Санта Клаусын олон орны хувилбарууд


С.Оюундарь | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Бид Санта Клаус гэхээр л цагаан сахал, улаан хувцастай хөгшин эрийг дотроо төсөөлдөг шүү дээ. Гэхдээ энэ бол Сантагийн зөвхөн нэг хувилбар нь юм. Ноён Клаус маань дэлхий даяар өөр өөрөөр дүрслэгддэгээс гадна ондоо нэртэйгээр хүүхэд багачуудад танигдсан байдаг байна. Ийнхүү Санта улс бүрийн онцлог, соёлд нийцүүлэн өөрчлөгдөж явсаар нийт 10 гаруй дүртэй болжээ. Тэгвэл энэхүү нийтлэлээрээ бид Сантагийн бусад хувилбаруудтай танилцах болно.

1. Санта Клаус – АНУ, Канад

Жагсаалтаа АНУ болон Канадаас гаралтай хамгийн алдартай Санта Клаусаас эхлүүлье. Уг Санта нь 4-р зууны үед амьдарч байсан домогт Христийн хамба лам, гэгээн Николасаас санаа аван бүтээгджээ.

12-р сарын 24-ны шөнө хүүхдүүд зуухныхаа дэргэд Сантад зориулан сүү болон жигнэмэг орхидог. Тэр шөнө нь Санта чарга болон цаа бугануудаа хөллөсөөр айл бүрийн яндангаар дамжин гэрт нь орж зуухны дээр өлгөсөн оймснуудад бэлгээ үлдээдэг байна.

Санта 19-р зуунд Томас Найст гэх мэт уран бүтээлчдийн нөлөөгөөр алдартай болжээ. Томас нь 1850 оны үед АНУ-д шилжиж ирсэн цагаач байсан бөгөөд “Harper’s weekly” сонинд төрөл бүрийн зургийг зурж өгдөг байж. Тэрбээр Сантаг зурахдаа Английн цасархаг байгалийн онцлогтой холбогдуулан бүтээсэн бөгөөд цагаан сахалтай, махлаг эрийн дүрийг өөрийнхөө царайнаас санаа аван дүрсэлжээ.

Цаг хугацааны эрхээр уран зохиол, зар сурталчилгаа гээд хаа сайгүй түүний бүтээсэн Санта Клаусын зураг тархах болсон нь Сантаг АНУ болон Канадын зул сарын баярын бэлэг тэмдэг болоход нөлөөлсөн байна.

2. Синтерклаас – Нидерланд, Белги

Нидерланд болон Белгит хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг хүн бүрийн хайртай өвгөнийг Синтерклаас гэдэг. Синтерклаас нь Санта Клаусаас хэд хэдэн зүйлээрээ ялгаатай. Тэрбээр Испанид амьдардаг бөгөөд 11-р сарын дундуур хүүхдүүд дээр уурын хөлөг онгоц унасаар хүрч ирдэг байна.

Синтерклаасийн гадаад үзэмжийн хувьд тэр цагаан сахалтай, өндөр, туранхай биетэй бөгөөд ихэнхдээ хамба ламын өмсдөг шиг нөмрөгийг нөмөрсөн байдаг. Сантад туслагч бяцхан элфүүд байдаг бол Синтерклаасын туслагчдийг “Хар Petes” хэмээн нэрлэдэг гэнэ шүү. Гэхдээ Синтерклаас ч гэсэн гэгээн Николасаас санаа аван бүтээгджээ.

3. Дед Мороз – Орос

Орост Дед Мороз буюу “Хүйтний өвөө” нь шинэ жилийн баярын хамгийн чухал бэлэг тэмдэг юм. Тэрбээр үргэлж хажуудаа өөрийн зээ охиныг дагуулж явдаг. Дед Мороз нь урт цагаан сахалтай, өндөр, сэтгэл татам төрхтэй ба цагаан үслэг эдлэлтэй цэнхэр нөмрөгийг өмссөн байдаг. Баярын өдрүүдээр хүйтний өвөө нь хүүхдүүдэд бэлэг тарааж өгөх ба түүнийг та гацуур модны дэргэд харах нь их тохиолдоно. Оросын хүйтний өвөө Санта Клаус шиг зул сарын баяртай холбоогүй ч шинэ жил болон Оросын өвөлтэй салшгүй холбоотой чухал бэлэг тэмдэг билээ.

4. Жоулупукки – Финланд

Финландад Санта Клаусыг махчилж орчуулбал “Зул сарын баярын ямаа” буюу Жоулупукки гэж нэрлэдэг. Санта Клаусын энэхүү хувилбар нь аянгын бурхан Тортой холбогддог ба зул сарын баярын ямаа гэсэн нь Торын унадаг хоёр дугуйт ямаан тэрэгнээс улбаатай.

Уламжлалаар бол дээр үед Нуттипукки гэх ямаа шиг хувцасласан эрс зул сарын баярын дараа үлдсэн хоол эсвэл бэлэг асууж айлаас айлын хаалгыг тогшин явдаг байж. 19-р зууны үед Нуттипукки нь барууны Санта Клаусийн шинжтэй болон цагаан сахалтай, улаан хувцас өмсдөг, сайхан сэтгэлт бэлэг тараагч Жоулупукки болж хувирчээ.

Жоулупукки нь Санта шиг Хойт туйлд амьдардаггүй бөгөөд Финландын Ладланд хэмээх газарт аж төрдөг. Финландын иргэд баярын өдрүүдээр Жоулупуккитай уулзахаар Лапланд руу ихээхэн очицгоодог байна.

5. Пэр Ноэль – Франц

Франц улсад Пэр Ноэль мөн “Зул сарын эцэг” нэрээр танигдсан энэхүү Сантагийн хувилбар, баярын өдрүүдэд хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг байна. Пэр Ноэль нь урт цагаан сахалтай бөгөөд яг л Санта шиг улаан өнгийн хослолыг улаан малгаатай ижилсүүлэн өмсдөг. Нэрнээс нь өөр ялгаатай зүйл байгаа юм уу гэж бодогдож байж болох ч түүний туслагч нь элэгсэг дотно элф биш харин муу хүүхдүүдийг ташуураараа шийтгэгч Пэр Фуэттард юм. Ингэж бодвол Пэр Фуэттардаар шийтгүүлэ байснаас Санта Клаусаас нүүрс авсан нь хавьгүй дээр сонсогдож байгаа биз!

6. Микулаш ба Крампус – Австри, Словени, Унгар

Австри, Словени болон Унгарын Санта Клаусыг Микулаш гэдэг. Тэр цагаан сахал, цагаан юм уу улаан нөмрөгийг сүмийн номлогчдын өмсдөг сүрлэг улаан малгайтай хослуулан хувцасласан байдаг. Микулаш нь бусад орны Сантаг бодвол арай өвөрмөц. Учир нь түүнд түүний хийдэг ажлыг яг эсрэгээр нь үйлддэг нэгэн дайсан бий. Микулаш сайн хүүхдүүдийн гуталд чихэр үлдээдэг бол түүний дайсан болох Крампус муу хүүхдүүдэд өргөстэй мөчир үлдээдэг гэнэ.

Сүүлийн 20 жилийн хугацаанд Крампус маш алдартай болж байгаа. Олон хүмүүсийн хувьд Крампусын аймшигт төрх, уламжлалт Санта Клаусын хэт эерэг дүр төрхийг бодит амьдралд илүү дөхөм болгоход тусалж байгаа гэж үздэг байна. 12 сарын 05-ны шөнө Крампус шиг хувцасласан иргэд “Крампуслауф”, заримдаа “Крампус байна, зугтаарай” гэх нэртэй жийрхэм баярын жагсаалыг хийх нь элбэг болжээ.

7. Дун Чэ Лао Рэн – Хятад 

Санта Клаусын уламжлалт төрх Хятадад соёл болон онцлогтой нь холилдож цоо шинэ Сантаг бий болгожээ. Дун Чэ Лао Рэн буюу “Зул сарын өвгөн” нь бэлэг тараадаг ажлаа сүлд мод чимэглэхэд туслалцдаг “Лан Хоон” гэх нэртэй хүүхэлтэйтэй хамт хийдэг. Бусад зүйлсээрээ бол Дун Чэ Лао Рэн нь яг л Сантатай адил үргэлж инээмсэглэл тодруулж явдаг эелдэг нэгэн юм.

8. Вайнахтсман – Герман 

Вайнахтсман, орчуулбал “Зул сарын эр” нь Герман улсад баярын бэлэг тэмдэг болоод урт хугацааг өнгөрүүлжээ. Хэдийгээр тэр христийн шашны бэлгэдлийг агуулдаг сахиусан тэнгэр мэт бэлэг бэлэглэгч ч түүний дүр Америкийн Санта Клаустай илүү төстэй. Гадна төрхийн хувьд ч бас Сантатай адил улаан хослол, урт цагаан сахалтай, өөрөөсөө гэрэл цацруулсан хүн байдаг.

9. Каналока – Хавай

Хавайд Санта Клаусыг Каналока хэмээн нэрлэдэг. Хамгийн өхөөрдөм зүйл нь Хавайд бусад орнууд шиг хүйтэн байдаггүй тул Канакола нь уламжлалт улаан хослол бус харин яг л энгийн иргэд шиг подволк, шорт болон углааш өмссөн байдаг. Түүний унаа ч мөн чарга биш харин жижиг модон завийг хөлөглөх нь олонтоо. Ерөнхийдөө бол түүний халуун орны Санта Клаус гээд л ойлгочих.

10. Свиэты Миколай – Польш

Польшид Свиэты Миколай 12-р сарын 06-нд хүүхдүүдэд бэлэг тарааж өгдөг. Польшийн Санта Клаус маань зөвхөн эцэг эхийнхээ үгэнд сайн ордог, хүмүүжилтэй хүүхдүүдийг л бэлэг юм уу амттанаар шагнадаг байна. Хэдийгээр Свиэты Миколайд Сантатай адил төсөөтэй шинж маш олон байгаа ч тэрбээр илүүтэй шашны бэлгэдэл гэдгээрээ танигдсан.

Эх сурвалж: Collin Street Bakery

#Санта Клаус