭГЛЭДЭГ ВЭ?
Өнөөдөр Гэгээн Патрикийн өдрийг шашин шүтлэг хамаарахгүйгээр хаа сайгүй, ялангуяа АНУ, Канад, Австрали зэрэг улсуудад өргөнөөр тэмдэглэдэг. Гол уламжлалууд нь Хойд Америкаас үүсэлтэй ч баярыг Америкаас алсад орших Япон, Сингапур, Орос зэрэг улсуудад тэмдэглэх нь бий.
Гэгээн Патрикийн өдрийн алдартай хоолнуудаас дурдвал ирландын содтой талх, давсалсан үхрийн мах, байцаа, ногоон сонгино сүү цөцгийн тостой нухсан төмс зэргүүд юм. АНУ-д иргэд ихэвчлэн ногоон өнгийн хувцсаар жигдэрдэг.

Ирландын хувьд эхэндээ Гэгээн Патрикийн өдөр нь шашны ариун бэлгэдэл байв. Бүр 1970 он хүртэл Ирландын баар цэнгээний газрууд гуравдугаар сарын 17-ны өдөр үйл ажиллагаагаа явуулахыг хуулиараа хориглосон байжээ. 1995 оноос эхлээд л энэхүү хатуу шашинтай холбоотой уламжлал нь зөөлөрч засгийн газраас Гэгээн Патрикийн баярыг Ирландын соёлыг дэлхийд таниулж, аялал жуулчлалыг татах хэрэгслээ болгож эхэлсэн байна.
Эх сурвалж: History
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!