

АНУ-ын Цагаачлал, гаалийн албаны /ICE/ ажилтан 37 настай эмэгтэйг буудаж хөнөөсөн хэрэг гарсан.
Энэ хэрэгт америкчууд уур бухимдал, эсэргүүцлээ илэрхийлж, Миннеаполис хотын гудамжаар жагсаж эхлэв.
Тодруулбал лхагва гарагт Миннеаполис хотод хууль бусаар оршин сууж буй иргэдийг саатуулах ажиллагааны үеэр 37 настай Рене Гүүд хэмээх эмэгтэй буудуулж амиа алдсан юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Ажилтан өөрийгөө хамгаалахын тулд эмэгтэйг буудсан бололтой" хэмээн цахим хуудастаа бичсэн.

Харин Миннеаполис хотын захирагч хэвлэлийн хурлын үеэр Трампын энэ тайлбарыг няцааж, буудалцааны бичлэгийг үзээд ажилтан өөрийгөө хамгаалахын тулд эмэгтэйн аминд хүрсэн гэж үзэхгүй байгаагаа илэрхийлсэн.
37 настай Рене Гүүд АНУ-ын иргэн бөгөөд гурван хүүхдийн ээж. Ойр дотнынх нь хүмүүс Ренег замын хөдөлгөөний зөрчлөөс өөр гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэж мэдээлжээ.
Хэргийн газарт Рене ICE-ийн ажилтнуудын үйл ажиллагааг ажиглах сайн дурын ажилтнаар очсон байсан гэж хэд хэдэн мужийн удирдагч хэлж байгаа бол Трампын засаг захиргаа түүнийг ажиглах биш үйл ажиллагаанд зориудаар саад учруулсан хэмээсэн.

Мөн Ренег машинаараа холбооны ажилтнуудыг мөргөхийг завдсан "дотоодын террорист" хэмээгээд буй.
Рене Гүүдийн төлөө шударга ёс нэхэж буй иргэдээс 15 цагийн дотор түүний гэр бүлд зориулан 500 мянган ам.долларын хандив цуглаад байна.
Эх сурвалж: АР
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!