Таны хүүхэд нас хортой байсан байж болзошгүйг илтгэх 9 шинж тэмдэг


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Сэтгэлийн түгшүүр, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байх, өөрийгөө голох зэрэг нь хүүхдэд гүн гүнзгий нөлөө үзүүлж болзошгүй сэтгэлзүйн шарх юм. Эдгээр нь заримдаа эцэг эхийн анзааралгүй, санаандгүй үйлдлээс үүдэлтэй байдаг. 

Хүүхдийн сэтгэл хөдлөлийн хэрэгцээг үл тоомсорлох, үгүйсгэх нь насанд хүрсэн хойно нь ч өөрийгөө үнэлэх байдалд, харилцаанд, сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. 

1. Бусдад хууртагдахаас айдаг

Хортой орчинд өссөн хүүхдүүдийн олонх нь далд хэлбэрийн хяналт ба сэтгэл зүйн манипуляцийн золиос болдог. Энэ нь бага багаар итгэл алдрах, ойр дотно харилцаанаас зайлсхийх, мөн өөрийгөө хамгаалахын тулд зожигших зан авир бий болгоно. Хожим нь бусдад итгэхэд хэцүү, хэт сэрэмжтэй байдалтай болдог.

2. Нийгмийн харилцаанд чөлөөтэй байж чаддаггүй

Сөрөг, зөрчилтэй орчинд өссөн хүмүүс үргэлж болгоомжлох, дотроо бүгдийг хадгалах зуршилтай болдог. Заримдаа тэд хэний ч дэмжлэггүй, бүх зүйл буруугаар эргэхэд бэлэн байх ёстой мэт өссөн байдаг. Энэ нь "айдастай бэлэн байдал" болон үлдэж, бусдад итгэж, сэтгэлээ нээхэд маш хэцүү болгодог.

3. Та амжилтгүй байхаас үхтлээ айдаг

Хортой гэр бүлд өссөн хүүхдүүд өөрсдийгөө хангалтгүй, үнэлэгдэхгүй байгаагаар мэдэрдэг. Эцэг эх нь хэт их шаардлага тавьж, сэтгэл дундуур байдал, буруутгал үзүүлж байвал хүүхэд өөртөө итгэх итгэлээ алддаг. Эцэстээ жижиг алдаа ч асар их сэтгэл гутрал, айдас үүсгэж мэднэ.

4. Хэн гэдгээ мэдэхэд бэрхшээлтэй

Хүүхдийн өөрийгөө танин мэдэх байдал, өөрийгөө үнэлэх үнэлэмж нь эцэг эхийн хандлагаас ихээхэн хамаардаг. Хэрвээ хүүхэд хайрлагдах мэдрэмж авч чадаагүй бол өөрийгөө таньж мэдэх, өөртөө итгэх итгэл нь доройтдог. Энэ нь насанд хүрэхэд түгшүүр, сэтгэл гутрал, өөрийгөө голох байдал дагуулж мэднэ.

5. Өөрийгөө хэт их шүүмжилдэг

Хортой орчинд өссөн хүүхдүүд байнга өөрийгөө голж, буруутгах хандлагатай болдог. “Би хангалтгүй, тэнэг, хичнээн хичээгээд ч хэн ч намайг үнэлэхгүй” гэх гүн итгэл үнэмшил бий болдог. Энэ нь өөрийгөө хайрлаж, өөрийгөө уучлах чадварыг хааж, сэтгэл санаанд гүнзгий шарх үлдээдэг.

6. Өөрийн сэтгэл хөдлөлийг хоёрдугаарт тавьдаг

Хүүхэд байхад сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд шийтгэл, доромжлол, үл ойшоогддог байсан бол “Миний мэдрэмж үнэ цэнгүй” гэж ойлгож өсдөг. Энэ нь сэтгэл хөдлөлөө нуудаг, өөрийн хэрэгцээнээс илүү бусдыг тавьдаг, өөрийгөө таньж мэдэхэд бэрхшээлтэй хүн болгодог. Урт хугацаанд энэ нь дотоод хоосрол, эргэлзээ, тодорхойгүй байдал төрүүлдэг.

7. Одоо ч өөрийгөө жижиг, эрх мэдэлгүй хүүхэд мэт мэдэрдэг

Хортой эцэг эхчүүд хүүхдээ өөрийнхөөрөө амьдрах, шийдвэр гаргах боломж олгодоггүй, харин үргэлж удирдах, заах, хянах гэсэн хандлагатай байдаг. Хүүхэд насанд хүрсэн ч нэгэн адил хяналтанд амьдрах мэдрэмжтэй байж, эрх чөлөөгүй, буруутай мэт амьдрахад хүрдэг. Энэ нь өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадварыг үгүй хийдэг.

8. Байнга түгшсэн байдалтай байдаг

Хүүхэд аюулгүй байдал дутмаг, дарамт, үл хайхрал дунд өссөн бол айдас, түгшүүр амьдралын салшгүй нэг хэсэг болдог. Энэ нь анхаарал төвлөрөх хүндрэл, сэтгэл санаа тогтворгүй болох, цочромтгой, амархан бухимддаг зэргээр илэрч болно. Тэдний хувьд энэ аюултай хорвоо дээр амьд гарах арга нь айдастай байдал болдог.

9. Хүний хүсэлд хэт захирагддаг (people-pleaser)

Хэрвээ та маргаан үүсгэхээс айж, “тийм” гэж хэлэхийг зуршил болгосон, өөрийн эрх ашиг, мэдрэмжийг илэрхийлэхээс зайлсхийдэг бол энэ нь даруу байдал биш, харин айдас дээр суурилсан зан төлөв байж магадгүй. Энэ нь бага насанд үг дуугүй захирагдах нь “аюулгүй” гэж ойлгож сурсаных. Насанд хүрсэн ч энэ хил хязгаар тавьж чаддаггүй, өөрийгөө голдог байдал руу хөтөлдөг.

Хэрвээ эдгээр шинж тэмдгүүд танд танил санагдаж байвал та ганцаараа биш. Өөрийгөө ойлгож, эдгэрэх замд анхны алхам бол өөрийгөө ухаарч, хүлээн зөвшөөрөх юм.

#сэтгэлзүй #зөвлөгөө