"МИЛАН–КОРТИНА -2026" өвлийн олимп өнөө шөнө 03:00 цагт нээлтээ хийнэ


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Хүн  төрөлхтний их цэнгэл баяр, өвлийн олимпын 25 дугаар наадам Итали улсын Милан хотын 80.000 хүний суудалтай алдарт Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд Монголын цагаар өнөө шөнийн 3 цагт эхлэх юм. 

Нээлтийн үйл ажиллагаа олон байршилд зэрэг зохион байгуулагдаж Предаццо, Ливиньо, Кортина д’Ампеццо хотуудад тэмцээний бүсүүдээр  төлөөлөгчид жагсана. 

Мөн нээлтэд Итали болон олон улсын уран бүтээлчид оролцох бөгөөд АНУ-ын поп од Мэрайя Кэри тайзнаа гарах аж. Мөн Италийн алдарт дуучин Андреа Бочелли, "Алтан бөмбөрцөг"-ийн шагналт Лаура Паусини, алдарт жүжигчин Пьерфранческо Фавино, "The White Lotus" кино цувралын од Сабрина Импаччаторе нар нээлтэд оролцох нь тодорхой болсон.

16 спортын төрлийн 116 багц медалийн төлөө 92 улсын 3000 гаруй тамирчин өрсөлдөх уг олимпод Монгол Улсаа төлөөлж  3 тамирчин өрсөлдөнө. 

  • А. Ариунбат – Уулын цана
  • Б. Ачбадрах – Гүйлтийн цана
  • Э. Ариунтунгалаг – Гүйлтийн цана

Нээлтийн үйл ажиллагаанд 60,000 орчим үзэгч оролцоно  хэмээн тооцоолол гаргасан зохион байгуулагч Италичууд түүхэндээ 4 дэх удаагаа олимпын наадам хүлээн авч байна. 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо

#МИЛАН–КОРТИНА” -2026