

BTS гуравдугаар сарын 20-нд ихээхэн хүлээлт үүсгээд буй бүрэн хэмжээний студийн цомгоо гаргахаар төлөвлөж байна. Энэ нь хамтлагийн долоон гишүүн цэргийн албыг 2024, 2025 онуудад бүрэн дуусгаснаас хойшхи анхны хамтын уран бүтээл болох юм. Big Hit Music-ийн мэдээлснээр уг цомог нийт 14 дуунаас бүрдэнэ.
Тус агентлаг "Энэ үед BTS яг юу бодож, юуг мэдэрч байгааг бүрэн дүүрэн илэрхийлэхийн тулд бүрэн хэмжээний цомгоор эргэн ирэх шийдвэрийг гаргасан" хэмээн тайлбарласан байна. Харин салбарын дотоод эх сурвалжуудын үзэж байгаагаар "Үүний цаана илүү тодорхой, урт хугацааны зорилго бий. Энэ нь BTS-ийн урьд өмнө нь авч чадаагүй цорын ганц том шагнал болох Грэммийг хүртэх зорилт юм" гэж үзэж байна.
BTS өнөөдрийг хүртэл Грэммийн шагналд нийт дөрвөн удаа нэр дэвшсэн. 2021–2023 онд “Шилдэг поп хамтлаг” төрөлд гурван удаа, 2023 онд “Шилдэг клип” төрөлд нэг удаа. Гэвч одоогоор тэд шагналын эзэн болж амжаагүй байна.
Хамтлаг дэлхийн поп хөгжмийн салбарт хүрч болох бараг бүх оргилд хүрсэн бөгөөд Америкийн хөгжмийн шагнал (AMA), Billboard Music Awards-ын олон удаагийн шагналуудыг хүртээд байгаа юм.
68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол хүртэл нэг сар ч хүрэхгүй хугацаа үлдсэн ч BTS энэ жилийн нэр дэвшигчдийн жагсаалтад багтаагүй. Тиймээс анхаарал 2027 оны Грэмми рүү шилжиж, тэнд жинхэнэ боломж нээгдэнэ гэж үзэж байна.
Хөгжмийн шүүмжлэгч Им Хи Юн:
“Цэргийн албанд байх хугацаанд гишүүд өөрсдөө бичсэн дуунууд, уран бүтээл хариуцсан багийн сонгосон бүтээлүүд, мөн дэлхийн өнцөг булан бүрийн уран бүтээлчдээс ирсэн демо дуунууд гээд асар олон дуу хуримтлагдсан байх ёстой. Үүнийг бүгдийг нь бүрэн хэмжээний цомгоор танилцуулах нь BTS-д хамгийн тохирох, хамгийн "BTS маягийн"эргэн ирэлт юм.” гэжээ.
Эх сурвалж: Korea Herald
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!