Валентинаар ганц бие хүмүүсийн үзэх арван кино


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Хосууд бие биедээ ямар их хайртайгаа харуулж авсан бэлгээ нийгмийн сүлжээ дээр тавин ганц бие хүмүүсийн сэтгэлийн шархыг хөндөж орхидог жилийн тэр л өдөр бидний өмнө тулаад иржээ. Хосгүй хүмүүсийн хувьд зөвхөн энэ л өдөр хэн нэгнийг цэцэг авахыг гэрчлэх, зүрхэн хэлбэртэй шоколаднууд дэлгүүрийн лангууг дүүргэсэн байгааг харах, ресторануудын захиалга дүүрсэн буйг мэдэх зэргүүд нь энгийн өдрүүдийнхээс ч илүү хүндээр тусах нь олонтаа.

Гэхдээ таны мөнгөө үрэх хүн та өөрөө л байх тул зарим талаараа Валентины өдөр дурлалт нэгэнгүй байх нь давуу тал ч болж өгдөг. Зүрхэн хэлбэртэй шоколаднууд уу? Та өөртөө л зориулаад худалдаад авчихад болно. Үзэсгэлэнтэй цэцгүүд? Бас л өөрөө худалдаад авчихад болно.

Арван дөрөвний өдөр хосгүй байлаа гээд юу гэж? Та доор дурдсан кинонуудыг томоос том пиццатай Валентины өдрөөр үзэн сууж өөрөө өөртөө бүх хайраа зарцуулж болно шүү дээ.

10. WILD (2014)

Хүндхэн замыг туулахын тулд хамтрагч хэрэгтэй гэж хэн хэлж байна? Рийс Видерспүүний гол дүр бүтээсэн Wild (2014) кино нь 2653 миллийг туулан өөрийн амьдралыг дахин босгохыг хичээж буй эмэгтэйн түүхийг өгүүлдэг.

Уг кино нь гол дүрийн бүсгүй болох Шерил хэрхэн тууштайгаар зүтгэж, өөрийгөө олж нээж буй талаар гардаг тул Валентины өдөрт төгс тохирно.

09. THE FIRST WIVES CLUB (1996)

Хью Вилсоны найруулсан “Анхны эхнэрүүдийн клуб” кино нь нөхрөөсөө салсан гурван эмэгтэй хэрхэн нөхрүүдээсээ өршөөгөө авч буй тухай өгүүлдэг. Гол дүрд Бетт Мидлер, Голди Хоун, Диан Китон нар тоглосон бөгөөд Валентины өдөр ганц бие хүмүүст зориулсан хөгжилтэй кино юм.

08. MARRIGE STORY (2019)

Ноа Баумбахын найруулсан “Гэрлэлтийн түүх” кино нь хүүхэдтэй хосуудын хувьд салалт гэдэг ямар хүндээр тусдаг гэдгийг харуулдаг. Гол дүрүүдэд Адам Драйвер болон Скарлет Йоханссон нар тоглосон бөгөөд тэд өөрсдийн дүрүүдээ тун сайнаар гаргаж чаджээ.

Хэдийгээр киноны кино театраас олсон орлого бага байсан ч гэрлэлтийн талаарх жинхэнэ нөхцөл байдлыг харуулж өгснөөрөө Netflix-ийн үзэгчдийн анхаарлыг татсан байна.

07. EAT, PRAY, LOVE (2010)

2010 оны “Ид, Залбир, Хайрла” кинонд Жулия Робертс гол дүрийн бүсгүй болох Элизабет Гилберт-ийн дүрд тоглодог. Элизабет нь нөхрөөсөө салаад удаагүй байгаа эмэгтэй бөгөөд шинэ хоол, шинэ хайр болон өөрийгөө олохоор дэлхийгээр аялахаар шийддэг хүч өгсөн кино.

Хэдийгээр кино нь кино шүүмжлэгчдээс холимог хариу авсан ч Валентины өдөр үзэхэд тохиромжтой кино юм.

06. THE SISTERHOOD OF THE TRAVELLING PANTS (2005)

Америка Феррера болон Блейк Лайвли нарын тоглосон “The Sisterhood of the Travelling Pants” нь нөхөрлөлийн тухай өгүүлэх халуун дулаан кино.

Үйл явдлын тухайд дөрвөн найз өөрсдийн ид шидийн өмднүүдийг солин өмсөх бөгөөд энэ нь тэдний нөхөрлөлийг бэлгэддэг. Валентины өдөрт ганц бие хүмүүст нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлэх төгс кино юм.

05. GIRLS TRIP (2017)

Хэрвээ танд өсвөр настнуудын өмдөө сольж өмссөнөөр нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож буй кино таалагдаагүй бол “Охидын аялал” киног үзэхийг зөвлөе. Кино театрууд болон үзэгчдээс ихээхэн магтаалыг хүртсэн уг кино нь хөгжилтэй бөгөөд сонирхолтой.

Куин Латифа, Режина Холл, Жада Пинкетт Смит, Тиффани Хэддиш нарын тоглосон уг кино нь бүхий л ганц бие бүсгүйчүүдэд (мөн мэдээж эрчүүд) сайн найзтайгаа цагийг өнгөрүүлэх нь хамгийн гайхалтай байдаг гэдгийг онцолдог.

04. HEATHERS (1989)

Та өөрийн ахлах сургуулийнхаа крашийг санаж байна уу? Яагаав дээ, өнөөх гаднаа гяланцаг дотроо паланцаг, сэтгэл булаам ч хортой тэр л хүн. Тэгвэл Heathers киноны үйл явдлыг тиймэрхүү хэв маягтай байх нь хэмээн төсөөлчих.

Уг кино нь хортой харилцаа ямар аюултай байдгийг харуулж өгдгөөрөө хосуудын баяраар гуньхарч буй ганц бие хүмүүсийн сэтгэлийг өргөж ямар азаар би хосгүй юм бол оо гэж бодогдуулахаар юм.

03. GONE GIRL (2014)

Хайртай хосынхоо алга болсон хэрэгт буруутгагдаж байна гээд төсөөл дөө? Хэдийгээр энэ нь тун хэцүү сэдэв мэт сонсогдож болох ч гарсан дариудаа үзэгчдийг байлдан дагуулсан Gone Girl киноны гол үйл явдал болдог.

Хэдийгээр зарим хүмүүс уг киног хостой хүмүүст илүү тохиромжтой гэж үзэж болох ч хэн л өөрийнхөө эхнэрийг алаагүй гэдгийг нотлох хэрэгтэй болсон нөхцөл байдалд орохыг хүсэх вэ дээ?

02. A STREETCAR NAMED DESIRE (1951)

Марлон Брандо, Вивьен Ли нар тоглож, Элиан Казаны найруулсан A Streetcar Named Desire кино нь амьдралд нь хүндхэн зүйл тохиолдсоны дараа бүх зүйлийг шинээр эхлүүлхээр өөр хотод ирж буй эмэгтэй талаар өгүүлдэг.

01. ROMY AND MICHELE’S HIGH SCHOOL REUNION (1997)

Та өмнө нь нэг л өглөө босоод өөрийгөө амьдралынхаа туршид хийж бүтээсэн олигтой зүйл байхгүй байхад арван жилийн ангийнхны чинь уулзалт болох гэж буй өөртэйгөө таарч байсан уу? Роми болон Мишээлийн ахлах сургуулийн уулзалт нь яг л тийм явдал тохиож буй эмэгтэйн талаар гарах инээдмийн төрлийн кино юм.

Хэдийгээр кино нь ямар нэгэн хайр сэтгэлийг ардаа үлдээхээр шийдсэн хүний тухай гардаггүй ч Валентины өдрөөр гунигт автан буй хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодруулах кино яах арга үгүй мөн.

Эх сурвалж: Collider

#single-чүүдийн үзвэл зохих арван кино #кино