YOLO’s Weekend: Энэ долоо хоногт заавал турших 5 дэлгүүр


Б.Саранчимэг | YOLO.MN
ӨНӨӨДӨР

Долоо хоног бүрийн зорих газруудыг цувралаар хүргэдэг “YOLO’s Weekend” булангийн маань шинэхэн дугаарт тавтай морил. Өнгөрсөн долоо хоногт бид содон, сонирхолтой таван рестораныг танилцуулсан бол энэ удаад заавал зорих таван дэлгүүрийг онцоллоо. Шинэ жилийн баяр дөхөж буй эдгээр өдрүүдэд хэн нэгэнд бэлэг бэлдэхээр зэхэж байгаа хэдий ч юу бэлэглэхээ хараахан шийдээгүй байгаа хэн бүхэнд багахан ч болов тус хүргэх биз ээ. 

Ингээд энэ долоо хоногт зорих таван дэлгүүрийг танилцуулъя. 

ARTLAG

Сошиал хаяг: artlag.official

Цагийн хуваарь: Өдөр бүр 11:00 - 19:00

Хаяг: УИД баруун талын 10-р байр /Алтай центрийн араар, байрныхаа баруун талаас тойрч орно/

Гар урлалын чамин эдлэлүүд сонирхдог залуус анхаарлаа нааш хандуулаарай. Тус дэлгүүрт хувцасладаг чихмэл, гараар урласан гэр бүтээлүүд, шавраар хийсэн номын хавчуурга, эко лаа, аяганы суурь, шинэ жилийн аяга, чихмэл, нэхмэл гацуур, шавар эсгий гар урлал, шилэн тоглоом, цөмөөхэй гээд сонголтууд дуусахгүй. Хамгийн чухал нь эдгээрийг бүгдийг нь гар аргаар урласан тул хайртай дотны хэн нэгэндээ бэлэглэхэд үнэ цэнтэй бэлэг байх болно. Түүнээс гадна өхөөрдөм гэрийн тэжээмэл амьтдад зориулсан нэхмэл өмсгөлүүд ч байх аж.

Энэхүү дэлгүүрийг дан ганц гар урлалын эд хэрэгсэл худалдаалдаг хэмээн ойлгох нь өрөөсгөл юм. Учир нь тэд саяхнаас баяраар ширээгээ чимэх амтат жигнэмэгүүдийг худалдаалж эхэлжээ. Найзуудтайгаа ирж зөвхөн хос түлхүүрийн оосроо хийлгээд аваарай. 

COCONUT GIRL 

Сошиал хаяг: coconutgirl__official

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 - 20:00

Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Tara Center-ийн 2-р давхар, 212b

Тус дэлгүүрт лабубу чихмэл тоглоомоос эхлээд үсний хавчаар, бугуйн цаг, ээмэг, хүзүүний зүүлт зэрэг төрөл бүрийн хэрэгсэл худалдаалдаг бөгөөд жил бүр шинэ жилийн баяраар бэлгийн багц худалдаанд гаргадаг уламжлалтай. Энэ удаад тэд доторх бэлэг нь нууцлаг “Mystery Burr Bug” бэлгийн багцыг танилцуулжээ. Уг багц нь “trendy, aesthetic, cozy” хэв маягийн 4-20 төрлийн өхөөрдөм бэлгүүдээс бүрдэх бөгөөд хоёр 75,000 болон 147,000₮ үнийн сонголттой худалдаалагдах юм. Мөн эдгээр багцыг  онлайнаар худалдан авч буй тохиолдолд 30 хувийн хямдралтай захиалах боломжтой юм байна шүү. 

RORA MONGOLIA 

Сошиал хаяг: roramongolia

/Жич: Шинээр нээгдсэн тул албан ёсны хаяг байхгүй. Тиймээс худалдан авалт хийх бол цахим хаягаар нь захиалга өгөөрэй./

Хайртай ээж, эмээ, найз охин, эхнэр гээд дотны бүсгүйчүүддээ чамин, тансаг бэлэг барихаар төлөвлөж буй бол уг дэлгүүрээр заавал зочлоорой. Тэр дундаа үнэртэнд дуртай хэн нэгэнд бэлэглэхэд төгс сонголт байх болно. Тус дэлгүүр нь шинэ жилийн баярыг угтан тасалгааны шингэн үнэртэн, үнэрт лаа, байгалийн чулуутай дөрвөн төрлийн үнэртэнг багтаасан гурван төрлийн бэлгийн багцыг худалдаанд гаргаад буй. Эдгээр бэлгийн багц нь 52,000 - 82,000 төгрөгийн үнийн сонголттой худалдаалагдаж байна. 

CONCORD GOODS 

Сошиал хаяг: concordgoods

Хаяг: Шангриллагийн зүүн талд, Шинэ үе сургуулийн зүүн хойно Regency Residence 1-р давхарт, Broccoli Store & Bar

Энэ бол анимэ үзэх дуртай хэн бүхэн заавал зочлох дэлгүүр юм. Дэлгүүрт анимэ болон комиксын алдартай дүрүүдтэй түлхүүрийн оосор, өхөөрдөм чихмэл тоглоом, посткарт, гэрэл, лааны суурь, төрөл бүрийн малгай, цуглуулгын жижиг зүйлс худалдаалагддаг. Мөн бетмэний лего хэлбэртэй түлхүүрийн оосор шиг өвөрмөц, цуглуулгад тохирсон бараа ч эндээс олж болно. Таны ойр дотны хэн нэгэн, дүү нар чинь  анимэ сонирхогч бол яагаад эндээс бэлэг сонгож болохгүй гэж?

GANGAN BOX

Сошиал хаяг: ganganbox

Цагийн хуваарь: Өдөр бүр 10:00 - 20:00

Хаяг: Төмөр зам, Вокзалын чанх хойд талд байрлах 16 давхар улаан хүрэн байрын нэг давхарт, “Амтлаг зоог” гэсэн хаалгаар ороод чигээрээ өөдөөс харсан шилэн хаалга

Уг дэлгүүр нь эрчүүдэд зориулсан бэлгийн сонголт ихтэй. Хайртай аав, нөхөр, найз залуу, дүү, найзууддаа ямар бэлэг сонгох, хаанаас авахаа мэдэхгүй байгаа бол уг дэлгүүрийг сонирхоорой. Дэлгүүрт кофе чанах хэрэгсэл, Benz, BMW, Audi машины түлхүүрийн оосрон хэлбэртэй асаагуур, вино, виски хайрцаг болон онгойлгогч,  этгээд дуугаралттай калимба хөгжим, шатар, покертой сет зэрэг төрөл бүрийн бэлгийн багцуудтай. 

#YOLO’s Weekend #дэлгүүр