

Буддын шашинт лам нар болон тэдний нохой АНУ-ын өмнөд бүс нутгаар энх тайвны төлөө алхаж байна. Тэд өмнөд азийн бясалгалын уламжлалыг даган улбар шар өнгийн өмсгөл өмсөн машин замаар нэг эгнээнд тайвнаар алхаж байгаа аж. Тэдний энэхүү аялал 2025 оны арван сард Техас мужаас эхэлсэн бөгөөд Вашингтон хотод дуусахаар төлөвлөгдөж байна. Тэнд тэд Буддагийн мэндэлж, гэгээрсэн өдрийг нийтийн баярын өдөр болгохыг Конгрессд уриалах гэж буй.

Бхиккху Паннакара хэмээх хөл нүцгэн алхах ламаар удирдуулан явж байгаа лам нар ард иргэдийг өөрсдийн шашинд уриалан элсүүлэхээс илүүтэй, тэдэнтэй харилцаж, ойлголцохыг өөрсдийн зорилгоо болгодгоороо онцлогтой. Лам нар хэсэг хугацаанд алхан амрахаар зогсох бүрдээ ухамсарт байдал, уучлал, сэтгэлийн тайтгарлын тухай сургаал номоо айлдаж байгаа нь зөвхөн Буддын шашин гэлт үгүй өөр шашинтай хүмүүсийн ч сэтгэлийг хөдөлгөж байгаа гэнэ.

Энх тайвныг сурталчлах зорилготой энэхүү алхалт олон хүмүүсийн анхаарлыг татаж, сая сая хүн тэдний талаар цахим орчноор ярьцгааж байна.
Удаан хугацаагаар зогсолтгүй алхах нь эрүүл мэндэд муу бөгөөд бүр хүнийг хүнд аюулд оруулах ч эрсдэлтэй. Харамсалтай нь, алхалтын үеэр хоёр лам бэртэж гэмтсэн байна. Гэсэн ч зовлон зүтгүүр, өвдөлт шаналалтай тулгарсан үед бясалгал хүнийг эрүүл ухаантай байлган, амар тайван байдлаа хадгалахад тусалдаг хэмээн тэргүүлэгч лам хэлсэн юм.

Энэхүү алхалт зөвхөн лам нар оролцоогүй бөгөөд тэднийг Паннакарагийн Энэтхэгт олон жилийн өмнө аварч байсан Алока хэмээх нохой дагаж яваа нь итгэл найдвар ба тэсвэр хатуужлын бэлэг тэмдэг болжээ. Орон нутгийн хүмүүс, алхаж буй лам нартай уулзсаны дараа тэд тайвшрал, амар амгалан зэргийг мэдэрсэн гэдгээ нүүр дүүрэн мишээлтэйгээр илэрхийлж байсан юм.

Лам нарын ийнхүү алхаж байгаа байдал нь олон хуваагдсан, зөрчил маргаантай нийгэмд хүмүүсийг өөрсдийн үйлдлээ бодох, дотоод амар амгалангаа олоход уриалж, энх тайвныг үгээр биш үйлдлээр харуулахыг зорьсон хэрэг боллоо.
Эх сурвалж: ABC news
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!