Дүрсүүд нь хүн ч юм шиг, байгалийн нууц код ч юм шиг


Т.Онон | YOLO.MN
ӨЧИГДӨР

Сампилын Дашдэмэдийн  “МИНИЙ ЗУРГУУД” бие даасан үзэсгэлэнг Монголын Уран Зургийн Галерейн Их Танхимд дэлгэжээ. Үзэсгэлэн 2026.1.26-2026.2.04-ны хооронд үргэлжилнэ.

Уран бүтээлч хүний багийг тайлж, нүцгэн үнэн төрхийг илчилсэн фигуратив дүрслэлээр дамжуулан хүчтэй мэдрэмж төрүүлнэ. Эдгээр мэдрэмж нь эерэг, эсрэг гэх зааггүйгээр сэтгэгдэл төрүүлнэ. Голдуу том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр илэрхийлэхэд хачирхалтай, тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө. Зөн совин, сэтгэл хөдлөлд тулгуурласан эдгээр бүтээлүүд агшин зуурын бодол мэт. Дүрсүүд нь хүн ч юм шиг, байгалийн нууц код ч юм шиг. Харьцаагүй, тэнцвэргүй, гажсан төрх нь эртний агуйн амьдрал, анхдагч оршихуйн дурсамж гэлтэй. Эдгээр бүтээлээс ертөнцийн оньсыг тайлж, өөрийн дүрээ эрж буй ухамсрын үйл явц уншигдана.

Энгийн хэр нь эмх замбараагүй бийрний бичилтүүдэд анхны мэдрэмжээ шингээж өөрийн мэдэрч буйг ажиглан ямар нэг зүйлд авталгүйгээр төрсөн түгшүүр бусад нөхцөл  байдлуудаа тусгажээ. Эдгээр зургуудын онцгой чанар нь тэдэнтэй нүүр тулахад цочирдом, өвөрмөц бөгөөд яг одоо энд буйг мэдрүүлдэгт оршино. Энэ нь бидэнд тулгардаг сэтгэлзүйн тулаанд орж буй мөчүүдийг санагдуулна. Хүн бүр бодит байдлын тодорхой хэмжээст хатуу бэхлэгдэж, жинхэнэ амьдралд мэдрэмжгүй ханддаг үеүд цөөнгүйг бүтээлүүддээ шингээжээ.

С.Дашдэмэдийн онцлог бол гаднах гоо сайхнаас ангид ба үнэ цэнэ нь агуулгад оршдог.  Ур чадвар нь сониуч зангаас урган гарсан бүтээлч хандлага нь хүчтэй, сэдэлттэй, хэв маягт баригдаагүй, будгийг түрхэхээс илүүтэйгээр хаа нэгтээ хуссан мэт динамик нь үзэгчдийн анхаарлыг зайлшгүй татдаг. Сэтгэл хөдлөл дээр суурилсан зөн совингоо агшин зуурын бодол мэт буулгажээ. Уран бүтээлүүдээрээ өөрийн жинхэнэ мөн чанарыг илчлэх, хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх эсвэл зөвшөөрөгдөөгүй дотоод зөрчлийг хөндөхийн зэрэгцээ нийгэм дэх олон төрлийн баг, дүрийн хоорондох эхлэл төгсгөлгүй өгүүлэмжээр үзэгчийн бодлыг аялуулна.

Түүний арга барил нь тайлбарлах, батлах, эсвэл нийцэхийг зорьдоггүй. Харин өнгөц дэгжин байдлаас зайлсхийсэн дүрүүдийг бүтээж, өнгө ба бичилтээр ярих мэт төвлөрүүлдэг нь дотоод дуу хоолой ба мэргэжлийн чадвар хэрхэн нэгдсэний илрэл юм.Түүний бүтээлүүд нь хүний багаа тайлсан арьсаа хуулсан нүцгэн дүр төрх ба өөрөө ч мэддэггүй нууц зан чанарыг ийнхүү дүрсэлжээ. Хэний ч мэдэхгүй бидний айдас эсвэл энэ ертөнцийг туулах амьдралынхаа явцад сарниагүй унаган зан авирыг хүүхэд мэт гэнэн ба чөлөөтэй зурдаг. Өөрийн дотоод оршихуйг хөрж, өөрчлөгдөхөөс нь өмнө бүдүүн, том, болхи бичилтээр анхны зорилго илэрхийлдэг. Хүсэл ба хясал зэрэгцэн орших дотоод бугшилыг зотон дээр буулгаснаар экспрессионизмын урсгалд хамаарна. Эртний хадны сүг зургийн дүрслэл нь тухайн үеийн уран бүтээлч өөрийн амьдралыг хүүрнэн үлдээсэн байдаг бол С.Дашдэмэд зураач өөрийн сэтгэл доторх оньсого мэт хүсэл хяслыг чөлөөтэй илэрхийлсэн нь олзуурхууштай. Элдэв янзын хэв маяг гэхээсээ илүү тухайн үеийн сэтгэл хөдлөлөө өнгө будаг ашиглан гаргасан. Ямар нэг зүйлд автахгүй өөрийнхөө амьд сэтгэгдлээ дүрслэн үзүүлжээ.

С.Дашдэмэд нь 1987 оноос уран зургаар сурч одоо Герман улсад дүрслэх урлагийн мэргэжлээрээ ажиллаж амьдардаг. Энэ хугацаандаа олон улсын үзэсгэлэн уралдаанд идэвхтэй оролцож байр шагналуудыг цөөнгүй хүртсэн уран бүтээлч юм.

Артист, куратор: Н.Цэвэлмаа

#үзэсгэлэн #МИНИЙ ЗУРГУУД