Ганцаараа амьдардаг хятад залуус "Та амьд байна уу?" нэртэй аппликэйшнийг ихээр татах болжээ


А.Номин | YOLO.MN
УРЖИГДАР

Зах зээлд гараад удаагүй байгаа нэгэн аппликэйшн ганцаараа амьдардаг хятад залуусын дунд тренд болж байна. 

Тодруулбал “Are You Dead?” (Та амьд байна уу?) нэртэй уг аппликэйшн өнгөрсөн оны тавдугаар сард зах зээлд гарсан ч анзаарагдалгүй байсаар сүүлийн долоо хоногуудад олон хүн уг аппликэйшнийг татах болжээ.

Аппликэйшний санаа нь энгийн. Та хоёр хоног тутамд аппликэйшн рүүгээ орж товч даран өөрийгөө "амьд" гэдгийг баталгаажуулах ёстой. 

Хэрэв уг товч дарагдалгүй хоёр хоносон бол яаралтай үед холбоо барих хүн рүү тань мэдэгдэл очно. Тус аппликэйш нь Хятадад хамгийн олон хүн татсан төлбөртэй аппликэйшн болж чаджээ. 

Судалгааны байгууллагуудын тооцооллоор 2030 он гэхэд БНХАУ-д ганцаараа амьдардаг хүний тоо 200 сая хүрч магадгүй. 

"Ганцаараа ажилладаг оффисын ажилтан, гэрээсээ хол байгаа оюутан, ганцаараа амьдрахыг сонгосон хэн бүхэнд зориулсан аюулгүй байдлын хамтрагч" хэмээн өөрсдийгөө тодорхойлох уг аппликэйшн чухам ийм хүмүүсийг илүүтэй онилж байна. 

Уг аппликэйшнийг хэрэглэдэг хүмүүс ч цахим сүлжээнд "Дотогшоо, сэтгэл гутралтай, эмзэг хүмүүст маш хэрэгтэй", "Ганцаараа амьдардаг хүмүүс хэнд ч анзаарагдалгүй нас барах вий гэх айдастай байдаг" зэргээр бичиж эхэлжээ. 

Гэхдээ уг аппликэйшний нэр нь хүмүүсийн дунд шүүмжлэл дагуулж байгаа аж. Энэ нэр хүмүүсийн анхаарлыг татах нь гарцаагүй ч олон хүн нэрээ өөрчлөхийг аппликэйшн бүтээгчдэд уриалж байгаа аж. 

Олон улсад "Demumu" нэрээр бүртгэлтэй уг аппликэйшн АНУ, Сингапур, Хонконгт хамгийн их татагдсан төлбөртэй аппликэйшний эхний хоёрт, Австрали, Испанид эхний дөрөвт жагсаж байна.

Үүнд гадаадад амьдарч буй хятад иргэд ихээр татаж буй нь нөлөөлсөн байх магадлалтай юм.

Эх сурвалж: ВВС

#аппликэйшн